Сонгинохайрхан дүүргийн Нэгдүгээр хороололд байрлах НЗД-ын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төвийн гүйцэтгэх захирлаар Х.Ариунааг томилжээ. Гэвч уг төвийн тамга, тэмдгийг авч чадахгүй байгаа аж.
Энэ талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган "Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нийслэлийн өмчит эрүүл мэндийн байгууллагын захирлыг томилох, чөлөөлөх эрх нь НЭМГ-ын даргад байдаг.
2024 оны наймдугаар сараас хойш сонсох ажиллагааг зохион байгуулж, аравдугаар сарын 1-ний өдөр НЗД-ын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төвийн гүйцэтгэх захирлыг чөлөөлөх тушаалыг гаргасан юм. Тушаалын хэрэгжилтийг хангуулах зорилгоор ажлын хэсэг тус төвийн Захиргааны хэсгээс тамга, тэмдэг хүлээж авах гэтэл эмнэлэг рүү нэвтрүүлэхгүй байсан ч нэвтэрч ороход тамга, тэмдэг болон гүйцэтгэх захирал гэх Х.Гүрбазар ажлын байран дээрээ байгаагүй. Ажил хүлээлцэх боломжоор тус байгууллагаас хангаагүй тул хуульд заасан арга хэмжээг авч, гүйцэтгэх захирлыг чөлөөлөх тушаалын хэрэгжилтийг хангаж, шинээр томилогдсон захирлыг ажиллах боломжийг хангах зохион байгуулалтыг хийж байна.
Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв нь нийслэлийн өмчит байгууллага тул хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага шиг захирлаа томилох, чөлөөлөх зохицуулалтыг хийж болохгүй. Гэтэл менежментийн багийн ахлагч Ж.Хатанбаатар өөрийн хүү Х.Гүрбазарыг тус төвийн захирлаар томилж, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.
Нийслэлийн системд НЗД-ын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв нь НЭМГ-ын харьяанд бүртгэлтэй байдаг боловч ямар ч тайлан мэдээ эргэх холбоогүй. Тэгсэн мөртлөө эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлсний санхүүжилтийг ЭМДС-гаас авч байгаа юм.
НЗД-ын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийг нураах гэж байна гэсэн ташаа мэдээлэл гарсан байна. Нийслэл өмчөө буцааж авч, хөрөнгө оруулалт хийн элэг судлалын чиглэлээр тусламж үйлчилгээг сайжруулах, технологийн шинэчлэл хийх, хүүхдийг хэвтэн эмчлүүлэх тасагтай болгохоор төлөвлөж байна" гэж мэдэгдлээ.
Харин ЦЕГ-ын ХМТ-өөс "Цагдаагийн байгууллагад 2025 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 09:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 15 хорооны нутаг дэвсгэрт байрлах Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын төвд ажил хүлээлцэх гээд иртэл оруулахгүй маргаан болоод байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Шалгалтаар дээрх асуудалтай холбоотой бусдын биед халдаж зодсон, гэмтэл учруулсан зүйл тогтоогдоогүй бөгөөд асуудлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоох зорилгоор шалгалтын ажиллагааг харьяа дүүргийн цагдаагийн хэлтсээс үргэлжлүүлж байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!