Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын хамтарсан тушаалаар "Суралцагчдыг урьдчилсан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулах, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах тухай" журмыг баталжээ.
Энэхүү шинэчлэгдсэн журам хэрэгжиж эхэлснээр орон нутгаас нийслэлд ирж суралцаж буй оюутнууд харьяалал харгалзахгүйгээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжтой болж байна.
Жил бүр оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аян зохион байгуулдаг.
Аяны хүрээнд оюутан залуусыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, эрүүл мэндийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх сургалтад хамруулдаг ч тэдний эрүүл мэндийн даатгал төлөлт болон урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд зарим асуудал тулгарч байсан тул өмнөх журмыг шинэчлэн боловсруулж, баталсан байна.
Цаашид оюутан, суралцагчдыг эрүүл мэндийн даатгал төлөлт болон урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд бүрэн хамруулснаар тэдэнд ирээдүйд учирч болзошгүй эрүүл мэндийн эрсдэл, санхүүгийн дарамтаас урьдчилан сэргийлэх бөгөөд эмнэлгийн тусламж, үйлчилгээг авах нөхцөл бололцоог бүрдүүлнэ гэдгийг Эрүүл Мэндийн Яамнаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!