Өнгөрсөн онд Норвеги улсад зарагдсан арван шинэ автомашин тутмын ес нь цахилгаан хөдөлгүүртэй байсныг шинэ тоо баримт харуулж байна.
5.5 сая хүн амтай Норвеги улс цахилгаан хөдөлгүүрт шилжих хурдаараа дэлхийн бусад улс орнуудыг хол тасархай тэргүүлэх болжээ.
Өнөөдөр тус улсын нийслэл Осло хотын гудамжинд зорчиж буй бараг бүх автомашин “E” буюу цахилгаан гэсэн тэмдэгтэй дугаартай байна.
Өнгөрсөн онд анх удаа Норвегийн гудамжаар зорчиж буй цахилгаан автомашины тоо хэмжээ бензин хөдөлгүүртэй автомашины тооноос давсан юм.
Дизель хөдөлгүүртэй автомашинуудыг тооцвол одоо тус улсын нийт автомашины гуравны нэг нь цахилгаан хөдөлгүүртэй байна.
2024 онд зарагдсан бүх шинэ автомашины 88.9 хувь нь цахилгаан хөдөлгүүртэй байсныг Норвегийн Замын Холбооноос гаргасан тоо баримт харуулжээ.
Өнгөрсөн оны зарим саруудад 100 хувь цахилгаан автомашин зарагдаж байсан байна.
Бусад улсуудтай харьцуулбал Их Британид 20 хувь, АНУ-д ердөө 8 хувь нь цахилгаан хөдөлгүүртэй байгаа.
Норвегийн эрх баригчид шилжилтийг хурдасгахад эдийн засгийн хөшүүрэг ашиглаж байна.
Тухайлбал дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашинд өндөр татвар оноож, цахилгаан хөдөлгүүртэйг НӨАТ болон импортын татвараас чөлөөлсөн юм.
Бас цахилгаан автомашиныг зогсоолын болон замын төлбөрөөс чөлөөлж, автобусны эгнээгээр зорчих эрх олгодог.
Гэтэл бусад улс орнууд ийм хөшүүргийн оронд албадах арга хэрэглэж байна.
Тухайлбал Европын Холбоо 2035 оноос эхлэн дотоод шаталтын хөдөлгүүртэй шинэ автомашин худалдахыг хориглох шийдвэр гаргасан.
Норвегид одоо шатахуун түгээх станцууд цахилгаан автомашины түргэн цэнэглэгчээр хурдтай солигдож байна. Тус улс даяар 27,000 гаруй цэнэглэгч бий болжээ.
Харьцуулбал 12 дахин их хүн амтай Их Британид цэнэглэгчийн тоо 73,699 байгаа юм.
Энэ нь 100,000 хүн ам тутамд ногдох цэнэглэгчийн тоо Норвегид 447, Их Британид 89 байна гэсэн үг.
Өнгөрсөн онд Норвегийн зах зээлд Tesla, VW, Toyota хамгийн их борлуулалттай автомашины үйлдвэрлэгчид байжээ.
Хятадын MG, BYD, Polestar, XPeng компаниуд нийлээд зах зээлийн 10 орчим хувийг бүрдүүлсэн байна.
Норвеги улс нь АНУ, Европын Холбоо шиг Хятадын цахилгаан автомашинд импортын өндөр татвар оноохгүй байгаа.
Нөгөө талаар Норвеги нь газрын тос, байгалийн хийн экспортын ачаар маш баян чинээлэг улсад тооцогддог.
Одоо тус улсын баялгийн сангийн хөрөнгийн хэмжээ $1.7 их наяд хүрээд байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!