Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

МЭЗЧ: Гадаадад ажиллаж буй Монголчууд эх орныхоо төлөө юу хийж чадах вэ?

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Гэрэл зургийг mpa.mn

“Монгол хүний Оюуны чадавх” нэртэй салбар хуралдаанаар МЭЗЧ үргэлжилж байна. Хуралдаанд амжилтын түүх болон мэдлэг чухал уу, салбар чухал уу зэрэг дэд сэдвүүдээр яригдаж байгаа юм. Энэ хуралдааны гол онцлог нь гадаадын өндөр хөгжилтэй орны судалгааны байгууллага, компаниудад ажилладаг Монгол хүмүүс оролцож байгаагаараа онцлогтой юм. Хуралдааныг МЭЗФ ТББ-ын захирал Б.Лакшми хөтөлж байна.

МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ТА БҮХЭН ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ, ХИЙХЭД ТУЛГАРЧ БУЙ АСУУДАЛ?

Хүний их эмч, АНУ-ын Техасийн Их сургуулийн Анагаахын дээдийн профессор, Эрчимт эмчилгээний судалгааны төвийн захирал П.Энхбаатар:

 

Гадаадад ажиллаж байгаа улс ямар ажил хийж байгаагаасаа үл хамаараад Монголдоо нэг юм хийчих юмсан гэдэг. Одоогийн байдлаар бид өөр өөрийн дур зоргоороо, чадах зүйлээ хийгээд явж байна. Монголдоо юм хийе гэхээр бид ямар зүйлийг яаж хийх хэрэгтэй байгааг мэддэггүй. Тэгэхээр яамны мэргэжилтнүүд өөр өөрийнхөө чиглэлээр гадаадад ажиллаж байгаа хүмүүсийн судалгааг гаргаад тухайн хүмүүсийнхээ тусламжийг авах, эсвэл хамтран ажиллах санал гаргах хэрэгтэй. Хоёр талын огтолцол байх юм бол бидний хийж байгаа ажил үр дүнтэй, ашигтай болох байх. 

АНУ-ын Вашингтон мужийн Сиэтлийн Хавдрын Нэгдсэн эмнэлгийн дархлааны генетикийн лабораторийн захирал Б.Гансувд:

 

Би АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнд судалгаа хийдэг байхдаа лабораторийнхоо хоёр эмчтэй Монгол Улсад хоёр удаа судалгаа хийж байсан. Дараа нь Британийн хатан хааны коллежийнхонтой судалгааны ажил хийсэн. Бид сэтгэл зүрхээрээ байнга энд байдаг ч зохион байгуулалтын болон бүтцийн дутагдал байна. Энэ ажлыг тэнд байгаа АНУ-ын Элчин сайдын яамаар дамжуулбал бид баяртай хамтран ажиллаж чадна.

Монголын төлөө юм хийх сэтгэл, потенциал байгаа ч яах аргаа олохгүй байдаг. Алсдаа бид хэтийн асуудалд оюуны потенциалаараа туслахад бэлэн. Манай Монголчуудын асар том дутагдал юм ярьчихаад маргааш нь яриагүй юм шиг явдаг. Тийм байхгүй, үүнийгээ цааш нь үргэлжлүүлээд явах юмсан гэж бодож байна.

Интел компанийн програмист Д. Энхтүвшин:

 

Бидний хувь нэмэр бол ноу хауг Монголдоо яаж авчрах вэ гэдэг асуудал. Зөвхөн өөрийнхөө биеийг буцааж авчрах асуудал биш мэдлэгээ буцааж авчрах асуудлын талаар ярьж байна. Бодлогод нь яаж нөлөөлөх вэ гэдэг тал дээр бид ажиллаж чадна. Ер нь мэдлэгээ буцааж Монголчууддаа хүргэх олон янзын арга байна.

Оролцогчдын хувьд гадаадад байгаа потенциалаа ашиглах хэрэгтэй. Гадаадад байгаа судлаачдыг Монголдоо эргээд ирсэн судлаачдыг холбох дэд бүтэц хэрэгтэй байгаа.

СИСТЕМИЙН ГАДНА ТАЛД БАЙГАА ХҮМҮҮСТ МОНГОЛЧУУД ЯМАР ДУТАГДАЛТАЙ БАЙНА ВЭ?

АНУ-ын Батлан Хамгаалах Яамны харьяа АУИС-ийн Цэргийн болон эрчимт эмчилгээний тэнхимийн Молекул Генетикийн лабораторийн эрхлэгч С.Нямхишиг:

Потенциалиа мэдэхгүй байгаа, төлөвлөхгүй байгаа байдал ажиглагдаж байна. Улсын бодлогыг бид хүлээгээд суух хэрэггүй. Залуу хүмүүс боломжийг яаж бий болгох вэ гэдэг тал дээр ажиллах хэрэгтэй. Маш их хөдөлмөрч, хийж буй ажлаа сонирхож хий.  Энэ бол маш чухал чанар. Мөнгө битгий хүлээ. Бага мөнгөөр хийж болох асар их салбар байна. Асар их хөдөлмөрлөж байж юманд хүрдэг.

Хүний их эмч, АНУ-ын Техасийн Их сургуулийн Анагаахын дээдийн профессор, Эрчимт эмчилгээний судалгааны төвийн захирал П.Энхбаатар:

Миний хувьд оюутандаа хэлдэг гурван чухал зүйл бий. Нэгдүгээрт, шинэ санаа, хоёрдугаарт, шинэ санаагаа хэрэгжүүлэх баг, гуравдугаарт хөрөнгө оруулалт. Америкийн залуус хүсэл эрмэлзлэлээрээ явахад хэдэн жилийн дараа хаана явах нь тодорхой байдаг. Үүнийг нь төрөөс бодлогоор хийгээд өгсөн.

Монголд дутагдаад байгаа юм нь энэ сайхан залуус хэдэн жилийн дараа хаана юу хийх вэ гэдгийг улс нь тодорхойлоод өгдөггүй. Үүн дээр зовлон байна.

Эрдэм шинжилгээний ажил хийхэд мөнгө их чухал. Тэр хүмүүстээ мөнгийг нь өгдөг, мөнгөө зарцуулах эрхийг нь олгодог байх нь мөн АНУ, Монгол Улсын гол ялгаа байна гэж харж байна.

Фэйсбүүкийн програмист О.Өлзийбаяр:

 

Солонгорсон эдийн засгийн нэг өнгө нь Мэдээллийн технологи байдаг гэж боддог. Мэдээллийн технологийн салбарыг дараагийн түвшинд хүргэхийн тулд ЕБС-ийн Мэдээлэл зүйн хичээлийн агуулга, арга зүйг шинэчлэх хэрэгтэй.

Монгол Улс багш төвтэй боловсролтой болохоор Мэдээлэл зүйн салбарт багш нарын чанарыг сайжруулах тусгай бодлого гаргаасай гэж хүсэж байна. Их дээд сургуулиудад хийгдэж буй сайн ажлууд байна. Жишээ нь судалгаанд нь хөрөнгө оруулалт хийнэ гэдэг нь маш зөв.

Мэдээллийн технологийн салбарт ажиллаж байгаа хүмүүс дараагийн түвшний сургалтад сурах сонирхолтой байдаг юм билээ. Тиймээс энэ салбарт дараагийн түвшинд сурахад нь дэмжээд өгөөсэй гэж боддог.

Хамгийн сүүлд хэлэхэд мэдээллийн технологийн шинэ ойлголтуудыг Монгол хүмүүст Монгол хэл дээр хүргэж бодлогын чанартай зүйл хийгээсэй гэж бодож байна.