ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгийн талаас зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төрийн өмчит компанийн дансыг царцааж, төлбөрийг үйлдвэрийн орлогоос шууд татан авах нөхцөлийг хэлэлцээрт тусгажээ

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Төсвийн байнгын хорооны өчигдрийн /2025.01.13/ хамтарсан хуралдаан Засгийн газраас 2025 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.

Төслийн талаар Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан. Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ЭКСИМ банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл нь Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслөөс хамгийн түрүүнд хэрэгжиж, өгөөжөө өгөх төсөл гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа тодотгоод жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай, дотоодын хэрэглээний 55 хувийг хангаж, шинээр 700 гаруй ажлын байр бий болгох эдийн засаг, стратегийн өндөр ач холбогдолтой төсөл хэмээсэн.

зураг
 

Улсын Их Хурлын зүгээс төслийн санхүүжилтэд шаардлагатай нийт 1 тэрбум 236 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг 2019 онд соёрхон баталсан. Төсөл батлагдсанаас хойш 2024 оны жилийн эцсийн байдлаар 268.8 сая ам.долларын эх үүсвэрийг ашиглаад байгаа бөгөөд төслийн нийт ажлын гүйцэтгэл 23.5 хувьтай байна гэлээ.  

Түүнчлэн тэрбээр, төслийн хэрэгжилтийн явцад “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ээс EPC-4 багц ажил буюу үндсэн үйлдвэрийн барилга байгууламж, газрын тос боловсруулах ажлын төсөвт өртөг нэмэгдэх талаар мэдэгдсэн бөгөөд төслийн өртгийн нэмэгдлийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны харьяа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2023 оны есдүгээр сард хэлэлцэн, төслийн нийт өртгийг 1 тэрбум 698 сая ам.доллар буюу хуучин төсөвт өртгөөс 462.2 сая ам.доллароор нэмэгдэхээр баталгаажуулсан. Үүний дагуу Засгийн газрын зүгээс “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-д шаардлагатай нэмэлт санхүүжилтийг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ЭКСИМ банкны зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэхээр, зээлийн хэлэлцээрийг хийгээд байна. Энэтхэгийн талаас 464 сая ам.долларын нэмэлт санхүүжилт нь EPC-4 багц ажлын хүрээнд зарцуулагдах тул 2019 онд тус багц ажлын хүрээнд байгуулсан 236 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг нь үүнд шингээж, нийт 700.0 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулахаар төсөлд тусгаад байна. Төсөлд энэтхэгийн талаас өмнөх зээлийн хэлэлцээрийн нөхцөлүүдээс гадна гурван нөхцөлийг шинээр тавьсныг онцлов.

зураг
 

Үүнд, төслийн хүрээнд дахин нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон тохиолдолд Монгол Улсын Засгийн газраас санхүүжүүлэх, төслийн хүрээнд олох бүх орлого, авлагыг Монгол Улсад орших аль нэг банканд нээсэн “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн дансаар дамжуулах бөгөөд хэрэв зээлийн хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүргээ Засгийн газар биелүүлээгүй буюу зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн дансыг царцааж, төлбөрийг үйлдвэрийн орлогоос шууд татан авах, мөн зээлийн хэлэлцээрийн хүрээнд төлбөрийн үүрэг дуусах хүртэл буюу 2045 он хүртэлх хугацаанд “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн орлогод дарамт үүсгэх аливаа асуудалд БНЭУ-ын ЭКСИМ банктай зөвшилцөх зэрэг нөхцөлүүдийг зээлийн хэлэлцээрт тусгаад байна. Мөн төслийн бүтээн байгуулалтад шаардлагатай импортоор орж ирсэн тоног, төхөөрөмжийг төсөл дуусах хүртэл гаалийн түр горимд байршуулах зохицуулалтыг тус хэлэлцээрийн төсөлд тусгасныг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулгадаа дурдлаа.

