2019/08/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,671.55₮
B30
УЛААНБААТАР
18°
|
12°
B30
УЛААНБААТАР
17°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
15:00
S30
18°
16:00
S32
17°
17:00
S32
17°
18:00
S32
15°
19:00
S32
14°
20:00
S31
13°
21:00
S31
11°
22:00
S31
10°
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31

Гурван жил авах мөнгөний төлөө 30 жил ГАНЦААРАА зүтгэх үү

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 2 сарын 29
iKon.MN

Амьдралын хүнд хүчрийг хоёулаа зүтгээд ч барахгүй үе байхад ганцаараа хүүхдээ хөтлөөд давна гэдэг амаргүй даваа. 

Тэгвэл манай улсын 10 өрх тутмын нэг нь үр хүүхдээ "өнчин" өсгөж байна. Нийгмийн янз бүрийн сөрөг үзэгдлийн хажуугаар гэр бүл салалт гэдэг асуудал өнөөгийн нийгэмд хурцаар тавигдах болжээ.

Нас баралт, эрхээ хасуулах зэрэг хүчин зүйлийн нөлөө байгаа ч гэр бүлийн салалтаас үүдсэн ганц бие эх, эцгүүдийн бүхэл бүтэн давхарга бий болсон гэхэд хилсдэхгүй. Тодруулбал, сүүлийн гурван жилийн дунджаар манай улсад 80 гаруй мянган өрх толгойлсон эхчүүд байгаа нь нийт өрхийн 10 орчим хувийг эзэлж байна. 

Үүнээс 18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон 40,433 эх, 7,971 эцэг байдаг гэсэн судалгаа гаргажээ. Бүр нарийн тоо хэлбэл, эдгээр эцэг, эхчүүдийн 80 гаруй хувь нь тав хүртэлх насны хүүхдээ ганцаараа өсгөж байна. Тиймээс ч нийгмийн нэг давхарга болсон ганц бие эх, эцгүүдэд халамж үзүүлэх зорилготой хуулийг УИХ-ын нэр бүхий гишүүд санаачилжээ. 

Хууль санаачлагч Д.Оюунхорол гишүүн  “Бага насны хүүхэдтэй ганц бие хүмүүст хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал, орлогын эх үүсвэр багатай, олсон орлого нь гэр бүлийн хэрэгцээнд хүрэлцдэггүй нь хүүхдээ эрүүл өсгөн бойжуулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамруулахад бэрхшээл учруулдаг. Тийм учраас өрх толгойлсон ганц бие эцэг, эх болон тухайн гэр бүлд өсч буй хүүхдийг дэмжих, тэдний эрх ашгийг хамгаалах эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай гэж үзэж, М.Энхболд, М.Бямбацогт, А.Тлейхан, Б.Чойжилсүрэн нарын гишүүдтэй хамтран энэ хуулийн төслийг боловсруулсан” гэсэн юм.  Хууль санаачлагчид хуулийн төсөлдөө санал авахаар Засгийн газарт хүргүүлээд байгаа аж. 

Зөвхөн хууль санаачлагчдын хүрээнд бус иргэдийн санал бодлыг ч хуулийн төсөлдөө тусгах үүднээс ганц бие ээж, аавуудын саналыг цахим хэлбэрээр авч байгаа аж. 

Хуулийн төслийн талаар нэгэн ээж-иргэн М "Өрх толгойлон амьдарч буйгаараа гайхуулж, бахархах юм алга. Гэвч хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн хорвоогийн буулганд нэг биеэ хоёр хуваан зүтгэж байгаа аавууд, ээжүүдэд засаг төрийн бодлого, дэмжлэг хэрэгтэй. Ийм хуультай болсноор гэр бүл салалтыг өөгшүүлнэ гэж зарим хүн дургүйцдэг гэнэ лээ. Уучлаарай, үр хүүхдээ хагас өнчрүүлж, өөрөө өрх толгойлон үлдэх хатуу тавиланг хэн ч хүслээрээ сонгодоггүй юм шүү" хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн байв. 

Одоогийн манай нийгэмд гэр бүл цуцлуулсан тохиолдлын дийлэнх хувьд нь хүүхдийг эхэд нь үлдээдэг /Хуулийн дагуу 0-7 насны хүүхдийг  эцэг эхийн аль нэгнийх нь асрамжид үлдээнэ. 7-18 насны хүүхдээс хэнтэй үлдэх саналыг нь асуудаг/. Тиймээс хүүхдийн тэтгэмжийг ихэвчлэн аав нар төлөх болдог. Шүүхийн практикаас харахад хүүхдийнхээ тэтгэмжийг цаг тухайд нь төлдөг эцэг маш цөөхөн буюу 10 гаруйхан хувийг эзэлдэг гэдгийг Шүүхийн ажилтан өгүүлсэн. 

