Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Дорлигжав: Надад ямар хамаа байх билээ гээд нуруугаа үүрээд явж чадахгүй

Б.Тогтох, Монголын мэдээ
2017 оны 4 сарын 10
Монголын мэдээ
Зураг зураг

Хуульзүйн сайд асан Д.Дорлигжав Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ өнгөрөгч Баасан гарагт мэдэгдэв. Ингэснээр АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө албан ёсоор мэдэгдсэн гуравдахь улстөрч болж байна.

Намын дотоод сонгуульд өрсөлдөж нэр дэвших эрхээ авахаа мэдэгдсэн хоёр улстөрч бол Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Хотын захирагч асан Э.Бат-Үүл нар. Тэгвэл сайд асан Д.Дорлигжав энэхүү жагсаалтад нэмэгдлээ. Түүнийг цахим ертөнцөөр нэр дэвших нь гэсэн мэдээлэл гарч эхлээд байсан.

Энэ мэдээлэл үнэн эсэхийг тодруулсан сэтгүүлчдийн асуултад “Албан ёсоор мэдэгдэх нь зөв байх. Би Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно. Үнэн. Хувьдаа нэлээд эргэцүүлж бодоод ийм шийдвэр гаргалаа. Шийдвэр гаргахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн. Нэгдүгээрт, улс орны өнөөгийн нөхцөл байдал, төр барьж байгаа эрх баригчдын явуулж буй бодлого, эдийн засгийн эсрэг авч буй арга хэмжээ, түүнээс гарах үр дүн хангалтгүй санагдсан. Шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш чамгүй удаан хугацаанд харлаа, эргэцүүлж бодлоо.

Нөгөө талаар, Ерөнхийлөгчид нэр дэвших сонирхолтой байгаа хүмүүсийн санаа бодол, юу хийх гэж байгаа юм, гарах гарцаа яаж үнэлж байгааг ажиглаж, уулзаж явлаа. Энэ бүхнийг эргэцүүлж бодоод сэтгэлийн дуудлагаар ер нь өрсөлдөх нь зөв юм гэж шийдсэн дээ. 1990 онд ардчилсан хөдөлгөөнд орохдоо би улс орноо сайхан болгоно, хөгжингүй орон болгоно гэсэн дэврүүн сэтгэлээр орж байсан шиг энэ цаг үед хойшоо сууж болохгүй юм гэж шийдсэн.

Мэдсэн, сурсан, өөрийн зөв гэж бодсон зүйлээ хийх шийдэлд хүрлээ” хэмээсэн юм. Мөн Ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд эдийн засаг, нийгэм, улс төрийн амьдралд үнэн зөв дүгнэлт өгч, бодлогын өөрчлөлт хийхээс ажлаа эхэлнэ. Надад энэ бүхэн ямар хамаа байх билээ гээд нуруугаа үүрээд явж чадахгүй гэсэн тайлбар өгөв.

 

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.