Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Эцэг, эх тогтоох шинжилгээг ШҮЛС, УГТАЙ ҮСнээс ч авах боломжтой

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Нэгэн  гэр бүл салжээ. Эх нь нялх хүүхдээ ганцаараа өсгөхөд хэцүү учир эцгээс нь тэтгэмж авахыг хүсэв. Гэтэл хүүхдийн тэтгэмж авахын тулд салсан нөхрийнх нь хүүхэд мөн гэдгийг шүүх эмнэлгээр батлуулж ир гэв. 

Бүсгүй төрөөд сар гаруйхан болж байгаа хүүхдээсээ шинжилгээнд өгөх цус авч түвдсэнгүй. Хэдийгээр төрсөн эцэг нь мөн ч гэлээ эцэг тогтоох шинжилгээ хийлгээгүй учир хүүхэд нь тэтгэмж авч чадалгүй үлджээ. 

Амьдралд энэ мэт жишээ олон. Гэр бүлээ цуцлуулж, хүүхдэдээ тэтгэмж авах гэсэн ээжүүд мэдээлэлгүйн улмаас хохирсоор. Эцэг тогтоох шинжилгээ хийлгэхийн тулд хүүхдээс цус авдаг, цусны бүлгээр нь тогтоодог гэх ойлголт бидний дунд бий. 

Тэгвэл эцэг тогтоох шинжилгээг ямар тохиолдолд, хэрхэн хийдгийг тодруулахыг зорилоо. 

Эцэг тогтоох шинжилгээ буюу ДНХ (Дезоксирибонуклейн хүчил)-ийн шинжилгээг зөвхөн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнд хийдэг.  Гэхдээ Солонгос савангийн дуурь дээр гардагчлан хүссэн хүн болгон очоод хүүхдээ тэрний энэнийх гэдгийг тогтоолгочихдоггүй аж. 

Манайд нялх хүүхдээс цус авалгүйгээр шүлснээс нь дээж аван эцэг тогтоох шинжилгээнд өгдөг болоод нэлээд удаж байгаа

ШШҮХ-гийн Шинжилгээний бүртгэл, мэдээллийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Очирбат “Шүүхийн шинжилгээний тухай хууль болон бусад холбогдох хуульд ямар үндэслэлээр эцэг тогтоох буюу ДНХ-ийн шинжилгээ хийхийг заасан байдаг. Шүүгчийн захирамж, мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч, шүүх, прокурорын тогтоол, эрх бүхий байгууллагын хүсэлтийг үндэслэж эцэг тогтоох шинжилгээг хийдэг.
Өөрөөр хэлбэл, эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэж шинжилгээ хийнэ. Түүнээс биш хувь хүн ирээд эцэг тогтоох шинжилгээ хийлгэх боломжгүй” гэсэн юм. 

ДНХ-ийн шинжилгээ нь хүний биологийн гаралтай зүйл дээр хийгддэг. Цус, шүлс, үс гэх мэт. Шинжилгээний дээжинд ихэвчлэн цус авдаг ч зарим тохиолдолд нялх хүүхдээс шүлс авдаг аж. 

Манайд нялх хүүхдээс цус авалгүйгээр шүлснээс нь дээж аван эцэг тогтоох шинжилгээнд өгдөг болоод нэлээд удаж байгааг Т.Очирбат дарга өгүүлсэн. 

Харин хүний ДНХ-г шинжилдэг болохоос өмнө цусны бүлгээр эцэг тогтоодог байж. Энэ нь өрөөсгөл зүйл байсан нь дамжиггүй.  
Солонгос кинонд гардагчлан шүдний сойз, үснээс дээж аван эцэг тогтоох шинжилгээ хийдэг шиг угтай үснээс ч ДНХ-ийн шинжилгээ хийх боломжтой юм байна. 

ЭНЭ ТӨРЛИЙН ШИНЖИЛГЭЭ ХЭР НАЙДВАРТАЙ ВЭ?

ДНХ-ийн буюу эцэг тогтоох шинжилгээ 99.99 хувь найдвартай байдаг гэж албаны хүн хариулсан. Шинжилгээ өгсөн хүүхдийн ДНХ эцэг, эхийн ДНХ-тэй 99.99 хувь нийлнэ эсвэл бүрэн үгүйсгэгдэнэ гэсэн үг.    

Нэгэн жишээ дурдахад, манайд хийлгэсэн шинжилгээнд эргэлзсэн иргэн БНСУ-руу шинжилгээгээ явуулж дахин шинжлүүлсэн байна. Тэгэхэд хариу нь яг адилхан гарсан гэдэг. 

ЯАГААД ХУВЬ ХҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙЛГЭЖ БОЛОХГҮЙ ВЭ?

