НЗДТГ болон Гандантэгчэнлин хийдээс “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмыг наймдугаар сарын 6,7-ны өдрүүдэд “Хүй долоон худаг”-т зохион байгуулах гэж байна. Даншиг наадмын үеэр болох арга хэмжээнээс багцлан, хөтөлбөрийн хамт хүргэж байна.
Даншиг наадмын хамгийн гол зүйл нь цам байдаг. Тиймээс өнөөдрөөс /2016.08.05/ /эхлэн Хүрээ жахар цамын хурлыг Гандантэгчэнлин хийд дээр хурна хэмээн тус хийдийн Да Лам Х.Бямбажав хэлж байв.
Харин наймдугаар сарын 06-ны 06:00 цагаас эхлэн "Хүй долоон худаг"-т Монголчуудын их шүтээн Очирваань бурхныг залж, тахих, Цам харайх, нийслэлийн иргэд сүсэгтэн олондоо зориулж 500 лам ном хурах юм байна.
Хүй долоон худагт монголчуудын их шүтээн Очирваань бурханы дүрийг залах, Хүрээ цам харайх зэрэг шашин соёлын зан үйл болохоос гадна их нас, жороо морьдын уралдаан, үндэсний сурын харваа, хүчит бөхийн барилдаан болно.
Даншиг наадмын бөхийн барилдааныг төрийн наадмын цол, зэргийг харгалзахгүйгээр даваа бүрд барилдах бөхчүүдийг сугалаа сугалуулж, оноолтоор барилдуулна.
Даншиг наадамд барилдаж цол авсан бөхчүүдийг 15-60 сая хүртэл төгрөгөөр, начин-15 сая, чимэгтэй начин-20 сая, заан -25 сая, чимэгтэй заан-30 сая, арслан -50 сая төгрөгийн шагналтай. Өнгөрсөн жилийн даншигт түрүүлж арслан цол авсан бөх энэ жил дахин түрүүлбэл аварга цол, 60 сая төгрөгөөр шагнах аж.
Даншиг наадмын үеэр уралдах их нас, жороо морьдыг наймдугаар сарын 6-ны 09:00 цагаас эхлэн Хүй долоон худагт бүртгэх юм байна.
Их насны морьдын уралдаан наймдугаар сарын 07-ны өдрийн 09:00-12:00 цагт, жороо морьдын уралдаан мөн өдөр 10:00-13:00 цагт болно.
Даншиг наадамд зориулан наймдугаар сарын зургааны өдөр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд анх удаа 350 уран нугараач оролцсон “Уул усны домог” тоглолт болно.
"Монте Карло"-оос хамгийн анхны шагналыг эх орондоо авчирсан Ж.Эрдэнэчимэг, 1990 онд Парис хотоос Тагтаатай нугаралтаар мөнгөн медаль авчирч байсан н.Ундармаа, одоо АНУ-д ажиллаж амьдарч байгаа нугараач Н.Тунгалаг нар оролцох юм байна.
Төрийн шагналт, Ардын Жүжигчин, уран нугараач Б.Норовсамбуу гуай уран нугараачдын багийг ахалж, бэлтгэл хийлгэж байгаа аж.
Мөн хамгийн олон нугараач оролцсон бүтээл гэдэг ангиллаар Монголын нэрийг олон улсад уран нугаралтаар гаргахын тулд Гиннесийн номонд оруулахыг зорьж байгаагаа тоглолтын ерөнхий найруулагчаар нийслэлийн Улаанбаатар чуулгын дарга, МУСТА Р.Мөнхсайхан ярьж байсан.
Даншиг наадмын үеэр том оврын 15 автобус “МУБИС-Хүй долоон худаг” гэсэн чиглэлд иргэдэд үнэгүй үйлчилнэ.
Хүй долоон худаг руу явах автобус МУБИС-ын өмнөх зогсоолоос хөдөлнө.
Том оврын автобусууд Хүй долоон худаг руу наймдугаар сарын 6-нд 08:00 - 22:00 цаг хүртэл, наймдугаар сарын 07-нд 07:00-22:00 цаг хүртэл үйлчилгээнд явах юм байна.
Түүх, ёс заншил, соёл уламжлалаа сэргээж, жуулчдад Монгол Улсаа сурталчлах зорилгоор зохион байгуулж буй Даншиг наадамд 500 сая төгрөг зарцуулагдах юм байна.
Улаанбаатар хотыг бүс нутгийн аялал жуулчлалын төв болгох зорилгоор Нийслэлийн ИТХ-аас “Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд аялал жуулчлал, соёл урлаг, өв уламжлалаа сурталчилсан олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь "Даншиг наадам-Хүрээ цам" шашин соёлын их наадам юм.
"Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээнүүдэд өнгөрсөн жил нийт 3.2 тэрбум төгрөг зарцуулж байжээ. Энэ жилийн хувьд ч 3.2 тэрбумыг зарцуулахаар төсөвлөжээ.
2015 онд хөтөлбөрт 3.2 тэрбум төгрөг зарцуулсан ч 20 гаруй тэрбум төгрөгийн шууд бус орлого орсон байна.
08 дугаар сарын 05-ны өдөр, Баасан гараг
09:00-18:00, 21.00- 07.00 Хүрээ жахар цамын хурал хурна.
Дотоод цам харайна. Гандантэгчинлэн хийдэд
08 дугаар сарын 06-ны өдөр, Бямба гараг
09:00-20:00 Аялал жуулчлалын үзэсгэлэн Хүй долоон худагт
10:00-11:00 Сүсэгтэн олонд зориулсан ном айлдана.Хүй долоон худагт, цамын талбайд
11:00 “Даншиг наадам- Хүрээ цам”-ын нээлтийн ажиллагаа Хүй долоон худагт, цамын талбайд
11:10-11:25 Соёмбот туг залах ёслол Хүй долоон худагт, цамын талбайд
11:25-11:35 Өндөр гэгээний дүрийг зална Хүй долоон худагт, цамын талбайд
11.35-11:45 Мандал өргөнө Хүй долоон худагт, цамын талбайд
11:45-13:00 Очирваани шүтээний тахилга /Тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоон худагт, цамын талбайд
13:00-14:30 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа Хүй долоон худагт, бөхийн талбайд
13:00-16:00 Үндэсний сурын харвааны эхэн өрөг Хүй долоон худагт, Сурын талбайд
13:10-14:00 Лам нарын тэмцээн. Унзад, голч нарын тэмцээн /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоон худагт, тусгайлан зассан талбайд
14:00-15:00 Лам нарын тэмцээн. Ном хаях, мэтгэлцэх /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоон худагт, тусгайлан зассан талбайд
14:30-15:00 Урлагийн тоглолт /Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын ”Colors of Mongolia” тоглолт/ Хүй долоон худагт, цамын талбайд
13:00-15:00 Лам нарын тэмцээн. Балин болон тосон урлалын тэмцээн /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоон худагт, тусгайлан зассан талбайд
15:00-16:30 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа Хүй долоон худагт, бөхийн талбайд
16:30-17:00 Урлагийн тоглолт /Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын ”Colors of Mongolia” тоглолт/ Хүй долоон худагт, цамын талбайд
16:30-18:00 Үндэсний сурын харвааны дунд өрөг Хүй долоон худагт, Сурын талбайд
17:00-18:00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа Хүй долоон худагт, бөхийн талбайд
18:00-19:00 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа Хүй долоон худагт, бөхийн талбайд
21:00-23:00 “Уул усны домог” 350 уран нугараачдын тоглолт Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд
08 дугаар сарын 07-ны өдөр, Ням гараг
08:00-20:00 Аялал жуулчлалын үзэсгэлэн Хүй долоон худагт
08:00-08:30 Бурхан багшийн Ринсрэл залах ёслол /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоон худагт, цамын талбайд
08:30-09:00 Өндөр гэгээний маани татах /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоон худагт, цамын талбайд
09:00-15:00 Хүрээ Цам харайх ёслол /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоон худагт, цамын талбайд
09:00-12:00 Их насны морьдын уралдаан Хүй долоон худагт
10:00-13:00 Жороо морины уралдаан Хүй долоон худагт
12:00- 14:00 Үндэсний сурын харвааны адаг өрөг Хүй долоон худагт, Сурын талбайд
15:00-16:00 Хүчит бөхийн барилдаан тавын даваа Хүй долоон худагт, бөхийн талбайд
16:20-17:00 Хүчит бөхийн барилдаан Зургаагийн даваа Хүй долоон худагт, бөхийн талбайд
17:00-17:20 Үндэсний сурын харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Хүй долоон худагт, Сурын талбайд
17:20-18:00 Хүчит бөхийн барилдааны Долоогийн даваа Хүй долоон худагт, бөхийн талбайд
18:00-19:00 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна. Хүй долоон худагт
19:00-19:30 Хүчит бөхийн барилдааны Наймын даваа Хүй долоон худагт, бөхийн талбайд
19:30-20:00 Үндэсний бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэн шөвгөрсөн бөхчүүдэд Даншигийн арслан, заан, начин цол үнэмлэх олгож, шагнал гардуулна. Хүй долоон худагт, цамын талбайд
20:00-20:10 “Даншиг наадам- Хүрээ цам”-ын хаалтын ажиллагаа Хүй долоон худагт, цамын талбайд
20:10-21:00 Залбирал ерөөл айлдах /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоон худагт, цамын талбайд.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!