Хүүхдийнхээ тэтгэмжийг цаг тухайд нь төлдөг эцэг маш цөөхөн буюу 10 гаруйхан хувийг эзэлдэг.

2015 онд ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэх алба 11,103 хүнээс 14,529,501.7 төгрөгийн хүүхдийн тэтгэмж гаргуулах ёстойгоос 1,409 хүнээс л тэтгэмж гаргуулсан байна. Энэ нь хүүхэддээ тэтгэмж өгөх ёстой хүмүүсийн дөнгөж 12.7 хувь нь л өгсөн гэсэн үг.  

Гэр бүл цуцлаад, аль нэг тал нь хүүхдийн тэтгэмж хүссэн тохиолдолд 0-12 насны хүүхдэд сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэмж тогтоодог. 192 мянган төгрөгийн тал нь буюу 96 мянган төгрөг.

Харин 12-18 насны хүүхдэд 192 мянган төгрөгийг бүтнээр олгох заалт бий.  

Ийм нөхцөлд бага насны хүүхэдтэйгээ үлдсэн ээжүүдэд санхүүгийн бэрхшээл маш их тулгардаг.

Тиймээс ганц бие ээж, аавуудад санхүүгийн болоод сэтгэл санааны дэмжлэг өгөх үүднээс уг хуулийн төслийг санаачилжээ. 

Зөвхөн 0-3 насны хүүхэдтэй ганц бие эцэг, эхэд сар тутам 192 мянган төгрөгийн халамж олгоно  

Уг хуулийг санаачилсан гэх мэдээлэлтэй зэрэгцэн сөрөг хандлага ч ашиглагдаж эхэлсэн.

Энэ талаар хууль санаачлагч Д.Оюунхорол “Нийгмийн тусламж үйлчилгээ хамгийн их шаардлагатай хэсэгт зориулсан хуулийн төслийг маань улстөрийн зорилгоор гуйвуулж мушгиж байгаад харамсаж байна. Үнэхээр ажил хийгээд амьдрах боломжтой хэсэг нь ажлын байр нь байж байвал сарын 192 мянган төгрөгийн төлөө гэр бүлээсээ сална гэдэг утгагүй зүйл” хэмээсэн юм.

Улсаас мөнгө тарааж гэр бүл салалтыг өсгөх гэж байна гэх хардлага цахим сүлжээгээр нэлээд тархаад байгаа. Тэгвэл дээрх нэр бүхий гишүүдийн санаачилсан хуулиар гэр бүлээ салгах хэмжээний мөнгийг халамж нэрийн дор зүгээр тараах гэж байгаа хэрэг үү?!

Хуулийн төсөлд халамжийн хэмжээг ямар байдлаар тусгаж, хэрхэн олгох болсныг тодруулбал: 

  • 0-3 насны хүүхэдтэй ганц бие эцэг, эхэд сар бүр 192,000 төгрөг олгож байхаар тусгажээ
     
  • Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч ажилгүй байгаа өрх толгойлсон эцэг, эхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх мөнгөн тэтгэмжийг сар бүр олгож, чөлөөтэй болон ажилгүй байсан тухайн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцахаар тусгасан байна.
     
  • Түүнчлэн хоёр ба түүнээс дээш хүүхэдтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд орон сууцны халаалт, цахилгаан, ус, түлшний үнийн хөнгөлөлтөд зориулан амьжиргааны доод түвшний 50 хувьтай тэнцэх мөнгөн тусламжийг оршин суугаа газрын байршил, сууцны төрөл харгалзахгүйгээр улирал бүр олгох боломжтой гэж үзэж байгаа аж. 

Хууль санаачлагчдын тооцоолсноор энэ хууль хэрэгжвэл жилд 26.5 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд нэмэлт эх үүсвэр гаргахгүйгээр нийгмийн халамжийн хөрөнгийг хүн амын тодорхой зорилтот хэсэгт чиглүүлэх замаар зохицуулах боломжтой гэж үзжээ. 

Хууль санаачлагчдын тооцоолсноор энэ хууль хэрэгжвэл жилд 26.5 тэрбум төгрөг шаардлагатай 

Нэг үгээр хэлбэл уг хууль батлагдвал 0-3 насны хүүхэдтэй ганц бие эх, эцэг сар болгон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192 мянган төгрөгийн халамж авдаг болох нь. Харин хүүхдээ гурван нас хүртэл нь  сар болгон 192 мянган төгрөг авахын төлөө гэр бүлээ цуцлан, хүүхдээ өнчрүүлэх хүн хэр олон байх бол.