Шүүхийн шинжилгээний тухай хуульд болон бусад хууль тогтоомжид зөвхөн тогтоол, захирамж, эрх бүхий байгууллагын хүсэлтийг үндэслэж шинжилгээ хийнэ хэмээн заасан байгаа. 

Шүүхийн шинжилгээ гэдэг утгаараа эрүү, иргэн, захиргааны хэрэгт хэрэг шийдвэрлэх зорилгоор шинжилгээ хийдэг учраас энэ бүхэн дээрх хуулиар зохицуулагддаг. Хэрэв ШШҮХ-д бус хувийн лабораторид эцэг тогтоох шинжилгээ хийдэг болчихвол одоогийн хуулиар энэ нь нотлох баримт болж чадахгүй юм. Тухайн хүүхдийн эцэг, эх мөн, бишийг хуулийн дагуу тогтоож нотлох баримт гаргаж байна гэсэн үг. 

Энэ төрлийн шинжилгээ хийх аппарат, тоног төхөөрөмж ХӨСҮТ, МУИС, Мал Эмнэлгийн Хүрээлэнд байдаг бөгөөд сургалт, судалгааны зориулалттай ашигладаг аж. 

ЭЦЭГ ТОГТООХ ШИНЖИЛГЭЭ ХЭДЭН ТӨГРӨГИЙН ТӨЛБӨРТЭЙ ВЭ?

Эцэг, эх тогтоох ДНХ-ийн шинжилгээ хийлгэхийн тулд 147 мянган төгрөг төлнө. Энэ мөнгө нь ШШҮХ-нд ордоггүй, шууд Төрийн сан руу шилждэг байна. 

Шинжилгээний хариу нь 10-14 хоногт гардаг. Гэхдээ эрүүгийн буюу ноцтой хэргүүдийн холбогдох шинжилгээг яаралтай хийх зайлшгүй шаардлага гарах үе байдаг тул иргэний хэргийн шинжилгээ хойшлогдох тохиолдол гардаг аж. 

Тус байгууллага өнгөрсөн жилд 70 мянга орчим шинжилгээ хийснээс ДНХ-ийн 1,200 гаруй шинжилгээ хийжээ. Үүний 379 нь эцэг, эх тогтоох шинжилгээ байсан байна. 

ШШҮХ-ийн ажилтны яриагаар шинжилгээ авахад эцэг, эх, хүүхэд гурвуулаа очиж биологийн дээж өгөх ёстой. Гэтэл эцэг, эхийн хэн нэг нь хоцроод юм уу түрүүлж очоод шинжилгээгээ өгдөг. Ингээд дараа нь шинжилгээний хариу эргэлзээтэй байна гэсэн асуудал үүсгэдэг аж. Тиймээс эцэг тогтоох шинжилгээ хийлгэх гэж байгаа хүмүүсийг заавал цуг ир хэмээн шаарддаг болсон гэнэ. 

Хүүхдийнхээ шүлснээс нь 99.99 хувийн баталгаатайгаар шинжилгээ өгөх боломжтой болсон нь тэтгэмж төлөхөөс зайлсхийдэг аавуудын тоог багасгахад чухал юм. 

Мөн хүүхдийн тэтгэмж тогтоолгохоос гадна эрх бүхий байгууллагын шаардсанаар эцэг тогтоох шинжилгээ хийлгэх хүсэлтэй иргэн олон байдаг аж. Тухайлбал, овог солиулах, виз гаргуулах зэрэгт улсын бүртгэлийн газар, ЗДТГ-ууд, Элчин сайдын яамдууд иргэдээс энэ төрлийн шинжилгээ хийлгэсэн байхыг шаарддаг. Хувь хүн өөрөө очоод шинжилгээ хийлгэх боломжгүй тул тухайн төрийн байгууллага ШШҮХ-д хандаж хүсэлт гаргах шаардлагатай байдаг аж. 

Дээр дурдсан хүүхдэдээ тэтгэмж авч чадаагүй ээжийнхтэй адил тохиолдол олон бий. Бид энэхүү тодруулгаараа  дамжуулан дээрх шиг байдалд орсон ээжүүдэд туслахыг зорьсон билээ. 

Хүүхдийнхээ цусыг өгөлгүйгээр шүлснээс нь 99.99 хувийн баталгаатайгаар шинжилгээ өгөх боломжтой болсон нь өмнөх өгүүлэлд дурдсан хүүхдийнхээ тэтгэмжийг төлөхөөс зайлсхийдэг хариуцлагагүй аавуудын тоог багасгахад чухал юм. 

Өмнөх өгүүлэлд хүүхдийнхээ тэтгэмжийг цаг тухайд нь төлдөг эцэг маш цөөхөн буюу 10 гаруйхан хувьтай байдаг талаар дурдсан билээ.