Нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалттай барилга, байгууламжтай 14 байршилд халиа тошин үүсээд байгаа билээ. Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 10, 12 дугаар хороонд суваг татаж байгаа аж.
Энэ талаар "Геодези, усны барилга, байгууламжийн газар" ОНӨААТҮГ-ын ашиглалтын инженер Д.Ариунбаатар “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Толгойтын үерийн хамгаалалтын далан нь нийслэл дэх хамгийн том үерийн хамгаалалтын байгууламжид тооцогддог. Зүүн талдаа орон сууцны хороолол, баруун талд нь гэр хороолол байрладаг. Тиймээс иргэд, оршин суугчдын аюулгүй байдлыг хамгаалах үүднээс тус үерийн хамгаалалтын даланд халиа тошин нэмэгдэхээс сэргийлж, өнөөдрийн байдлаар 500 метр орчим суваг татсан. Цаашид суваг татах ажил үргэлжилнэ.
Үерийн хамгаалалтын далангийн ойролцоо амьдардаг иргэд 10 метрийн дүрмийг баримталж, ажил явуулахад аюулгүй байх боломжоор хангаж өгөхийг уриалж байна” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!