Киев хотод зэвсэгт халдлага гарсны улмаас зургаан хүний амь үрэгджээ

Т.Давааням, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт Киевийн гудамжинд зургаан хүний амийг хөнөөсөн зэвсэгт халдлага гарсан тухай Украины албаныхан мэдээлжээ.

Халдлага үйлдэгч сүүлд дэлгүүрт хэсэг хүмүүсийг барьцаалсан бөгөөд яриа хэлэлцээ хийх оролдлого бүтэлгүйтсэний дараа цагдаагийн тусгай ангийн албан хаагчид түүнийг буудан хөнөөсөн байна.

Украины дотоод хэргийн сайд Игорь Клименкогийн хэргийн газар дээр өгсөн мэдээллээр бол халдлага үйлдэгч гудамжаар алхаж явахдаа дөрвөн хүнийг, дараа нь супермаркет руу ороод тав дахь хүнийг буудан хөнөөжээ.

Зургаа дахь хохирогч болох залуу эмэгтэй эмнэлэгт шархаа даалгүй нас барсныг Киев хотын захирагч Виталий Кличко сүүлд мэдээлсэн байна.

зураг
 

Халдлага үйлдэгч этгээд 1968 онд төрсөн хүн байсан гэхээс илүү дэлгэрэнгүй мэдээллийг Клименко өгөөгүй юм.

Харин Украины ерөнхий прокурор Руслан Кравченко халдлага үйлдэгчийг ОХУ-ын нийслэл Москва хотын уугуул, салан тусгаарласан Донецк мужид амьдарч байсан нэгэн байсныг мэдээлжээ.

Цагдаагийн хүч супермаркет руу дайран орохоос өмнө барьцааны хүмүүсийг суллуулахын тулд түүнтэй 40 минутын турш ярилцсан байна.

Тэрбээр хууль ёсны бүртгэлтэй карбин буугаар халдлага үйлдсэн байжээ.

зураг
 

“2025 оны арванхоёрдугаар сард зөвшөөрлийн хугацаа дуусаж байгаатай холбогдуулан албан хаагчид бууг нь шалгахаар түүнд хандаж байжээ. Энэ үеэр тэр өөрийгөө эрүүл болохыг баталсан гэрчилгээгээ үзүүлж галт зэвсгийн зөвшөөрлөө сунгах өргөдөл гаргасан байна. Одоогоор бидний хэлж чадах зүйлс энэ л байна” гэж Клименко сэтгүүлчидтэй уулзах үеэр хэлсэн юм.

Аль эрүүл мэндийн байгууллага түүнд гэрчилгээ олгосныг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгааг сайд нэмж мэдээлсэн байна.

Киев хотын өмнөд хэсгийн Голосевский дүүрэгт гарсан энэ халдлагын үеэр 14 хүн шархаджээ.

Дайны турш Киев хот Оросын цэргийн агаарын цохилтод байнга өртөж байгаа ч ийм төрлийн зэвсэгт халдлага ховор гарч байсан юм.

 

Эх сурвалж: Associated Press