Эрх Чөлөөний Эвслээс "Засгийн газар огцор" жагсаалыг 2025 оны нэгдүгээр сарын 11-нээс өдөр бүр Улаанбаатар хотын төв талбайд өрнүүлж байгаа билээ.
Үүнтэй холбогдуулан Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар жагсаалын үеэр тавигдсан шаардлагын хүрээнд дүгнэлт хийх, санал танилцуулах ажлын хэсэг байгуулагджээ.
Мөн жагсаалын үеэр болсон зарим асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдээллээ.
Тэрбээр "Жагсаалын үеэр Төв талбай руу машинтай дайрч орж ирсэн этгээд өмнө нь хүнийг санаатай алах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан. Хоёр жилийн өмнө хорих байгууллагаас суллагдсан иргэн юм.
Олон нийтийн мэдээллийн сүлжээнд албан хаагчдыг хутгалах мэт үйлдэл үзүүлж, зүй бус харьцсан этгээдийн асуудал яригдсан. Тухайн этгээд урьд нь ял шийтгэгдэж байсан бөгөөд цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа.
Органикаар маш олон хүн жагсаалд ирсэн. Үүний хажуугаар мөнгө тараасан, тодорхой үйлдэл хийхийг албадсан байж болзошгүй мэдээлэл шалгагдаж байна. Хэд хэдэн нэр бүхий этгээд энэ асуудалд холбогдон шалгагдаж байгаа" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!