Хорт хавдар нь Монгол улсын нас баралтын шалтгааны эхний 5-д ордог бөгөөд Эрүүл Мэндийн Салбарын тулгамдсан асуудлын нэг билээ.
Энэхүү асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор “АзиФарма” групп хорт хавдрын бай эмчилгээнд БНСУ-ын биотехнологийн салбарт тэргүүлж буй 22 жилийн түүхтэй “Celltrion, Inc.” үйлдвэрлэгчийн биосимилар бэлдмэлийн Монгол дахь албан ёсны дистрибьютор болж Вегзелма /Бевацизумаб/ болон Герзума /Трастузумаб/ бэлдмэлүүдийг эмчилгээнд нэвтрүүлж эхэллээ.
Биосимилар моноклон эсрэгбиеийн бэлдмэл нь хорт хавдрын бай эмчилгээний оригинал эмтэй дүйцэхүйц байхаар тооцож, технологийн шинэчлэл хийгдсэн бүтээгдэхүүн юм.
Мөн үнийн хувьд хямд байдаг нь өвчтөн болон тэдний ар гэрт ирэх санхүүгийн ачааллыг бууруулаад зогсохгүй, ЭМД-н санхүүжилтийг болон МУ-н Эрүүл Мэндийн салбарын зардлыг оновчтой зарцуулахад нэн ач холбогдолтой юм. Одоогийн байдлаар дэлхийд оригинал эмийн 67 биосимилар бэлдмэл эмчилгээнд бүрэн нэвтрэн өдөр тутамд хэрэглэгдэж байна.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд “АзиФарма” групп нь Вегзелма болон Герзума бэлдмэлийн олон улсын судалгааны үр дүн, дүгнэлт, эмийн харилцан үйлчлэл, хэрэглэх арга, хорт хавдрын эмчилгээний талаарх “Хорт хавдрын бай эмчилгээнд шинэ ололтыг нэвтрүүлье” сэдэвт бага хурлыг хавдар судлалын нийт эмч нартай амжилттай зохион байгууллаа.
Дэлхий дахинд хурдацтай нэвтэрч буй Хорт хавдрын эмчилгээний орчин үеийн чиг хандлага, өөрчлөлт, шинэчлэлтийг эмч нарт таниулснаар Монгол улсын хорт хавдрын бай эмчилгээг олон улсын жишигтэй нийцүүлж, хорт хавдраар өвчлөгсдийн эмчилгээний чанар үр дүн, түүний хүртээмжийг нэмэгдүүлэх том алхмыг амжилттай эхлүүллээ.
Хорт хавдрын бай эмчилгээнд өргөн хэрэглэгддэг Вегзелма болон Герзума биосимилар моноклон эсрэгбиеийн бэлдмэл нь оригинал бүтээгдэхүүнтэй дүйцэхүйц бөгөөд эмчилгээний үр дүн болон чанар аюулгүй байдлаараа АНУ, Европын Холбооны улсууд, Япон, Сингапур, Австрали, Шинэ Зеланд зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн байна.
Тухайлбал Скандинавын орнууд болох Норвеги, Дани, Финлянд улсуудад инфликсимабын зах зээлийн 88%-96%-г биосимиларууд эзэлж байгаа нь эдгээрийн хэрэглээ эрс нэмэгдэж буйг харуулж байна.
Celltrion, Inc. үйлдвэр нь 2002 онд байгуулагдсан цагаасаа хойш богино хугацаанд дэлхийд тэргүүлэх биобэлдмэл үйлдвэрлэгч болж улмаар АНУ болон Европын улсуудаас гадна 90 гаруй улсыг хамарсан ханган нийлүүлэлтийн сүлжээ, 11 улсад үйлдвэртэй, 17 улсад борлуулалтын төвтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна. Одоогоор БНСУ-д 3 үйлдвэртэй бөгөөд эдгээр нь Ази тивээс анх удаа АНУ-н Хүнс, Эмийн Албаны cGMP буюу Үйлдвэрлэлийн Зохистой Дадлын батламжийг хүртсэн анхны үйлдвэр болсон байна.
Celltrion, Inc. үйлдвэрт ажиллагсдын 27,6%-г эрдэм шинжилгээний ажилчид байдаг бөгөөд судалгаа шинжилгээнд нийт орлогын 15,7%-г зарцуулдаг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!