Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

“Вакцины чанарт эргэлзэх ХЭРЭГГҮЙ”

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Он гарснаас хойш 59 хүүхдийг амийг авч одоод буй Улаанбурхан өвчний дэгдэлт нийгмийг айдаст автуулаад байна. Үүний хажуугаар олон нийтийн сүлжээ, фэйсбүүкт вакцинтай холбоотой буруу ташаа мэдээлэл тархаж, иргэдийн “зовлон”-г нэмлээ.

2016 оны эхний улиралд халдварт өвчнөөр өвчлөгчид  25,355 болж, өмнөх оны мөн үеийнхээс 16,247 хүн буюу 2.8 дахин нэмэгдэхэд улаан бурхнаар 15,540 хүн өвчилсөн нь голлон нөлөөлсөн байна. 

Тиймээс бид албан ёсны мэдээлэл өгөх эрх бүхий байгууллагаас Улаанбурхан өвчний эсрэг вакцинтай холбоотой асуудлыг тодруулсан юм.

,,,

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаагийн хэлснээр манай улс вакцинаа ДЭМБ-ын шалгуур үзүүлэлтүүдийг хангаж, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрлэгчээс НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан авдаг ажээ.

Улаанбурханы эсрэг вакцины хувьд Засгийн газар ямар нэг байгууллагаас тендэрээр авдаг гэх мэдээллийг тэр эрс үгүйсгэсэн юм.

Н.Сувдмаа энэ тухай “Вакцин гэдэг өөрөө нарийн био бэлдмэлд ордог учраас өндөр шаардлага тавьдаг. Тиймээс вакцин чанаргүй гэдэгт итгэж болохгүй” гэв.

Улаанбурханы дэгдэлттэй холбоотой Засгийн газраас 18-30 насныханд зохион байгуулах нэмэлт дархлаажуулалтын вакциныг НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулж захиалсан бөгөөд 2016 оны тавдугаар сард Монголд ирнэ. Нийт  600 мянга гаруй хүн тун вакцины өртөг болох 950 гаруй сая төгрөгийг Засгийн газар нөөц хөрөнгөнөөсөө гаргасан.  

Энэ вакцин нь “ДЭМБ-ын шалгуурт нийцсэн, НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулж авч байгаа учраас вакцин болон тээвэрлэлт чанартай гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй” хэмээн Н.Сувдмаа эмч ахин санууллаа.

Заавал хийлгэх дархлаажуулалтын үндэсний товлолд Улаанбурханы эсрэг вакциныг 9 сартайд болон 2 настайд хийлгэх ёстой ба энэ товлолын дархлаажуулалтын вакцин манай улсад хангалттай байгаа аж. Хэрэв энэ насандаа хийлгээгүй хоцорсон бол 0-4 насанд нь нөхөн дархлаажуулалт хийдэг байна. Нөхөн дархлаажуулалтын вакцин ч хангалттай бий гэв.

Одоо бүртгэгдэж байгаа өвчлөлийн дийлэнх нь 18-30 насныхан байгаа ба энэ насанд улсын хэмжээгээр тавдугаар сард нэмэлт дархлаажуулалт зохион байгуулахаар бэлтгэл ажлын төлөвлөгөө гарсан бөгөөд яг одоо бэлтгэл нь хийгдэж байна.

Тиймээс иргэд тавдугаар сард харьяа аймаг, дүүргийнхээ эрүүл мэндийн төвүүдээр очиж дархлаажуулалтын ажил эхлэнгүүт цаг заваа зохицуулж вакцинаа хийлгэх хэрэгтэй гэдгийг эмч зөвлөлөө.

Харин 9 сараас доош насны хүүхэдтэй гэр бүлүүд онцгой анхаарч, гадуур олон нийтийн газраар явахгүй байх, дархлаагаа сэргээх, биеийн эсэргүүцлээ сайжруулах, хоол хүнсэндээ шим тэжээл, витаминаар баялаг зүйл хэрэглэх зэргээр өөрсдийнхөө болон гэр бүл, үр хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй гэв.

Та Улаанбурханаар өвдөөгүй бол сайн дурын дархлаажуулалтаар вакциндаа хамрагдаарай.