Иран, АНУ-ын талууд Ормузын хоолой ачаа тээврийн хөлгүүдэд бүрэн нээгдсэнийг мэдэгдлээ
Баасан гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Иран улсын гадаад хэргийн сайд Аббас Арагчи нар Ормузын хоолой арилжааны хөлгүүдэд бүрэн нээгдсэнийг тус тусдаа зарлажээ.
Бас Израилийн арми, Ираны холбоотон Хезболла бүлэглэлийн дайны талбар болоод буй Ливан улсад 10 хоног гал зогсоох тохиролцоонд хүрсэн тухай мэдээлсэн байна.
Трамп стратегийн ач холбогдолтой хоолой “бүрэн нээгдсэн” тухай сошиал хуудсаараа мэдээлжээ.
Үүнээс хэдхэн минутын өмнө Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи гал зогсох хугацаанд Ормузын хоолой ачаа тээврийн хөлгүүдэд бүрэн нээлттэй байхыг мөн сошиал хуудсаараа мэдээлсэн юм.
Гэхдээ энэ нь Иран улс хоолойгоор хөлгүүдийг нэвтрэхэд саад учруулахгүй гэсэн утгатай ч АНУ-ын явуулж буй хоолойн давхар хориг хаалт хэрхэх нь тодорхойгүй байна.
Трамп сүүлд энэ асуудлыг хөндөхдөө Иран улс энхийн гэрээ байгуулах хүртэл АНУ-ын хаалт үргэлжлэхийг сануулсан юм.
Өчигдөр Ливанд хүмүүс дайны гал зогссоныг тэмдэглэж, дүрвэсэн иргэд орон гэртээ буцаж эхэлжээ.
Гэхдээ гал зогсоох яриа хэлэлцээнд шууд оролцоогүй Хезболла зэвсэгт бүлэглэл үүнд яаж хандах, Ливаны өмнөд хэсэгт цэргээ оруулсан Израиль улс амлалтаа биелүүлэх эсэх нь тодорхойгүй байна.
Ливаны өмнөд хэсэгт байрласан НҮБ-ын энхийг сахиулах хүчний хэвлэлийн төлөөлөгч шөнө дундаас эхлэн ямар нэг агаарын цохилт ажиглагдаагүйг баталжээ.
АНУ-ын төрийн департаментын нийтэлсэн гал зогсоох гэрээнд өгүүлснээр Израилийн арми энэ хугацаанд зөвхөн өөрийгөө халдлагаас хамгаалах зорилготой арга хэмжээ авч болох гэнэ.
АНУ, Ираны хооронд гал зогсоох гэрээ яригдаж байхад Ливанд явуулж буй Израилийн байлдааны ажиллагааг үүнд хамруулах нь Тегераны тавьсан гол нөхцөлүүдийн нэг байсан юм.
Харин Израилийн эрх баригчид үүнийг тусдаа асуудал гэж үзэж байлаа.
Хоёрдугаар сарын 28-нд Ойрх Дорнодод эхэлсэн дайны турш Иранд 3,000, Ливанд 2,100, Израильд 23, Персийн булангийн Араб улсуудад арав гаруй хүн амиа алдаад байгаа юм.
Энэ хугацаанд АНУ-ын талаас 13 цэргийн алба хаагч Ираны агаарын цохилтын үеэр алагдсан байна.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
