Өмнөд Солонгосын бүрэн эрхээ түдгэлзүүлсэн ерөнхийлөгч Юн Сүк Ёлыг баривчлах хоёр дахь ажиллагааг цагдаа нар өнөөдөр өглөө эрт эхлүүлжээ.
Улс орон даяар цэргийн дэглэм тогтоох хууль бус шийдвэр гаргасан шалтгаанаар шүүх түүнийг баривчлах захирамж гаргасныг хэрэгжүүлэх гэж байгаа нь энэ юм.
Сөүл хотын төвд оршдог ерөнхийлөгчийн өргөөний хашаанд өглөөний 7:30 цагийн үед хэдэн арван цагдаагийн албан хаагч нэвтэрч чаджээ.
Тэд хашааны гадна ерөнхийлөгчийн хамгаалалтын албаныхны автомашинуудаар байгуулсан хаалтыг нэвтрэхэд хоёр цаг, хагас орчим хугацаа зарцуулсан байна.
Энэ үеэр мөн Юн Сүк Ёлыг дэмжигч 6,500 орчим иргэн хашааны гадна цугларсан байжээ.
Эрх баригч намын хэсэг хууль тогтоогчид бас баривчлах ажиллагаанд саад учруулахаар ерөнхийлөгчийн өргөөний гадаа жагссан байна.
Шүүхийн захирамжтай ажиллагаанд саад учруулбал тэднийг баривчлан саатуулах үндэслэл болохыг цагдаа нар энэ үеэр чанга яригчаар анхааруулж байжээ.
Энэ удаа цагдаагийн 3,000 орчим албан хаагч ерөнхийлөгчийг баривчлах ажиллагаанд оролцож байгаа юм байна.
Эхний баривчлах ажиллагаа энэ сарын эхээр зохион байгуулагдсан ч ерөнхийлөгчийн хамгаалалтын алба саад учруулсан тул бүтэлгүйтсэн юм.
Арванхоёрдугаар сарын 3-ны орой Юн Сүк Ёл улс орон даяар цэргийн дэглэм тогтоох шийдвэрээ зарлаж байв.
Тухайн шөнө сөрөг хүчин давамгайлдаг Өмнөд Солонгосын парламент ерөнхийлөгчийнхөө шийдвэрийг хүчингүй болгосон юм.
Улмаар арванхоёрдугаар сарын 14-нд парламент олонхын саналаар ерөнхийлөгч Юн Сүк Ёлын бүрэн эрхийг цуцалж байжээ.
Тэр үеэс хойш авлигатай тэмцэх албаны мөрдөн байцаагчид Юн Сүк Ёлыг байцаах зорилгоор зарлан дуудах хуудас гурван удаа хүргүүлсэн ч хүлээж аваагүй тул шүүхээр баривчлах захирамж гаргуулж байв.
Баривчлах захирамжийн хүчинтэй хугацаа өнгөрсөн долоо хоногт дууссан тул Сөүл хотын баруун тойргийн шүүх нэгдүгээр сарын 21-ний өдөр хүртэл сунгажээ.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!