Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

М.Бүдханд: Шинэ эрүүгийн хуулиар хүчингийн хэргийн зарим заалт хөнгөрсөн

Г.Нацаг-Эрдэнэ, Үндэсний шуудан
2018 оны 3 сарын 15
Үндэсний шуудан
Зураг зураг

 Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч М.Бүдхандтай ярилцлаа.

-Та цагдаагийн байгууллагад олон жил мөрдөгчөөр ажилласан. Дараа нь хүчиндэх гэмт хэрэг болон хүний наймааны золиос болсон иргэдийг цөөнгүй олон жил өмгөөлж байна. Тиймээс 2017 оны долоодугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл заалтын талаар тантай ярилцах гэсэн юм.

-Хувь тавилан эсэхийг мэдэхгүй. Ямартай ч цагдаагийн байгууллагад мөрдөгчөөр ажиллах болсон үеэс л энэ төрлийн гэмт хэргийг голчлон мөрддөг байлаа. Дараа нь өмгөөлөгчөөр ажиллах болсноос хойш хүчиндэх, хүн худалдаалах гэмт хэргийн золиос болсон хохирогчид надад хандах болсон. Үүнд өмнөх ажлын туршлага нөлөөлсөн болов уу.

-2017 оны долоодугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуульд 14-16 насны хүүхэдтэй бэл-гийн харьцаанд орвол торгох арга хэмжээ авах эсвэл зургаан сараас нэг жил хүртэлх хугацаагаар хорих ял эдлүүлэх, эсвэл зорчих эрхийг хязгаарлана гэж хуульчилсан. Гэтэл энэ насны хүүхдийг аливаа шийдвэрийг гаргахдаа хагас чадамжтай гэж үздэг атал ингэж хуульчилсан нь буруу гэж иргэд шүүмжилж байна. Өмгөөлөгч хүний хувьд та үүнийг юу гэж харж байна вэ?

-Бага насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох нь хүн ёсны хувьд буруу зүйл. Гэхдээ иргэд үүнийг хүчиндэх гэмт хэргээс ялгаж ойлгох хэрэгтэй. Өсвөр насныхан нэг нэгэндээ дурлаж, хайрлаж үерхдэг биз дээ. Бие биедээ татагдсан хүүхдүүд бэлгийн харьцаанд орох тохиолдол цөөнгүй. Үүнийг л энэ хуулиар зохицуулах гэж оролдсон хэрэг. Өөрөөр хэлбэл, 14-16 насны хүүхэд өөрөө зөвшөөрөн бэлгийн харьцаанд орсон байлаа ч “Та насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон байна” гэж Эрүүгийн хуулийн 12.5-аар зүйлчилж ял оноох юм. Харин энэ насны хүүхдийг хүчиндсэн бол мэдээж хүндрүүлэх нөхцөлөөр 12.1.2-оор шийтгэх ёстой. Үүнийг ир-гэд салгаж ойлгох хэрэгтэй.

-Өмнөх хуулиар ямар ял оноодог байсан юм бэ?

-2017 оны долоодугаар сарын 1-нээс өмнө хэрэгжиж байсан хуульд насны доод хязгаарыг тогтоож өгөөгүй байсан юм. Ингэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйл ангиар 16 нас хүртэлх буюу насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-150 дахин хэмжээгээр торгох эсвэл 250-300 хүртэлх цагийн албадан ажил хийлгэх, эсвэл гурван жил хүртэлх хугацаагаар хорих ял эдлүүлдэг хуультай байсан.

-Тэгэхээр Эрүүгийн хууль өмнөх хуулиасаа зөөлөрч шинэчлэгдсэн байх нь. Үүнээс гадна насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн тохиолдолд гэмт хэрэгтэнд оноох ялын хугацаа багассан гэсэн. Энэ талаар та тайлбарлахгүй юу?

-Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн хоёрдугаар бүлэгт хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг тусгайлан зааж өгсөн. Энэ бүлгийн 12.1-т хүсэл зорилгынх нь эсрэг хүч хэрэглэж, заналхийлэх, сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол 1-5 хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Өөрөөр хэлбэл, 18 наснаас дээш настай хүнийг хүчиндсэн бол энэ зүйл ангиар 1 -5 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэсэн үг. Харин 14-18 насны иргэнийг хүчиндсэн бол Эрүүгийн хуулийн 12.1.2.1-ээр зүйлчилж яллана. Яагаад 14-18 нас гэж зааж өгсөн бэ гэхээр энэ насныхан аливаа шийдвэр гаргахдаа насанд хүрсэн хүний адил зөв шийдвэр гаргах чадвар тун бага байдаг. Энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, гэр бүлийн хамаарал бүхий этгээд байвал, хохирогч гэмт хэргийн улмаас жирэмсэн болсон, бэлгийн замын халдварт өвчин халдаасан, өмнө нь хүчингийн хэргээр ял эдэлж байсан, харгис хэрцгий аргаар үйлдсэн бол 2-8 жилийн хорих ялаар шийтгүүлнэ.

