Уншиж байна ...
Зураг
Зураг

Энэтхэгт далит эмэгтэй таван жилийн дотор 64 хүнд хүчиндүүлснийг илрүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
7 цаг 17 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Энэтхэгийн өмнөд бүсийн Керала мужид 18 настай далит эмэгтэй сүүлийн таван жилийн дотор 64 эрэгтэйд хүчиндүүлсэн хэрэг илэрсэн тухай тус улсын эрх баригчид өчигдөр мэдээлжээ.

Одоогоор гэмт хэрэг үйлдэгчдээс 28-ыг нь баривчлаад байгаа талаар цагдаагийн албаны төлөөлөгч мэдээлсэн байна.

Далитууд бол Энэтхэгийн уламжлалт кастын системийн хамгийн доод давхаргын хүмүүс юм.

Хэдийгээр тэднийг ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс хамгаалах зорилготой олон хууль байдаг ч хэрэгжилт сул байдаг.

Далит хүүхдүүдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргүүдийг илрүүлэхээр Энэтхэгийн засгийн газраас томилогдсон тусгай хорооны гишүүд Керала мужид ажиллах үеэр дээрх хэрэг ил болжээ.

Хохирогч эмэгтэй одоо 18 настай бөгөөд 13 настайгаасаа бэлгийн хүчирхийлэлд өртөж эхэлсэн байна.

Түүнийг хүчирхийлэгчид 17-47 насны эрчүүд байсан бөгөөд тэдний дунд хөрш айлын эрэгтэй, спортын багийн дасгалжуулагч, аавынх нь найзууд зэрэг хүмүүс байжээ.

Охиноо хохирогч болсныг гэр бүлийнхэн нь мэдээгүй байсан байна.

Өнгөрсөн сард тусгай хорооны гишүүд Керала мужид ажиллах үеэрээ хохирогчийн гэрт ирснээр хэрэг илэрчээ.

“Сэтгэл зүйчтэй уулзуулах үеэр тэр 13 настайгаасаа хойш хүчирхийлүүлж байснаа ярьсан” гэж Керала мужид томилогдсон Хүүхэд Хамгаалах Хорооны тэргүүн “Indian Express” сонинд ярьсан байна.

Хохирогчийг хамгаалах байранд шилжүүлсэн бөгөөд удахгүй эмэгтэй мөрдөн байцаагчдад гэмт хэргийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр болжээ. Энэтхэг улс нь эмэгтэйчүүдэд хамгийн халгаатай дэлхийн улс орнуудын нэгд тооцогддог.

 

Эх сурвалж: BBC