Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит бус хуралдаан өчигдөр болж хоёр шийдвэрийг гаргажээ. Тухайлбал эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах аж.
Мөн банкнуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгж хувиар тус тус нэмэгдүүлж, харгалзан 13 хувь болон 18 хувьд хүргэхээр шийдвэрлэжээ.
Эдийн засгийн сэргэлт, өсөлттэй холбоотой дотоод эрэлт, цалингийн өсөлтийн нөлөөгөөр үйлчилгээ, түрээс, импортын барааны үнэ өндөр өсөлттэй байна. Цаашид төрийн зохицуулалттай үйлчилгээний үнийн өсөлтийг дагасан дам нөлөө, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ногдол ашгийн хуваарилалт, төсвийн зардлын үргэлжилсэн тэлэлт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр үнийн өсөлтийн дарамт нэмэгдэхээр байгаа нь мөнгөний бодлогын төлөвийг чангаруулах шаардлагыг бий болгож байна.
Гадаад, дотоод эдийн засгийн өсөлтийн төлөвт томоохон өөрчлөлт гараагүй ч геополитикийн эрсдэл, тодорхой бус байдал буурахгүй, үргэлжилсэн хэвээр байна. Банкны салбарын зээлийн өсөлт өндөр түвшинд хадгалагдаж байгаа нь хэрэглээний импорт, дотоод эрэлтийг өдөөх, цаашлаад санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдахад хүргэж болзошгүй байна.
Иймд мөнгөний бодлогын төлөвийг чангаруулж, эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор банкнуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгж хувиар тус тус нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэхүү шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилттой нийцтэй болно. Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчинд гарах өөрчлөлт болон инфляц, эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ.
Эх сурвалж: Монголбанк
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!