"Бурханы хүү Баярбаатар" цахим хаягаар олны танил болсон иргэн Б.Баярбаатарыг олон нийтийн сүлжээнд шууд бичлэг хийх үеэрээ ёс бус үг, хэллэг хэлж илтэд олон нийтийг үл хүндэтгэсэн асуудалд Зөрчлийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа явуулсан.
Улмаар шүүхээс түүнийг буруутай гэж үзсэн тул 30 хоног баривчлахаар шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн юм.
Энэ шийдвэрийг иргэн Б.Баярбаатар хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдээд Хүний Эрхийн Хороогоор дамжуулан захидал илгээжээ.
Түүний хүсэлтийн дагуу энэ сарын 13-ны өдөр Ардчилсан намын дэргэдэх Хүний Эрхийн Хорооны дарга Д.Ганбаяр тэргүүтэй хуульчид Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд зөрчил шалган шийдвэрлэх хуулийн дагуу гомдол гаргаж, баривчлах шийтгэл биелүүлэхийг түдгэлзүүлэх захирамж гаргуулсан байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн мэдээлснээр иргэн Б.Баярбаатар өнөөдөр хоёр өмгөөлөгчийн хамтаар дараагийн шатны шүүхэд гомдол гаргасан юм.
Иргэн Б.Баярбаатар хорих захирамжийг түдгэлзүүлж, сулласны дараа сэтгүүлчдэд "Эцэст нь нэг зүйлийг ойлголоо. Би олон жил МАН, АН хоёрыг шүүмжилж ирсэн. Улс төрийн намтай ямар ч холбоогүй иргэн. МАН намайг хилсээр шоронд хийсэн бол АН гаргаж авлаа. Тиймээс улс төрийн сонголтоо хийж, АН-д элсэхээр шийдлээ" гэж ярив.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!