Хятадын үйлдвэрлэгч автомашины суудал дор байрладаг дуу хоолойн удирдлагатай жорлонгийн патентыг бүртгүүлэв
Хятадын автомашин үйлдвэрлэгч Seres зорчигчийн суудлын дор байрладаг жорлонгийн загварыг зохион бүтээж, патентыг нь бүртгүүлжээ.
Тус компани дөрөвдүгээр сарын 10-нд гаргасан патентын хүсэлтдээ энэ функц нь “алс холын аяллаар майханд болон автомашинд хоноглох үед зорчигчийн жорлонгийн хэрэгцээг хангах” зорилготой гэж тайлбарласан байна.
Гэхдээ Хятадын баруун өмнөд бүсийн Чунчин хотод төвтэй Seres компани одоогоор ийм жорлонтой автомашин үйлдвэрлээгүй, ирээдүйд үйлдвэрлэх эсэх нь тодорхойгүй, шинэ санаа төдий байгаа юм.
Цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн тус улсын дотоод зах зээлд маш хүчтэй байгаа бөгөөд тэд массажтай суудал, караоке систем, хөргөгч зэрэг уламжлалт тээврийн хэрэгсэлд байдаггүй цоо шинэ зүйлсээр бусдаасаа ялгарахыг хичээж байна.
Seres-ийн танилцуулсан жорлон зорчигчийн суудлын дороос удирдлагын товчоор, эсвэл дуу хоолойгоор нээгддэг байх гэнэ.
Уг жорлон ялгадасны үнэрийг автомашины салон дотроос зайлуулах сэнс болон яндан хоолойтой байх ажээ.
Хуримтлагдсан бохиртой савыг суудлын дороос гараар салгаж, суллах боломжтой. Шээсийг ууршуулж, бусад бохирыг хатаах халаалтын систем бас суурилуулжээ.
Урьд өмнө нь дотроо жорлонтой аяллын автобус, том оврын автомашины тухай яригддаг байсан бол суудлын автомашинд ийм зүйл сонсогдож байгаагүй.
1950-аад оны үеийн Rolls-Royce Silver Wraith автомашины тусгай хувилбарт зурагт, суудлын доор байрлуулсан жорлон байсныг Sotheby’s дуудлага худалдааны төв нэг удаа мэдээлж байжээ.
Seres нь өөрийн охин компани Aito-ийн хамт цахилгаан хөдөлгүүртэй SUV ангиллын автомашин үйлдвэрлэдгээрээ зах зээлд танигдсан юм.
Тус компанийн ихэнх бүтээгдэхүүн Хятадын зах зээлд гардаг ч сүүлийн үед Европ, Ойрх Дорнод, Африкийн зах зээлд нэвтрэх болжээ.
Дотоодын өрсөлдөөн маш ширүүн тул өнөөдөр Хятадын цөөн хэдэн үйлдвэрлэгч ашигтай ажиллаж чадаж байгаагийн нэг нь Seres юм.
Олон шинжээч Хятадын маш олон цахилгаан автомашин үйлдвэрлэгчид дампуурлын ирмэг дээр байгаа гэж үздэг.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

