Уншиж байна ...
Зураг
Зураг

Бангладешийн авлигын хэрэгт нэр холбогдсон Их Британийн сайд огцрох шийдвэрээ зарлажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
45 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Их Британийн засгийн газрын санхүүгийн үйлчилгээ, авлигатай тэмцэх асуудал хариуцсан сайд Тулип Сиддик албан тушаалаасаа огцорч буйг өчигдөр зарлажээ.

Өнгөрсөн онд иргэдийн бослогын улмаас албан тушаалаасаа зайлуулагдаж, хөрш Энэтхэгт дүрвэсэн Бангладешийн ерөнхий сайд Шэйх Хасина түүний авга эгч юм.

42 настай Сиддикийг экс ерөнхий сайдын авлигын хэрэгтэй холбогдуулан шалгах болсноо өнгөрсөн сард Бангладешийн авлигатай тэмцэх газар зарлаж байв.

Сиддик өөрийгөө ямар ч буруугүйг олон удаа мэдэгдэж байсан ч “засгийн газрын үйл ажиллагаанд саад учруулахгүй байх” зорилгоор огцрох шийдвэр гаргаснаа тайлбарлажээ.

Британийн ерөнхий сайд Кир Стармер түүний хүсэлтийг хүлээн авахдаа “харамсал” илэрхийлсэн байна.

“Их Британийг өөрчлөх бидний мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд саад учруулахгүйн тулд та ийм хэцүү шийдвэр гаргасанд би талархаж байна. Цаашид таны өмнө манай үүд хаалга нээлттэй байх болно” гэж Стармер мэдэгджээ.

Дараа нь тэр Сиддикийн оронд тэтгэврийн асуудал хариуцсан сайд асан Эмма Рэйнолдсыг томилсон байна.

2009 оноос хойш Бангладеш улсыг тасралтгүй удирдаж байсан Хасинагийн албан тушаал, авлигын хэргүүдийг одоо шалгаж байгаа юм.

Цөмийн цахилгаан станцын $12.65 тэрбумын гэрээг байгуулахдаа Хасина, Сиддик нар ашиг хүртсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр Бангладешийн авлигатай тэмцэх газар шалгалт эхлүүлсэн юм байна.

Лондон хотын хойд дүүрэгт орших үл хөдлөх хөрөнгөд одоо Сиддик амьдардаг. Үүнийг нь Хасинагийн засгийн газрын төлөөлдөг Бангладешийн хуульч Моин Гани 2009 онд Сиддикийн гэр бүлд шилжүүлж байжээ.

Сиддик бас 2004 онд Хасинагийн удирддаг Авами Лиг намтай холбоотой компаниас Лондон хотод өөр нэг үл хөдлөх хөрөнгийг мөнгө төлөлгүй авсан тухай баримт хэвлэлүүдээр цацагдаад байгаа.

Кир Стармерын засгийн газрын гэмт хэрэгт холбогдсон хоёр дахь сайд албан тушаалаасаа огцорч байгаа нь энэ юм.

Өнгөрсөн оны сүүлээр зам тээврийн сайд Луйз Хэй улс төрд орохоосоо өмнө жижиг гэмт хэрэгт холбогдож байсан нь илрээд огцорч байв.

Богино хугацаанд хоёр сайдаа алдсан нь өнгөрсөн оны долдугаар сард болсон сонгуулийн үр дүнд байгуулагдсан Хөдөлмөрийн намын засгийн газарт том цохилт болж байна.

 

Эх сурвалж: Aljazeera