УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Боловсролын сайдын мэдээллийг сонсож байна.
Энэ үеэр төрийн өмчит их дээд сургуулиудыг орон нутаг руу нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой ажлын явц ямар байгаа талаар асуудал яригдлаа.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат "Хөдөө орон нутаг руу их дээд сургуулиудыг шилжүүлнэ гэсэн. Энэ ажилд их дээд сургуулиудын бэлтгэл хэр зэрэг хангагдаж байгаа вэ. Хүний амьдрал дагасан олон асуудлыг хэрхэн шийдэх вэ" гэв.
Түүний асуултад Боловсролын яамны Дээд боловсролын газрын дарга Ж.Ариунболд "Хөдөө аж ахуйн их сургуулийг Дархан-Уул аймаг руу нүүлгэн шилжүүлэх хүрээнд Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яамтай уулзаж, олон судалгаа хийсэн.
Судалгааны хүрээнд Хөдөө аж ахуйн их сургуульд сурдаг оюутнуудын ихэнх нь нүүхгүй гэсэн. Мөн тус сургуулийн багш нар хөдөө орон нутаг руу явах боломжгүй гэх судалгааны үр дүн гарсан" гэв.
Мөн ХААИС-ийн захирал Б.Баасансүх "Засгийн газрын 2023 оны 231 тоот тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор ажлын хэсэг байгуулсан. Дархан-Уул аймагт манай сургуулийг хөдөө аж ахуй, газар техникийн чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэхээр заасан.
Манай салбар сургууль Дархан-Уул аймагт байдаг. Мөн политехник коллежууд Сэлэнгэ, Төв, Булган аймагт байрлаж байгаа. Дархан-Уул аймгийн салбар сургуулийг хөдөлмөрийн давхардлаа арилгах, шаталсан сургалтыг хэрэгжүүлэхээр бодлого хэрэгжүүлж байгаа" хэмээн нэмэлт хариулт өгөв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!