Мөн 12.1.3-т энэ гэмт хэргийн улмаас ураг зулбасан, эсхүл 16 насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон, гэр бүлийн хамаарал бүхий 16 насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан. Ингэхээр бүр хүндэрч байгаа биз. Харин бага насны буюу 14-өөс доош насны хүүхдийг хүчиндсэн бол 12.1.4-өөр 12-20 жилийн ял оноох юм.

-Бага насны хүүхэд гэдэгт 14 настай хүүхэд хамаарахгүй гэсэн үг үү?

-Бага нас гэсэн ангилалд 14 нас хүрээгүй буюу 0-13 настай хүүхдийг хамааруулна.

-Одоогийн хуулиар 14-16 настай хүүхдийг хүчиндсэн этгээдэд 2-8 хүртэлх жилийн ял оноож байгаа юм байна. Тэгвэл 2002 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгтэнд ямар ял оноодог байсан юм бэ?

-Хуучин 126 дугаар зүйл ангиар зүйлчилдэг байсан. Үүнд, хохирогчид хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, бусдыг биеэ хамгаалах чадваргүйг далимдуулан хурьцал үйлдсэн бол тав хүртэлх жилээр хорих ял шийтгэнэ гэж заасан байсан. Санкцын хувьд ялгаагүй байгаа биз.

Харин энэ хэргийг хийхдээ хохирогчийг тохуурхан даажигнаж, зовоож тарчлаан хүндэвтэр буюу хүнд гэмтэл учруулсан, өмнө нь ял шийтгэл эдэлж байсан бол, насанд хүрээгүй хүнийг, албан тушаал, эрхшээлдээ байгаа хүнийг, бүлэглэж хүчиндсэн бол 5-10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байсан. Хүндрүүлэх нөхцөл нь онц хэрцгийгээр, зохион байгуулалттай бүлэг үйлдсэн, хохирогч амь насаа алдсан, бусад хор уршиг учруулсан, 14 нас хүрээгүй хүүхдийг хүчиндсэн бол 15-25 жилээр хорих эсвэл цаазаар авах ял оноож байсан юм.

-Өмнө нь насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн бол 5-10 жилийн ял оноодог байсан бол одоо мөрдөгдөж байгаа хуульд 2-8 жил болж буурч ял нь хөнгөрсөн байх нь ээ?

-Насанд хүрээгүй хүүхдийн эсрэг үйлдэгдсэн хүчингийн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ өмнөх хуулиас хөнгөрсөн нь үнэн. Тухайн хэргийг хөнгөрүүлэх эсвэл хүндрүүлэх үү гэдгийг яаж тусгасныг жишээгээр тайлбарлах гээд үзье. Хоёр залуу үл ойлголцлын улмаас маргалдаж, нэгнийгээ цохисноос болж хохирогч хүнд гэмтэл авчхаж.

Бусдын биед хүнд гэмтэл учруулбал хуулиар 2-8 хүртэлх жилээр хорих ял эдлэх ёстой. Гэтэл “Бид бага зэрэг маргалдсан. Нэг удаагийн цохилтоор гэмтэл үүсгэлээ. Буруугаа хүлээн зөвшөөрч, эмчилгээний зардал төлнө” гэхээр хохирогч нь үүнийг хүлээн зөвшөөрөхөөр хөнгөрүүлэх нөхцөл үүсдэг.

-Гэхдээ хоёулаа хүчиндэх гэмт хэрэг ярьж байгаа шүү дээ.

-Миний хэлэх гээд байгаа санаа нь өнөөдөр мөрдөгдөж байгаа хуулиар тухайн гэмт хэргийг хүнд, хөнгөн гэж хоёр ангилдаг болсон. Харин өмнөх Эрүүгийн хуульд гэмт хэргийг хүнд, хүндэвтэр, хөнгөн гэж гурав ангилдаг байсан юм. Оноож байгаа ялаараа ингэж хуваадаг байсан гэсэн үг.

