Путин “бодит амьдралаас тасраагүй” байгааг Кремлийн хэвлэлийн алба батлав

Т.Давааням, ikon.mn
1 цаг 43 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногт Оросын алдартай сошиал инфлүнсер Виктория Боня тус улсын нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудад анхаарлаа хандуулахыг ерөнхийлөгч Путинд уриалсан видео мэдэгдэл гаргасан нь нэлээд газар аваад байгаа.

“Дом-2” телевизийн реалити шоунаас алдаршсан тэрбээр одоо гадаадад амьдардаг юм.

“Ард иргэд, уран бүтээлчид, албан тушаалтнууд танд үнэнийг дуулгахаас айцгааж байна. Та болон жирийн иргэдийн хооронд үүссэн том ханыг би нураамаар байна. Бид таныг сайн улс төрч гэж үздэг ч таны мэдэхгүй маш олон зүйл байна” гэж ярьсан Бонягийн 18 минутын урттай видео мэдэгдлийг хоёрхон өдрийн дотор хүмүүс 24.1 сая удаа үзэж, нэг сая гаруй “лайк” дарж, 75,000 гаруй сэтгэгдэл бичжээ.

Тэрбээр Дагестанд болсон үер, Хар тэнгисийн эрэг орчмын бохирдол, Сибирт явагдаж буй мал устгал, интернэтийн хаалт хориг, барааны үнийн өсөлт, жижиг бизнесүүдийн татварын дарамт зэрэг асуудлуудад анхаарлаа хандуулахыг Путинд хүссэн юм.

зураг
 

“Хүмүүс яг одоо чангаар хашхирч байна. Тэд сүүлчийн нөөцөө алдсан бөгөөд улам ихийг алдсаар байна. Бизнесүүд сөнөж байна. Гүүглд Оросоос хэрхэн явах тухай хайлт хамгийн их байна” гэж Боня хэлжээ.

Пүрэв гарагт Кремлийн хэвлэлийн алба Бонягийн шүүмжлэлийг хүлээн зөвшөөрч, түүний дурдсан хэд хэдэн асуудлыг шийдвэрлэх ажил хэдийн эхэлснийг мэдэгдэж байв.

Харин өчигдөр буюу Баасан гарагт Кремлийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков ерөнхийлөгч дээрх асуудлуудын талаар мэдээлэлгүй байгаа гэсэн таамаг сэжгийг няцаажээ.

“Үгүй. Тийм биш. Путин бол төрийн тэргүүн бөгөөд түүнд хамгийн өргөн хүрээний асуудлуудыг шийдвэрлэх эрх мэдэл байдаг” гэж Песков энэ талаар сэтгүүлчийн асуултад хариулсан юм.

Гэхдээ ажиглагчид Бонягийн мэдэгдлийг Оросын нийгэмд үүсээд байгаа асуудлуудыг Путинээс холдуулах зорилгоор Кремлийн зохион байгуулсан суртал нэвтрүүлгийн “жүжиг” байж болзошгүй хэмээн сэжиглэж байна.

Сүүлийн 26 жил Оросыг удирдаж буй Путиний рэйтинг 67.8 хувьд хүрснийг төрийн мэдлийн судалгааны агентлаг ВЦИОМ саяхан мэдээлсэн нь түүхэн доод үзүүлэлт юм.

 

Эх сурвалж: Reuters