Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Чингис Хааны одон гардан авах эрхмийг зарлалаа

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Чингис Хааны одон гардан авах эрхмийг зарлалаа

УИХ-ын өнгөрсөн оны чуулганаар өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг эзэн Чингис хааны төрсөн өдөр болгон орон даяар тэмдэглэн “Монгол бахархлын өдөр” болгож, бүх нийтийн амралтын өдөр байхаар хуульчилсан билээ. 

Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд асан Думаагийн Содном гуай Чингисийн одон авах эрхмээр тодорчээ.

Чингис хаан мэндэлсэн өдөр энэ жил арваннэгдүгээр сарын 4-нд тохиож буй бөгөөд энэ өдөр олон арга хэмжээ зохион байгуулагдах юм байна. Тухайлбал, Чингис хааны одонг гардуулах ёслол болно. Монгол Улсын хөгжил дэвшилд онцгой гавьяа байгуулсан нэгэн эрхэмд Монгол Улсын Ерөнхийлөгч уг одонг гардуулна. 

Чингис хааны одонг долдугаар сарын 11-нд олгодог байсан ч шинэ хуулийн дагуу Чингис Хааны одонг “Монгол бахархлын өдөр” гардуулж байхаар болжээ.
 
Энэ жил Чингисийн одонг гардан авах хүн бол Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, нэртэй эдийн засагч, санхүүч, Сангийн сайд, Төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн дарга гээд Монголын төр түмний төлөө нэгэн жарны турш зүтгэсэн, өнөө жил 80 насыг зооглож байгаа Думаагийн Содном гуай юм.
 
Чингисийн одонг арваннэгдүгээр сарын 4-ний морин цагт ёслол хүндэтгэлтэйгээр гардуулах ба, ёслолын ажиллагааг орон даяар телевизээр шууд дамжуулна. Мөн өндөр чансаатай хүчит 128 бөхийн барилдаан болно хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан  мэдээллээ