Америк, Орос, Солонгос, Норвеги зэрэг улсуудын эрх зүйн орчныг судалж, хуулийн төслийг боловсруулжээ  

Уг хуулийн төсөлд ганц бие эх, эцгүүдэд зөвхөн мөнгөн хэлбэрээр ч бус өөр олон байдлаар дэмжлэг үзүүлэхээр тусгасан байна. Тухайлбал, өрх толгойлсон эцэг, эхэд  өрхийн аж ахуй эрхлэхэд нь техникийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэхэд хөнгөлөлттэй  зээл олгох, ажлын байртай болоход ажлын байрны мэдээлэл-зуучлалын дэмжлэг үзүүлэх, шаардлагатай бол мэргэжил олгох сургалтанд хамруулах зэргээр дэмжих боломжтой гэж үзсэн байна. 

Мөн амьжиргааны нэн тэргүүний хэрэгцээг хангахад чиглэсэн төрийн өмчийн түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулах, орон сууцны хөнгөлөлттэй зээл авахад дэмжлэг үзүүлэх, харьяаллын дагуу цэцэрлэг сургуульд хамруулах боломжийг ч тусгажээ. Дээр нь эрүүл мэндийг дэмжих үйлчилгээний хүрээнд хоёр ба түүнээс дээш зургаа хүртэл насны хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт  өрх, сум, баг, хорооны  эмчийн бичсэн жороор эмийн сангаас худалдан авсан эмийн үнийг эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн төлөх зэрэг заалтууд тусгагджээ. 

  • Иргэн С "Байр орон сууцны асуудал дээр дэмжлэг хэрэгтэй байна. Манайх гэхэд сард байрны түрээсэнд 500-600 мянган төг төлдөг. Лизингээр байранд орвол энэ мөнгөө өгөөд өөртөө байртай болох боломжтой. Гэтэл банкан дээр хамтран зээлдэгч батлан даагч байхгүй гээд зөвшөөрдөггүй. Энэ тал дээр төр дэмжих хэрэгтэй. Гэхдээ дэмжинэ гээд байршил зааж хол газар заах биш сургууль цэцэрлэг ажилдаа ойр сонголтоо хийх боломжийг олгох хэрэгтэй. Дэмжинэ гээд хол газар байр заавал туслах хүнгүй бидэнд явдал суудал нь бас л хүнд шүү дээ" 

Дэлхийн улс орнуудад ганц бие эцэг, эхэд үзүүлэх халамж, хөнгөлөлт, дэмжлэг, үйлчилгээг тусгайлсан хуулиар зохицуулдаг нийтлэг хандлага байдаг аж. Энэхүү хуулийн төслийг боловсруулахдаа Бүгд Найрамдах Филиппин Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Нидерландын Вант Улс, Норвеги Улс, ОХУ, АНУ зэрэг улс орнуудын холбогдох хууль эрх зүйн орчныг харьцуулан судалснаа хууль санаачлагч өгүүлсэн. 

Тодруулбал, Филиппин улсад Орон Нутгийн Нийгэм Хамгаалал, Хөгжлийн Газраас өрх толгойлсон ганц бие эцэг, эхэд ID карт (үнэмлэх) олгосноор холбогдох байгууллагуудаас халамжийн үйлчилгээ авах боломжтой болдог аж. ID карт авахын тулд нийгмийн ажилтанд шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлж өгдөг. Нийгмийн ажилтан өрх толгойлсон эцэг, эхтэй сайтар ярилцаж, түүний нөхцөл байдлын талаарх тооцоолол болон үнэлгээг хийнэ.  ID картныг нэг жилийн хугацаатай олгож  сунгалт хийхдээ нөхцөл байдлын өөрчлөлтүүдийг нэмж хийгээд явдаг байна. 

Хэрэв өрхийн орлого нь тогтоосон хязгаараас доош буюу ядуурлын түвшинд байгаа бол халамжийн үйлчилгээ-хөтөлбөрт бүхэлдээ хамрагддаг. Харин боломжийн орлоготой бол зөвхөн уян хатан ажлын цаг, эцэг, эхийн чөлөө  болон  Нийгэм Хамгаалал,  Хөгжлийн  Газраас  тодорхойлсон  бусад  үйлчилгээнд хамрагддаг байна. 

 

 

x