Уншиж байна ...
Зураг
Зураг

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден терроризмыг дэмжигч улсуудын жагсаалтаас Куба улсыг хасах шийдвэр гаргажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 цаг 11 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Куба улсыг терроризмыг дэмжигч улсуудын жагсаалтаас хасах болсноо өчигдөр Конгресст мэдэгджээ.

Коммунист дэглэмийн удирдагчид тус улсын шоронд хоригдож буй улс төрийн 553 хоригдлыг үе шаттай суллах амлалт өгсний дараа ийм шийдвэр гаргаж байгаа юм байна.

Талуудын ийм тохиролцоонд хүрэх яриа хэлэлцээг Католик сүм хийдийнхэн зуучилсан гэнэ.

Ерөнхийлөгч Жо Байдены бүрэн эрхийн хугацаа дуусахаас ердөө таван өдрийн өмнө уг шийдвэр гарч байна.

Ирэх долоо хоногийн Даваа гарагт Дональд Трамп тангараг өргөж, АНУ-ын 47 дахь ерөнхийлөгч болох юм.

Куба улсын гадаад хэргийн яам АНУ-ын шийдвэрийг сайшаасан мэдэгдэл гаргажээ.

“Хэдийгээр хамрах хүрээ хязгаарлагдмал ч энэ шийдвэр нь Кубын засгийн газар болон ард түмний хүсэл шаардлагад нийцсэн зөв алхам юм. Мөн дэлхийн олон орон, ялангуяа Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын тууштай дэмжлэгийн үр дүн гэж үзэж байна. АНУ-ын өнөөдөр гаргасан шийдвэр нь харгис бурангуй, шударга бус бодлогыг зарим талаар маш хязгаарлагдмал хүрээнд засаж залруулж байгаа юм” гэж уг мэдэгдэлд өгүүлсэн байна.

Гэхдээ Куба улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ үргэлжилсэн хэвээр байгааг сануулжээ.

“Гэвч АНУ-ын эдийн засгийн бүслэлт үргэлжилсээр байна. Энэ бүслэлт нь Кубын эдийн засгийг хөгжих, сэргэхэд томоохон саад тотгор учруулж, хүн амын амьжиргааны өртгийг өсгөж, эх орноосоо цагаачлах хөшүүрэг болсоор байгаа юм” гэж мэдэгдэлд онцолсон байна.

Куба улсыг терроризмыг дэмжигч орнуудын жагсаалтад нэмэх шийдвэрийг Дональд Трамп 2021 онд Цагаан ордноос явахынхаа өмнөхөн гаргаж байжээ.

Хамгийн анх 1982 онд ерөнхийлөгч Рональд Рейган уг жагсаалтад нэмж байв. Сүүлд ерөнхийлөгч Барак Обама жагсаалтаас хассаныг ерөнхийлөгч Трамп дахин нэмж байжээ.

Тиймээс Байдены гаргасан шийдвэрийг Трамп буцаах магадлалтай юм.

Бүгд Найрамдах Намын улс төрчид Байдены шийдвэрийг шүүмжилж, тангараг өргөснийхөө дараа жагсаалтад дахин нэмэхийг Трампаас уриалж эхэлсэн байна.

Тухайлбал Куба цагаачид олноор амьдардаг Флорида мужийн сенатор Рик Скот “Ерөнхийлөгч Трампын ажлын эхний өдөр би Коммунист Кубад хариуцлага тооцох, Кубын ард түмэнд эрх чөлөө олгох асуудлаар хамтран ажиллаж эхэлнэ” гэж мэдэгджээ.

Сүүлийн жилүүдэд Латин Америкийн хэд хэдэн орны удирдагчид Кубыг терроризмыг дэмжигч улсуудын жагсаалтаас хасахыг ерөнхийлөгч Байденд уриалж байсан юм.

Бразилын ерөнхийлөгч Лула да Силва өнгөрсөн онд НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганд үг хэлэхдээ АНУ-ын засаг захиргааны шийдвэрийг “шударга бус” гэж тодорхойлж байжээ.

Өчигдөр Колумб улсын ерөнхийлөгч Густаво Петро, Чили улсын ерөнхийлөгч Габриэл Борич нар Байдены шийдвэрийг талархан хүлээж авч байгаагаа илэрхийлцгээсэн байна.

 

Эх сурвалж: AFP