Уншиж байна ...
Зураг
Зураг

Украин улс дайн эхэлсэн цагаас хойших хамгийн том агаарын довтолгоогоо Оросын нутаг дэвсгэрт гүйцэтгэжээ

Т.Давааням, ikon.mn
2 цаг 55 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Фронтын шугамаас олон зуун километрийн цаана Оросын нутаг дэвсгэрийн гүнд томоохон агаарын довтолгоо явуулснаа Украины тал өчигдөр мэдээлжээ.

Даваа гарагаас Мягмар гарагт шилжих шөнө хэрэгжсэн энэхүү ажиллагаа нь бараг гурван жил үргэлжилж буй дайны турш Оросын нутаг дэвсгэрт явуулсан хамгийн том довтолгоонд тооцогдож байна.

Ажиллагааны улмаас Оросын баруун болон төв бүсийн доод тал нь есөн нисэх онгоцны буудал үйл ажиллагаагаа түр зогсоожээ.

Сүүлийн өдрүүдэд Орос, Украины талууд ирэх долоо хоногт АНУ-д ерөнхийлөгч Дональд Трампын засаглал эхлэхээс өмнө амжиж тулааны талбарт давуу тал олж авахыг хичээж байгаа.

“Украины зэвсэгт хүчин Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрийн 200-1,000 км-ийн гүнд эзлэн түрэмгийлэгч армийн цэргийн байгууламжуудад чиглэсэн хамгийн том агаарын довтолгоогоо хэрэгжүүллээ” гэж Украины зэвсэгт хүчний жанжин штаб сошиал хуудсаараа мэдээлжээ.

Цохилт өгсөн байгууламжууд нь “Брянск, Саратов, Тула мужууд болон Бүгд Найрамдах Татарстан Улсын нутагт” байсныг бас мэдээлсэн байна.

Оросын агаарын баазуудын ойролцоох шатахууны агуулахууд, газрын тос боловсруулах үйлдвэр, пуужингийн түлшний химийн үйлдвэр цохилтын бай болжээ.

Саратов мужийн захирагч Роман Бусаргин цохилтын цар хүрээ асар том байсныг баталсан байна.

Цохилтын улмаас тус мужийн Саратов, Энгельс хотуудын сургуулиудыг хааж, хичээлийг онлайн горимд шилжүүлжээ.

Энгельс хот дахь газрын тосны агуулах нэгдүгээр сарын 8-нд болсон Украины өмнөх довтолгооны улмаас шатаж байсныг дөнгөж унтрааж дууссаны маргааш дахин цохилтод өртсөн байна.

Татарстаны нийслэл Казань хотын ойролцоо байгалийн хийн агуулах шатаж, тэнгэрт хар утаа олгойдож буйг харуулсан зураг, дүрс бичлэг сошиал орчинд таржээ.

ОХУ-ын батлан хамгаалах яам Брянск мужийг чиглэсэн АНУ-ын зургаан ширхэг ATACMS, Их Британийн зургаан ширхэг Storm Shadow пуужинг амдан устгаснаа зарласан байна.

“Эзлэн түрэмгийлэгч армид сум, цэргийн техник, шатах тослох материал нийлүүлдэг байгууламжуудыг устгах системтэй ажиллагаа Украины эсрэг Оросын түрэмгийлэл бүрэн зогсох хүртэл үргэлжлэх болно” гэж Украины тал мэдэгджээ.

Оросын арми ч бас сүүлийн нэг хоногийн хугацаанд Украины нутаг дэвсгэрт агаарын довтолгоогоо үргэлжлүүлсэн байна.

Тухайлбал Оросын талаас харвасан Иран хийцийн 58 дроныг устгаж, 21 дроны радио удирдлагыг тасалдуулан унагаснаа Украины агаарын зэвсэгт хүчин өчигдөр мэдээлжээ.

Өчигдөр өглөө бас Харьков мужийн Козачя Лобан хот руу Оросын тал их буугаар галласны улмаас 52 настай иргэн алагдсаныг орон нутгийн эрх баригчид мэдээлсэн байна.

Дорнод фронт дээр Украины хувьд нөхцөл байдал хүнд хэвээр байна.

Сүүлийн хэдэн сарын турш Оросын армийн гол зорилт болоод буй Покровск хотын үлдсэн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг тус хотын захиргаа өчигдөр гаргажээ.

Дайн эхлэхээс өмнө энэ хотод 60,000 орчим хүн оршин суудаг байсан юм.

Оросын тал өчигдөр Донецк мужийн Нескучне, Терный нэртэй хоёр тосгоныг эзлэн авснаа зарласан байна.

 

Эх сурвалж: AFP