Нэмэлт санхүүжилтийн зээлийн эх үүсвэр нь өмнөх зээлүүдийн адил жилийн 1.75 хувийн хүүтэй, үйлчилгээний шимтгэл болон хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл тус бүр 0.5 хувь, 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, нийт 20 жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй гэв
зураг
 

Мөн энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл танилцуулсан бөгөөд тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн гэдгийг онцлон тэмдэглэв.  

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын З.Мэндсайхан, Б.Заяабал, Д.Ганбат, Х.Ганхуяг, Р.Батболд, Г.Хосбаяр нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Ч.Анар, Ц.Даваасүрэн нар үг хэлсэн. Гишүүд газрын тос боловсруулах үйлдвэр  ашиглалтад орсны дараа түүхий эдийн тасралтгүй байх нөөцийн бүрдүүлэлт хэр байгаа талаар болон энэ асуудалд бодлогын арга хэмжээ авч буй эсэх, төлөвлөсөн хугацаандаа төсөл хэрэгжиж чадаагүй, ажлын гүйцэтгэлийн хувь хэмжээ бага байгаа шалтгаан нөхцөлийн талаар илүүтэй лавлаж байлаа.

зураг
 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хариултдаа, “Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор жилдээ 1.5 сая тонн түүхий тос хэрэглэнэ. 2024 оны гүйцэтгэлээр жилдээ 552 мянган тонн түүхий тосыг олборлож экспортод гаргасан бөгөөд зөрүү 950 орчим мянган тонны дутагдал үүснэ. 2013, 2014 онд жилдээ 1.1 сая тонныг экспортод гаргаж байсан. Үүнээс хойш “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн хөрөнгө оруулалтаа тодорхой хэмжээнд бууруулсантай холбоотойгоор олборлолт багасан гэдгийг дурдав.

Мөн тэрбээр, БНХАУ-д Ерөнхий сайд айлчлах үеэр хоёр тал уулзаж, ярилцан хөрөнгө оруулалт, олборлолтоо нэмэгдүүлэх талаар ярилцсан. Энэ жил 750 мянган тонн түүхий тос экспортлохоор яриа хэлэлцээ хийж байна гэв. Засгийн газраас 6 талбарт хайгуулын талбай зарлаж, бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан ажиллаж байна. “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн 19, 21 дүгээр талбай дахь геологийн 300 сая тонн нөөцөөс ашиглалтын баталгаат нөөц 41 сая тонн гэж тогтоогдсоноос бид 10 сая тонныг нь экспортод гаргасан. Одоо 31 сая тонны нөөц бий. Мөн Засгийн газар тус үйлдвэр ашиглалтад орох 38 сарын хугацаанд газрын тосны олборлолт хийж буй бүх аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж байгааг Ц.Туваан сайд хариултдаа онцлоод шаардлагатай 1.5 сая тонн түүхий тос нөөцийг бүрдүүлэх бүрэн боломжтой гэж байлаа.

зураг
 

Харин Сангийн сайд Б.Жавхлан, “2017 онд БНЭУ-ын Засгийн газраас тэрбум ам.долларын зээл өгөхөө мэдэгдсэн ч, хэрэгжүүлэх төсөл тодорхойгүй байсан. 2018 онд төсөл тодорхой болж, ТЭЗҮ батлагдсан. 2019 оноос уг төсөл EPC-1-ээс эхэлсэн ч 2020 онд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас төсөл хоёр жил зогссон. 2023 онтой золгоод нэг ч төсөл эхлүүлж чадаагүй байтал зээлийн үндсэн төлбөрийн төлөх хугацаа эхэлсэн тул зээлийн ерөнхий хэлэлцээрт өөрчлөлт оруулахгүй бол төсөл үргэлжлэх боломжгүй болсон. Иймд бид энэтхэгийн талтай зургаан сарын турш яриа, хэлэлцээ хийж, төслийн санхүүжилтийг байгууламж нэг бүрээр EPC-1, 2, 3, 4 зэрэг явуулах, хугацаа тулсан төлбөрийг 7 жилээр хойшлуулж, 2030 он хүртэл сунгаж чадсан" хэмээн хариулж байсан.

Ингээд Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгоё гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон 32 гишүүнээс 19 нь дэмжлээ.