Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд асан Д.Содном Чингис хааны одон хүртлээ

Ч.Болортуяа
2013 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Монголын улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ерөнхий сайд асан Д.Содном гуайд өнөөдөр Чингис хааны одон гардуулж өглөө.

Их эзэн Чингис хааны мэндэлсэн энэ өдрийг Монгол бахархлын өдөр болгон зарлаад буй.

Тиймээс энэ өдөр Чингис хааны одонг Монгол улсын төр нийгэмд үнэтэй хувь нэмэр оруулсан, оруулж буй хүмүүсийг Чингис хааны одонгоор шагнах уламжлал тогтоод байна.

“Монголчууд бид хийсэн бүтээснээрээ бахархах бус хийж бүтээх үйлсдээ анхаарлаа хандуулах хэрэгтэй байна”

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Д.Содном гуайд Чингис хааны одонг дөнгөж сая Төрийн ордонд гардуулж өглөө.

Энэхүү одонгоор өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж, Д.Дэмбэрэл, хөгжмийн зохиолч Б.Шарав нар шагнуулж байсан юм.

Өнөөдөр Чингис хааны одонгийн эзэн болсон  Д.Содном гуай Монголын ард түмэнд хандан  “Монголчууд бид хийсэн бүтээснээрээ бахархах бус хийж бүтээх үйлсдээ анхаарлаа хандуулах хэрэгтэй байна” гээд одоогийн Ерөнхийлөгчийн авлигын эсрэг хийж буй ажилд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН
ЧИНГИС ХААН ОДОН ГАРДУУЛЖ ХЭЛСЭН ҮГ

 
 
Төрийн ордон                                                             2013 оны 11 дүгээр сарын 04
                                   
           
Эрхэм хүндэт ард иргэд ээ,
            Хүндэт хатагтай, ноёд оо,
 
Монгол төрийн өргөө, хоймроос Их Эзэн Чингис хаан мэндэлсний 851 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийн мэндийг ард түмэндээ болон дэлхий даяар тархан сууршсан монголчууддаа хүргэж байна. Мөн манай улстай найрсаг харилцаатай улс орон, олон улсын байгууллагын элч төлөөлөгчид, Монгол Улсын хөгжлийн төлөө хамтран зүтгэж байгаа хүн бүрт энэ баярын өдрийн халуун мэндийг хүргэе.
 
Бид өнгөрсөн жил Их Эзэн Чингис хаан мэндэлсний 850 жилийн тэгш ойг зон олноороо ёслол төгөлдөр тэмдэглэсэн билээ. Чингис хаан–Тэмүжиний мэндэлсэн ойг билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн тогтоож, Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн нэрийдэж, бүх нийтээр ёслон тэмдэглэж байх болсон. Ийнхүү өнөөдөр бид Тулгар төрийнхөө 2222 жилийн ой, Их эзэн Чингис хаан мэндэлсний 851 жилийн ой, Монгол бахархлын өдрөө тэмдэглэж байна.
 
Бидний их өвөг дээдэс “Эцгээс үүдэж эхээс унасан өдрөө олж хүндэлж яв” хэмээн сургасан. Өнөөдөр Монголчуудын бахархлын өдөр. Өнөөдөр Их эзэн Чингис Хааны өдөр. Их эзэн Богд Чингис бол Монгол түмний хаан бахархал юм. Тэр бол газрын зовлонг гаталж тэнгэрт тэтгэгдсэн монгол хүн.
 
Монголчууд бол их өвөг дээдэстэй, бахархам түүхтэй, бүтээлч өнөөдөртэй, гэрэлт ирээдүйтэй ард түмэн. Бидний бахархал бол Монгол үндэстний үе үеийнхний бүтээсэн үнэт зүйл, өвөрмөц түүх соёл юм. Бидний бахархал бол Монгол эх орон түүний тусгаар тогтнол, бие даасан байдал, хөгжил дэвшил юм. Бидний бахархал бол өнгөрсөн, өнөөдөр, ирээдүй үе маань юм. Ийм учраас бид жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгний энэ өдөр Их өвөг дээдэстээ залбирч, өнөөдрөө цэгнэж, ирээдүйгээ шинждэг юм.
 
Бидний өмнөх үеийнхэн биднийг харж байгаа гэдэгт би итгэдэг. Тиймээс энэ өдөр Монгол хүн бүр монголоороо бахархаж ахмад үеэ баярлуулж, хийсэн бүтээснээ цэгнэж, хийх бүтээхээ бодож төлөвлөх өдөр юм. Өнөөдөр Монгол төрийн түүхэнд ч чухал өдөр. Монгол төрийн дээд хүндэтгэл Чингис хааны одон гардуулах ёслол энэ өдөр тохиож байгаа юм. Монгол бахархлын энэ өдөр Монгол төрийн дээд одон гардуулах ёслол давхцан тохиох энэ шийдлийг Монгол Улсын Их Хурал жилийн өмнө хуульчлантунхагласан юм. Чингис хааны одонгоор манай улсын чимэг болсон нэр хүндтэй зүтгэлтнүүд шагнагдаж ирсэн. Пунсалмаагийн Очирбат, Бямбасүрэнгийн Шарав, Дашийн Бямбасүрэн, Раднаасүмбэрэлийн Гончигдорж, Нацагийн Багабанди, Дамдингийн Дэмбэрэл нар Монгол төрийн энэ дээд хүндэтгэлийг хүлээсэн юм. Өнөөдөр Монгол төрийн энэ хүндэтгэлийг манай төр нийгмийн ахмад зүтгэлтэн Алтан Чой овогт Думаагийн Содном гуайд үзүүлэхээр би шийдвэрлэлээ.
 
Содном гуай бол малчны борог амьдрал дунд төрж, их говийн хээлэнд ээж, ах дүүтэйгээ амьдралын хатуу хүтүүг багаасаа туулж өссөн хүн. Содном гуайн аав Чойжамц улс орныхоо тусгаар тогтнолын төлөө амь биеэ зориулсан халуун эх оронч.
 
Содном гуай бол Монгол Улсын хоёр зууны хөгжлийг холбон үүрч яваа манай нэр хүндтэй ахмадуудын нэг. Монгол Улсын Ерөнхий сайдуудаас наян насныхаа босгыг энх тунх алхаж, энэ их хүндэтгэлийг хүлээж байгаа буянтай буурал. Одоогоос хагас зуун жилийн өмнө төрийн сайдын хариуцлагатай албанд томилогдон ажилласан хүн.
 
Содном гуай бол Маршал Чойбалсангаас хойшхи манай төр, нийгмийн бүх удирдлагатай хамтран зүтгэж Монгол Улсын хөгжил дэвшилд онцгой хувь нэмэр оруулсаар яваа хүн. Содном гуай бол ард түмнийхээ язгуур эрх ашигт үйлчлэх Монгол төрийн зүтгэлтний ноён нуруу болсон хүн.
 
Монгол Улсын дээд шагнал, тэргүүн зэргийн одон – Чингис хааны одонг Монгол түмнийхээ баяр, бахархлын энэ өдөр Алтан Чой овогт Думаагийн Содном танд гардуулах төрийн ёслолын ажиллагаа ийнхүү эхэлж байна. Танд болон таны үр хүүхэд, ач, зээ, ойр дотны бүх хүмүүст хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
 
Монгол түмнийг минь мөнх хөх тэнгэр ивээг ээ.