Мягмар гарагт Москвад болсон хэвлэлийн хурлын үеэр ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров гурван жил шахуу хугацаанд үргэлжилж буй Украины дайныг дуусгах тодорхой саналыг АНУ-ын шинэ ерөнхийлөгч Дональд Трампаас хүлээж байгааг мэдэгджээ.
“Хүмүүс газар дээрх бодит байдлын талаар илүү их ярьж эхэлсэн нь сайшаалтай юм” гэж тэр энэ үеэр хэлсэн байна.
Ирэх долоо хоногт үүрэгт ажилдаа орох гэж буй Дональд Трамп сонгуулийн кампанит ажлынхаа турш Украинд үзүүлж буй АНУ-ын тусламжийг шүүмжилж, дайныг 24 цагийн дотор зогсоож чадахаа амлаж байв.
Лавров өчигдөр ярихдаа Трампын энэ байр суурийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн ч одоогоор Оросын эрх баригчид ямар нэг тодорхой санал хараахан хүлээж аваагүй байгааг мэдэгджээ.
“Бид тодорхой санал санаачилгыг хүлээж байна. Тэр ерөнхийлөгч болсныхоо дараа Украины асуудлаар тодорхой байр суурь илэрхийлбэл бид түүнийг нь судлах болно” гэж Лавров хэлсэн байна.
Саяхан Трамп олны өмнө үг хэлэхдээ ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй уулзахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм.
Харин Лавров ийм уулзалтын талаар ямар нэг санал хүлээж аваагүй байгааг өчигдөр баталжээ.
АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Жо Байден 2022 оны хоёрдугаар сард Украины дайн эхэлснээс хойш Москватай дээд түвшинд харилцахаас зайлсхийсээр ирсэн юм. Хэрвээ Трамп үнэхээр Путинтэй уулзвал АНУ-ын дээрх бодлогод эргэлт гарна.
Трамп саяхан бас Украин улсыг НАТО-д гишүүнээр элсүүлэхээс Орос улс болгоомжилж буй шалтгааныг ойлгож байгаагаа илэрхийлж байв.
“Энэ бол Өрнөдийн удирдагчдаас анх удаа НАТО-гийн тэлэлт Оросын аюулгүй байдалд заналхийлж буйг хүлээн зөвшөөрсөн хэрэг юм” гэж Трампын байр суурийг Лавров сайшаасан байна.
Москвагийн эрх баригчид олон жилийн турш НАТО-гийн Зүүн Европ, Балтийн тэнгисийн бүс нутаг дахь тэлэлт нь Оросын аюулгүй байдалд заналхийлж буйг анхааруулсаар ирсэн юм.
Мөн НАТО-д Украин улс элсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2022 онд дайн эхлүүлснээ тайлбарладаг.
Харин Киев болон НАТО-гийн эрх баригчид үүнийг эрс няцааж, Оросын эхлүүлсэн дайныг Өрнөдийн чиг баримжаатай хөрш улсынхаа газар нутгийг эзлэн түрэмгийлэх зорилготой гэж үздэг юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!