Япон улс агаарын температур Цельсийн 40 хэмээс дээш халсан өдрийг нэрлэх шинэ нэр томьёотой болжээ
Өнгөрсөн оны зун Япон улсын түүхэнд хамгийн халуун зун болсон юм.
Тэгвэл тус улсын Цаг Уурын Хүрээлэн өчигдөр буюу Баасан гарагт агаарын температур Цельсийн 40 хэм буюу түүнээс дээш халсан өдрийг нэрлэх шинэ нэр томьёог танилцуулжээ.
“Кокүшоби” гэсэн энэ нэр нь шууд утгаараа “харгис халуун өдөр” хэмээн орчуулагдаж байна. Кокү нь япон хэлээр харгис, хатуу гэсэн утгатай үг юм.
Цаг уурын байгууллага уг нэрийг сонгохдоо үндэсний хэмжээнд санал асуулга зохион байгуулжээ. Авсан саналын тоогоор хоёрдугаарт орсон нэр нь “маш халуун өдөр” байсан байна.
Нэр томьёо тодруулах ажлыг хоёр, гуравдугаар саруудад зохион байгуулахдаа 13 хувилбар нэр дээр 478,000 орчим хүний саналыг цуглуулжээ.
Хүний үйл ажиллагаанаас улбаатай агаарын хэт халалт дэлхий даяар жилээс жилд улам эрчимжиж байгаа. Япон улс өмнө нь Цельсийн 25, 30, 35 хэмийн халуун өдрүүдийг нэрлэх нэртэй болж байжээ.
Харин өнгөрсөн зуны их халалтын дараа 40 хэмийг нэрлэх нэртэй болох хэрэгтэй болсон байна.
2025 оны зун олон жилийн дунджаас 2.36 хэмээр давж халсан нь албан ёсны хэмжилт эхэлсэн 1898 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт байжээ.
Зургаагаас наймдугаар саруудад 40 хэм давсан өдрийн тоо ес байсан бөгөөд Исесаки хотод Цельсийн 41.8 хэм хүрсэн нь үндэсний хэмжээний хамгийн өндөр халалт байв.
Хэт халуун өдрүүдийн тоо 2024, 2025 онуудад дараалан дээд хэмжээндээ хүрсэн юм.
Тухайлбал Токио хотод өнгөрсөн зун 35 хэм давж халсан өдрүүдийн тоо 25 байв. Харьцуулбал олон жилийн дундаж 4.5 байжээ.
Киото хотод ийм хэмжээний халалттай жилийн дундаж өдрийн тоо 18.5 байдаг бол өнгөрсөн зун 52 хүрсэн байна.
Ирэх зун дээрх үзүүлэлтүүд шинэчлэгдэх өндөр магадлалтай байгааг Японы цаг уурчид анхааруулжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

