Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрдэнэт Үйлдвэр"-ийн Гүйцэтгэх захирлыг MCC томилох хүсэлтэй байсан ч талаар болжээ

Ч.Болортуяа
2016 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Ням-Осор,

"Эрдэнэт" -ийн шинэ хувьцаа эзэмшигч буюу Mongolian Copper Corporation-н талаас ТУЗ-ийн гишүүнээр Да.Ганболд, О.Орхон, М.Мөнхбаатар нарыг, ТУЗ-ийн даргаар ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэнг томилсон талаар Төрийн Өмчийн Бодлого, Зохицуулалтын Газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Ням-Осор өнөөдөр мэдээллээ. 

Өчигдөр болсон "Эрдэнэт үйлдвэр"-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар энэхүү асуудлыг шийдсэн байна. 

Засгийн газар "Эрдэнэт Үйлдвэр"-ийн 51 хувийг эзэмшдэг учраас ТУЗ-ийн дарга болон Гүйцэтгэх захирлыг томилох давуу эрхээ өчигдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар баталгаажуулсан талаар Ц.Ням-Осор дарга мэдээллээ. 

Өөрөөр хэлбэл өчигдөр баталгаажсан долоон гишүүн бүхий ТУЗ одоо өөрсдөө хурлаа товлож гүйцэтгэх удирдлагаа томилох юм. Ингэхдээ Гүйцэтгэх захирал нь мөн Засгийн газрын талыг төлөөлж буй ТУЗ-ийн гишүүдийн санал болгосон хүн байх аж. Гэхдээ холбогдох хуулийн дагуу ТУЗ-ийн гишүүдийн 66.6 хувиас дээш дэмжлэг дор буюу Mongolian Copper Corporation-ийн (MCC) ТУЗ-ийн төлөөллийн дэмжлэгийн оролцоотойгоор шинэ гүйцэтгэх захирал томилогдох нь ээ. 

Засгийн газрын буюу нийт хувьцааны 51 хувийг эзэмшигч талыг:

  1. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, ("Эрдэнэт Үйлдвэр"-ийн шинэ ТУЗ-ийн дарга)
  2. Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, 
  3. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын зөвлөх, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, 
  4. Сангийн яамны газрын дарга Н.Доржсэмбэд нарын дөрвөн хүн төлөөлж байна. 

Харин хувийн хэвшил буюу 49 хувийг эзэмшигч MCC -ийн талаас:

 
  1. Монгол Улсын Тэргүүн Шадар сайд асан, "Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан, "Эрдэнэс Монгол" компанийн ТУЗ-ийн гишүүн асан Да.Ганболд, 
  2. Худалдаа Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал О.Орхон, 
  3. Mongolian Copper Corporation-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар нар ийнхүү болж баталгаажлаа. 

"Эрдэнэт Үйлдвэр"-ийн ТУЗ-ийн гишүүдийг томилох асуудал удааширсан тухай тайлбарлахдаа Ц.Ням-Осор дарга ТУЗ-ийн даргаа засгаас санал болгож томилох бол Гүйцэтгэх захирлаа ядаж MCC өөрсдийн хүнээ томилох хүсэлтэй байсан ч тусыг эс олж ийнхүү төрийн талын давамгай байдлаар хэлцэл дуусч асуудал нэг тийшээ болжээ. 

49 хувийг хувийн хэвшил худалдан авсан тухай хэлцэл өөрөө нууцын зэрэглэлтэй явсан болоод энэ худалдан авалт хуульд нийцсэн эсэхийг Төрийн Өмчийн Бодлого, Зохицуулалтын Газар (ТӨБЗГ) хариуцаж шалгахгүй бөгөөд хэрэв холбогдох хуулийн байгууллага энэ худалдан авалтыг хууль бус болсон гэж үзвэл асуудал өөрөөр эргэх юм. 

Харин "Эрдэнэт Үйлдвэр"-ийн сүүлийн дөрвөн жилийн ашиг, орлого хийгээд үйл ажиллагааг шалгахаар УИХ-аас ажлын хэсэг мөн гараад байгаа билээ. 

ТӨБЗГ-ын мэдээлж буйгаар  "Эрдэнэт Үйлдвэр"-ийн сүүлийн дөрвөн жилийн ашиг, орлогын мэдээллийг дор үзүүлсэн графикт харууллаа. 

График 1, "Эрдэнэт Үйлдвэр"-ийн 2011-2015 оны ашиг, орлогын мэдээлэл:

Харин “Монголросцветмет” ХХК-ийн ТУЗ-ийн асуудлыг яг "Эрдэнэт Үйлдвэр"-ийн жишгээр буюу ТУЗ нь долоон гишүүнтэй, түүний дөрөв нь засгаас, гурав нь MCC-ээс, ТУЗ-ийн дарга, Гүйцэтгэх захирлыг мөн төрөөс санал болгохоор хувьцаа эзэмшигчид тохиролцсон байна.

Монросын асуудлыг ирэх долоо хоногт шийдэхээр болсон тухай ноён Ц.Ням-Осор мэдээллээ.