Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн дагуу 2012 оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн үндэсний болон урамшууллын тэтгэлгийг оюутнуудад олгож байгаа.
Тус арга хэмжээг хэрэгжүүлэхэд зориулан 106 тэрбум төгрөгийн үндэсний болон урамшууллын тэтгэлгийг давхардсан тоогоор 165 мянган оюутанд олгожээ.
Хичээлийн нэг жилд олгох үндэсний тэтгэлгийн доод хэмжээ арван сарын турш сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэхээр байна гэж хуульд заасан.
Гэтэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд тодорхой боловсрол, тусгай мэргэжил шаардсан мөнгөний ажил, хөдөлмөрийн гэрээ болон тусгай ажиллах гэрээ тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажилтан болон ажиллагчийн хууль ёсны эрхийг хамгаалах зорилгоор эрх бүхий этгээдээс тогтоосон цагийн хөлсний нийтээр дагавал зохих хамгийн доод хязгаарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэнэ гэж заасан байдаг.
Харин суралцагчдад олгож байгаа тэтгэлэг нь урамшууллын шинж чанартай учир суралцагчдад суралцах хугацаанд нь сар бүр олгох үндэсний тэтгэлгийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан нэмэгдүүлэх нь хуулийн зүйл заалттай нийцэхгүй байгаа юм.
Иймд тэтгэлгийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулахгүй байх, цаашид тэтгэлгийн хэмжээг Засгийн газар тогтоодог байхаар хуулийн төслийг боловсруулсан талаараа Сангийн сайд Ч.Улаан УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд танилцууллаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга: Оюутнууд 70 мянгаа юунд зарцуулдаг талаарх үр дүнгийн судалгаа байгаа эсэх, мөн оюутнуудад цагийн хөдөлмөр эрхлэх бололцоо хэр байдаг талаар тодруулсан юм.
Судалгааг өнгөрсөн жил ТББ-ууд болон бусад байгууллагуудтай хамтарч хийсэн. 70 мянган төгрөг оюутнуудад амьжиргааны эх үүсвэр болж байна, үр дүнтэй байгаа судалгаа гарсан хариултыг Боловсрол, шинжлэх ухааны яамны газрын дарга өглөө.
Ингээд хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|