Уншиж байна ...
Зураг
Зураг

Перу улсын ерөнхийлөгч хамартаа мэс засал хийлгэхийн тулд ажлын байраа орхиж явсан хэргийг прокурорууд шалгаж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
8 цаг 9 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Америк тивийн Перу улсын ерөнхийлөгч Дина Буларте хамартаа мэс засал хийлгэх зорилгоор хоёр долоо хоногийн хугацаанд ажлын байраа орхиж явсан гэх хэргийг тус улсын прокурорын байгууллага шалгаж эхэлжээ.

62 настай ерөнхийлөгч 2023 оны долдугаар сард ийм хугацаагаар эзгүй байсан нь сүүлд ил болсон юм.

Буларте өчигдөр буюу Даваа гарагт уг хэргийг мөрдөн шалгаж буй прокуроруудад дөрвөн цагийн турш мэдүүлэг өгснийхөө дараа гадаа нь хүлээж байсан сэтгүүлчидтэй уулзалгүй гарч явсан байна.

Тэрбээр хамрын мэс засал нь гоо сайхных биш, эрүүл мэндийн шалтгаантай байсныг прокуроруудад тайлбарласан гэнэ.

Энэхүү дуулианы улмаас Перу улсын зарим хууль тогтоогчид улс орноо эзгүй хаяж явсан Булартегаас огцрохыг уриалж байгаа.

Түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авах бол хуулийн дагуу олон нийтэд ил тод мэдэгдэж, эрх мэдлээ түр хугацаанд парламентад шилжүүлэх ёстой байсан гэж тэд үзэж байна.

Булартегийн талынхан ерөнхийлөгчөө нийслэл Лима хотын эмнэлэгт “амьсгалын асуудал”-тай холбоотой мэс засалд орохдоо зайнаас ажил үүргээ гүйцэтгэж байсан гэж тайлбарлаж байгаа.

Ер нь сүүлийн жилүүдэд Булартег тойрсон хэл ам, дуулиан тасрахгүй байгаа юм.

2022 онд түүнийг огцрохыг шаардсан иргэдийн тэмцлийн үеэр 50 гаруй хүн амиа алдаж байсан. Буларте өөрийгөө үүнд буруугүй гэж үздэг.

Дараа нь түүнийг Rolex бугуйн цаг болон бусад үнэт эдлэлээр бусдаас авлига авдаг гэсэн дуулиан дэгдэж байв.

Перу улсын өмнөх ерөнхийлөгч Педро Кастилло парламентыг тараах гэж оролдсоныхоо төлөө албан тушаалаасаа зайлуулагдаж, одоо шоронд ял эдэлж байгаа.

2022 оны арванхоёрдугаар сард Буларте түүнийг залгамжилж, шинэ ерөнхийлөгч болсон юм.

Тэрбээр өмнө нь Кастиллогийн дэд ерөнхийлөгч байжээ.

Парламентад өөрийн намгүй Булартегийн рэйтинг одоо тав орчим хувьтай байгаа байгаа. Түүний бүрэн эрхийн хугацаа 2026 оны долдугаар сард дуусах юм.

Улс төрийн хувьд маш тогтворгүй нөхцөл байдалд байгаа Перу улс сүүлийн найман жилийн хугацаанд зургаан ерөнхийлөгчийн нүүр үзээд байна.

 

Эх сурвалж: AFP