Уншиж байна ...
Зураг
Зураг

Украины дайнд Умард Солонгосын 300 цэрэг алагдаж, 2,700 цэрэг шархадсан гэв

Т.Давааням, ikon.mn
Өнөөдөр 9 цаг 59 минут
iKon.MN
Зураг зураг

Украины эсрэг Оросын талд байлдаж буй Умард Солонгосын цэргүүдээс 300 орчим нь алагдаж, 2,700 орчим нь шархадсан тухай Өмнөд Солонгосын хууль тогтоогч өчигдөр тус улсын тагнуулын эх сурвалжаас уламжлан мэдээлжээ.

Умард Солонгосын цэргүүд “орчин үеийн дайны талаар ойлголт бага”, бас тэднийг Оросын тал бамбай болгон ашигладаг нь хохирол их гарах шалтгаан болж байгааг гишүүн И Сон Кюн тайлбарласан байна.

Тэрбээр хэсэг хууль тогтоогчдын хамт Өмнөд Солонгосын Үндэсний Тагнуулын Албанаас мэдээлэл авсныхаа дараа сэтгүүлчидтэй уулзах үеэр ингэж ярьжээ.

Өнгөрсөн долоо хоногт Курск мужийн нутаг дэвсгэрээс Умард Солонгосын хоёр цэргийг олзолсон тухай Украины ерөнхийлөгч Володимир Зеленский мэдээлж байв. Тэр бас Умард Солонгосын цэргүүдээр өөрийн олзлогдсон цэргүүдийг солилцох санал тавьсан юм.

Өчигдөр буюу Даваа гарагт Кремлийн хэвлэлийн алба энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна.

“Бид энэ талаар ямар нэг тайлбар өгөх боломжгүй. Тэд үнэн ярьж буй эсэхийг бид мэдэхгүй байна. Бид олзны цэргүүдийн солилцооны талаар одоо ч үргэлжлүүлэн ярилцаж байгаа. Энэ нь тийм амар ажил биш. Бидний хувьд Оросын цэрэг бүрийн амь нас үнэтэй” гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Песков хэлжээ.

Оросын эрх баригчид Умард Солонгосын цэргүүдийг Украины дайнд оролцуулж байгаагаа одоо болтол хүлээн зөвшөөрөхгүй, бас үгүйсгэхгүй байгаа.

Нийтдээ 10,000 гаруй цэрэг Курск мужийн нутагт Украины зэвсэгт хүчний эсрэг байлдаж байгаа гэж Өмнөд Солонгос, Украин, Өрнөдийн орнууд үздэг.

Умард Солонгосын олзлогдсон хоёр цэрэг одоогоор Өмнөд Солонгост дүрвэх хүсэлт гаргаагүй байгааг И Сон Кюн өчигдөр мэдээлсэн юм.

Өмнөд Солонгосын тагнуулын алба энэ асуудлыг Украины талтай ярилцахаар төлөвлөж байгаа гэнэ.

Нийтдээ 34,000 орчим хүн Умард Солонгосоос Өмнөд Солонгост дүрвэж ирсэн байдгийн ихэнх нь 1990-ээд оноос хойш дүрвэжээ.

 

Эх сурвалж: Aljazeera