Уншиж байна ...
Зураг
Зураг

Starbucks компани “юм худалдаж авахгүй бол гар” зарчмыг АНУ-д сэргээхээр болсноо зарлав

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 38 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн кофе ундааны хамгийн том сүлжээ Starbucks компани зургаан жилийн өмнө “нээлттэй хаалганы зарчим” хэрэгжүүлж эхэлснээр бараа бүтээгдэхүүн худалдаж аваагүй хүмүүст суудал, ариун цэврийн өрөөгөө чөлөөтэй ашиглуулах болсон юм.

Тэгвэл Умард Америкийн зах зээлд нэгдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн энэ зарчмаа цуцалж, “юм худалдаж авахгүй бол гар” гэсэн зарчимд буцаад шилжиж байгааг өчигдөр зарлажээ.

Starbucks компанийн шинэ гүйцэтгэх захирал буурч буй борлуулалтаа өсгөх шинэ стратегийг “Буцаад Старбакс болох” нэрийн дор хэрэгжүүлж эхэлсний нэг алхам энэ юм байна.

Шинэ зарчимд бас Starbucks-ийн салбаруудын дотор бусдыг дарамтлах, дээрэлхэх, тамхи татах, согтуу үйлчлүүлэхийг хориглох нөхцөлүүд тусгагдсан байна.

Үүнийгээ төлбөртэй үйлчлүүлэгчдэд илүү таатай уур амьсгал бүрдүүлэх зорилготой гэж тайлбарлажээ.

“Кофены үйлчилгээний ёс зүйн шинэ дүрэм нь манай бүтээгдэхүүнээс таашаал авах гэсэн төлбөртэй үйлчлүүлэгчдийг тэргүүн эгнээнд тавих зорилготой практик алхам юм. Энэ бүхэн нь Старбаксын үндсэн зарчмыг буцаан сэргээх өргөн хүрээний стратегийн нэг хэсэг болж байна” гэж тус компанийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Шинэ зарчмын дагуу шаардлага биелүүлээгүй хүмүүсийг кафенаас гарч явахыг албадах эрхийг ажилтнуудад олгох бөгөөд онцгой тохиолдолд цагдаа дуудах нөхцөлийг бас тусгажээ.

2018 онд Филадельфи мужийн нэг салбараас цагдаа нар хоёр хар арьстныг баривчилсны дараа Starbucks “нээлттэй хаалганы зарчим” нэвтрүүлж байсан юм.

Тухайн үед баривчлагдсан хүмүүсийн нэг нь ариун цэврийн өрөө ашиглаж, нөгөөх нь түүнийг хүлээж байсан бөгөөд кафены ажилтны шаардлагыг хүлээж аваагүйгээс цагдаа дуудаж байжээ.

Энэхүү үйл явдлын дүрс бичлэг сошиал орчинд дуулиан дэгдээж, зарим хүмүүс арьс өнгөний үзэлтэй компаниар үйлчлүүлэхгүй байхыг уриалж байсан юм.

Үүний дараа Starbucks компани баривчлагдсан хүмүүсээс уучлал гуйж, нөхөн төлбөр олгож, бүтээгдэхүүнийг нь худалдаж аваагүй хүмүүст кафегаа нээлттэй ашиглуулах шинэ зарчим зарлаж байв.

Сүүлийн үед тус сүлжээ түүхий эдийн үнийн өсөлтийн улмаас бүтээгдэхүүний үнэ тарифаа өсгөж, Израилийн Газын зурваст явуулж буй дайныг дэмжсэн шалтгаанаар бойкотод өртсөн зэрэг нь борлуулалтаа алдах шалтгаан болоод байна.

Мексик түргэн хоолны Chipotle сүлжээг өмнө нь удирдаж байсан Брайан Никкол өнгөрсөн онд Starbucks компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон юм. Тэрбээр Старбаксын борлуулалтыг тогтворжуулах томоохон зорилготой ажлаа эхлүүлж байна.

 

Эх сурвалж: BBC