Эрх Чөлөөний Эвслээс "Засгийн газар огцор" жагсаалыг 2025 оны нэгдүгээр сарын 11-13-нд Улаанбаатар хотын төв талбайд өрнүүлсэн.
Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэр танилцуулах үеэр жагсаал зохион байгуулсан иргэний биед халдсан байж болзошгүй үйлдлийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа талаарх мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд өглөө.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл "Монгол Улсын иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Нэгдүгээр сарын 11-нд жагсаал зохион байгуулагдсан. Тус иргэд Үндсэн хуульд заагдсан эрхийнхээ дагуу жагсаж, шаардлага тавьсан. Үүнд Засгийн газар хүндэтгэлтэй хандах ёстой.
Нэгдүгээр сарын 12-ны өдөр уг жагсаалд оролцсон иргэн Б.Цацралыг зодсон байж болзошгүй гэх асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Иргэн Б.Цацрал ямар нэгэн байдлаар өргөдөл гомдол гаргаагүй. Нийтийн цахим сүлжээнд тавигдсан бичлэгийг үндэслэж, тус хүмүүс бусдын эрх чөлөөнд халдсан байж болзошгүй учраас шалгаж байгаа.
Жагсаалын үеэр тавигдсан шаардлагын хүрээнд дүгнэлт хийх, санал танилцуулах ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учралаар ахлуулж байгуулсан. Үүнд миний бие багтсан" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!