Хүчиндэх гэмт хэргийн хүнд зүйл ангид 2-8 хүртэлх жилийн хорих ял онооно. Харин хөнгөн хэрэг дээр нь тав хүртэлх жилийн хорих ял онооно гэсэн байгаа шүү дээ. Хүндрүүлье гэвэл өнөөх хүнд гэмт хэргээ бүгдийг нь хүндрүүлэх болно биз дээ. Ингэхээр буцаад л шоронжсон гэсэн статус руугаа буцна.

-Насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн гэмт этгээдэд 2-8 хүртэлх жилийн хорих ял оноох нь зөв гэж үү?

-Та ч, би ч адилхан үр хүүхэдтэй хүн. Насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн гэмт этгээдэд ийм хэмжээний ял оноох нь нэг талаасаа буруу. Хэдийгээр шинэчлэн найруулсан шинэ хуульд хүндрүүлэх нөхцөл байдал руу оруулж байгаа ч 2-8 жил бол яах аргагүй бага хугацаа. Би үүнийг хүлээн зөвшөөрнө.

-Ингэхээр гэмт этгээд ял завших боломжтой байх нь?

-Яг тэгж хэлж болохгүй болов уу. Үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ял оногдуулна гэж ойлгох хэрэгтэй.

-Гэхдээ насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн гэмт этгээдэд “Чиний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял оноолоо” гээд хоёрхон жилийн ял оноох нь хэтэрхий энэрэнгүй шийтгэл биш гэж үү. Дээр нь тухайн гэмт этгээд үйлдсэн гэмт хэргээ өөрөө хүлээн зөвшөөрвөл ял хөнгөрөх нөхцөл хуульд зааж өгсөн. Ингэхээр бараг бараг ял эдлэхгүй байх боломжтой юм билээ?

-14-16 насны хүүхдийг хүчиндсэн гэм буруу нь тогтоогдсон этгээд гэм буруугаа хүлээж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хохирлыг төлбөл Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг 1-4 хүртэл жилээр бууруулах боломжтой. Энэ бол өнөөдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуульд заасан зүйл заалт. Насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн этгээд ийм хэмжээний ял авахаар хэний ч дургүй хүрэх нь аргагүй.

Гэтэл хуульд ингэж заасан нөхцөлд тухайн хуулийг хэрэгжүүлж байгаа хуулийн ажилтан хуулиа дагаж мөрдөхөөс аргагүй. Тэгэхээр хүндрүүллээ гэхэд хэдэн жилийн хорих ял оноох байсан юм бэ гэдэг зүйл яригдана биз дээ. Хуулийн төслийг боловсруулж баталсан хүмүүс “14-16 насны хүүхдийг хүчиндвэл хүндрүүлэх нөхцөл үүснэ” гэж оруулсан уу, оруулсан. Хэргийг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөлийг хоёуланг нь тусгаж өгсөн. Гэхдээ 2-8 жил хөнгөдөж байна. Дээр нь тухайн гэмт этгээд хэргээ хүлээчихвэл энэ ял хоёр дахин буурах боломжтой гэхээр олон нийтийн дургүйцлийг төрүүлэх нь аргагүй юм л даа.

-Насанд хүрээгүй хүн хүчиндчихээд 1-4-хөн жилийн ял авах боломжтой гэхээр харамсаад ч барахгүй нь?

-Тэгэлгүй яах вэ. Нэгэнт эрх бүхий байгууллага нь хууль баталсан байхад бид хуулиа баримтлахаас өөр ямар ч аргагүй. Би түрүүн хэлсэн. Хуульд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөлийг хоёуланг нь тусгаж өгсөн. Хөнгөрүүлэх нөхцөл гэхээр Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн бол хөнгөрүүлэх нөхцөл болдог.

Өөрөөр хэлбэл, хохирогч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрт нь талтай байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлж, улмаар хэрэг үүсэх шалтгаан болсон бол магадгүй хөнгөрүүлэх нөхцөл үүсдэг. Үүнээс гадна гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн бол гээд хөнгөрүүлэх хэд хэдэн нөхцөлийг хуульчилж өгсөн. Ингээд бодохоор Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлээр ялыг хоёр дахин бууруулах, дээр нь 6.5 дугаар зүйл ангиар дахин хөнгөрүүлэх боломжтой. Ингэхээр таны хэлснээр багахан хэмжээний ял эдлэх боломжтой нь үнэн.

