Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийж байгаа Канад улсын Амбан захирагч Дэвид Жонстоны айлчлалын хүрээнд Монгол, Канадын талууд нэг баримт бичиг солилцож, хоёр баримт бичигт гарын үсэг зурав.
Канад улсын иргэдийг 30 хүртэл хоногийн хугацаанд Монгол Улсад визгүй зорчихыг зөвшөөрсөн ноот бичгийг Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Гөүлдхок нар солилцлоо.
Мөн Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Канадын Арилжааны корпорац хооронд хөдөөгийн малчдын амьдралын төвшинг дээшлүүлэх чиглэлээр харилцан ойлголцох санамж бичигт Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Гөүлдхок нар гарын үсэг зурав.
Монгол Улсын ХААИС, Канадын Саскатчеваны Их сургуулийн хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсын ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Канадын Саскатчеваны Их сургуулийн Хөдөө аж ахуй, био нөөцийн сургуулийн захирал Мэри Бухр нар гарын үсэг зурлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!