-Шинэ Эрүүгийн хууль өмнөх хуулиасаа олон талаар дэвшил авчирсан гэж хуульчид хэлдэг. Гэхдээ хүчиндэх гэмт хэргийн хувьд өмнөх хуулийн зүйл заалтыг хуучнаар нь байлгаж болоогүй юм байх даа?

-Аливаа зүйлийг сайжруулах гэж байгаа бол нийгмийн өөрчлөлтийг дагахаас өөр аргагүй. 2002 оны Эрүүгийн хуулийг шоронжсон хууль гэж үздэг. Хорих ял их байна гэсэн шүүмжлэл их ирдэг байсан болохоор л өөрчлөлт хийсэн байх. Хэдийгээр шинэчилж найруулсан боловч өмнөх хуулиар эрүүл мэндийн эсрэг хөнгөн гэмт хэргийн хувьд хохирлоо төлсөн тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгож болдог байсан. Тэгвэл шинэ хуулиар хохирлоо төлсөн ч хэргийг заавал шүүхэд шилжүүлдэг болсон.

Ялгаа нь энэ. Аливаа зүйл хоёр талтай байдаг шиг хуулийг хэрэглэж байж л алдаа, оноог нь дэнсэлнэ шүү дээ. 2002 оны Эрүүгийн хуулийг хэтэрхий яллах бодлого баримталж байсан гэж шүүмжилсээр байгаад л шинэчлэн найруулсан. Гэтэл тухайн үед батлаад хэрэглэх явцад 2002 оноос өмнөх хуулиас дэвшилттэй зүйл олон байсан байж таарна.

-Яллагдагчид ашигтай хууль гэж үзээд байгаа шүү дээ?

-Энэ үнэн. Гэхдээ зарим зүйл заалтын хувьд шүү дээ. 

-Таны ажлын туршлагаас харахад хууль “зөөлөн” байх нь гэмт хэргийн гаралт буурахад нөлөөлдөг юм болов уу?

-Хүн төрөлхтний туршлагаас харахад цаазын ялтай байсан ч гэмт хэргийн гаралт буурсан тохиолдол байхгүй. Манай улс цаазын ялтай байсан. Тэгэхэд гэмт хэргийн гаралт буурсан уу, үгүй шүү дээ. Би хувь хүнийхээ үүднээс цаазын ялын эсрэг байр суурьтай байдаг. Гэмт хэрэгтэнд оногдуулах ял бага байлаа гээд мөн л гэмт хэргийн гаралт буурдаггүй. Хамгийн гол нь ял тухайн гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, аргад тохирсон байх ёстой.

-Тантай уулзсан нэг эмэгтэй хүчингийн гэмт хэргийн золиос болсон байтал мөрдөгч шинжээч томилоогүй гэж байхыг сонслоо. Энэ төрлийн гэмт хэргийг шалгаж буй мөрдөгчийн хайхрамжгүй эсвэл ажлын дадал туршлагагүй байх нь хэрэг илрүүлэлт сөргөөр нөлөөлсөн тохиолдол хэр олон гардаг вэ?

-Мөрдөгчийн хайхрамжгүй гэхээс илүүтэй ажлын ур чадвар ямар байна вэ гэдэг чухал. Мөрдөгч болоод удаагүй дэслэгч энэ төрлийн гэмт хэрэг дээр ямар ажиллагааг зайлшгүй хийх ёстой вэ гэдгийг бүрэн хэмжээнд мэдэхгүй байх тохиолдол бий. Ингэхээр хэрэг илрүүлэлт сөргөөр нөлөөлөх нь ойлгомжтой. Хоёрдугаарт, тухайн дүүргийн цагдаагийн байгууллагын алба хаагчдын ажлын ачаалал маш их байдаг.

Ачаалал их байхаар зохион байгуулалт тааруу, ур чадвар дутмаг мөрдөгчид хэрэг нэг бүр дээр хийх ёстой ажиллагааг хийж чадахгүйд хүрдэг. Бидний үед хүчингийн гэмт хэрэг гарлаа гэхэд хэрэг шалгах төлөвлөгөөний дагуу заавал хийх ёстой ажиллагааг хийдэг байсан. Ингэхээр хэрэг бүртгэж, мөрдөн шалгах ажиллагаанд асуудал гардаггүй байсан. Өнөөдөр яг энэ системээр явж байгаа эсэхийг мэдэхгүй байна. Таны сонссон хэргийн хувьд мөрдөгч шинжээч томилоогүй байсан. Тиймээс “Мөрдөгчдөө хүсэлт гарга” гэдэг зөвлөгөө өгсөн.

Зураг