Англи хэлийг сонирхон суралцаж, цаашилбал Гадаадын их, дээд сургуульд элсэх хүсэлтэй хүмүүс их байдаг. Үүнтэй холбоотойгоор англи хэлийг хэрхэн сурах, хаашаа суралцахаар явах, ямар шалгалт өгөх, хэдэн оноо шаардагдах гэх мэт олон асуудлуудтай нүүр тулгардаг.
Энэ удаа бид iBT TOEFL, IELTS шалгалт болон Академик англи хэлний хэрэгцээний талаар өөрийн туршлагаасаа хуваалцах нэгэн бүсгүйтэй ярилцсан юм.
АНУ-ын Калифорни мужийн Их сургуулийн Боловсролын магистр, TESOL зэрэгтэй, Кембриджийн Англи хэлний албан ёсны шалгалтын удирдагч багш, ЖЭТ англи хэлний сургалтын төвийн Гүйцэтгэх Захирал Ц.Алтансортой таныг уулзуулж байна.
-Сайн байна уу. Таны АНУ-д суралцах болсон шалтгаан болон таниас шаардаж байсан шалгалтын онооны тухай бидэнтэй хуваалцахгүй юу?
-Миний хувьд Монголд, Англи хэлний сургалтын технологи нэвтрүүлэх, цаашдын судалгаанд суурилсан Англи хэлний боловсролыг түгээх эрмэлзэлтэйгээр Боловсролын магистр, "TESOL" буюу Англи хэлийг хоёрдогч хэл болгон заах чиглэлээр суралцахаар шийдсэн.
Тус зэрэг нь Англи хэлний багш, мэргэжилтнүүд бэлтгэх зорилготой учир чамгүй өндөр оноо буюу IELTS-ын 7.5, iBT TOEFL-ын 100 оноог шаардсан.
-Өндөр оноо байна шүү. Таны хувьд хэрхэн бэлдсэн бэ? Хэр их хугацааг зарцуулсан бэ?
-Хэдийгээр би арван жилээсээ Англи хэл үзэж, Англи хэлний багш хийж байсан ч гэсэн анх удаа IELTS-ын шалгалтыг өгөхдөө хүссэн оноогоо авч чадаагүй.
IELTS, TOEFL ийн шалгалтыг өгөхөд нарийн стратеги, тактик шаардагддаг.
IELTS, TOEFL ийн шалгалтыг өгөхөд нарийн стратеги, тактик шаардагддаг. Тиймээс тусгайлан цаг зориулан бэлдэж эхэлсэн.
Англи хэл мэддэг гээд бэлдэхгүйгээр өгвөл хүссэн оноогоо авч чадахгүй байх магадлалтай. Тиймээс би энэ 2 шалгалтыг хэд хэдэн удаа өгч байж хүссэн оноогоо авсан. Ингэснээр тус хоёр шалгалтыг ялгаануудыг ч олж харсан.
-Тэгвэл таны хувьд TOEFL, IELTS гэсэн хоёр шалгалтын ялгаа юу вэ? Мөн алийг нь өгөхөө мэдэхгүй байгаа хүмүүст юу гэж зөвлөх вэ?
-IELTS шалгалт бол уламжлалт шалгалтын арга барил дээр тулгуурласан буюу бичих зүйл ихтэй, түүнчлэн ярианы хэсэг дээр амьд харилцааг үүсгэдэг. Бичих дуртай, уламжлалт арга барилд дассан, амьд харилцаа буюу хүнтэй ярихдаа санаа зовдоггүй, мөн нарийвчилсан мэдээлэл сайн сонсож чаддаг хүнд илүү тохиромжтой.
Өөрийн чадвар, онцлог, компьютертой харьцах хурд зэрэгт тохируулан аль шалгалтыг өгөхөө сонговол илүү үр дүнтэй.
iBT TOEFL-ын хувьд компьютер урд удаан хугацааны турш сууж шалгалт өгдөг. Мөн ярианы хэсэг дээр оногдсон хугацаанд багтааж, хариултаа дохио дуугарсны дараа хэлэх шаардлагатай болдог. Иймд гол санаа, асуултаас хазайлгүйгээр 60 секундад оновчтой хариултыг микрофонд бичүүлнэ гэсэн үг юм. Үүнээс гадна компьютерийн гар дээр удаан бичдэг, компьютер дээр урд удаан хугацаагаар сууж чадахгүй хүний хувьд бол өгөхөд хүндрэлтэй зүйлс ихээхэн тохиолдоно. Тухайлбал миний хувьд анх TOEFL-ийн шалгалт өгөхдөө нүдний линзтэй орсноос болж нүд хуурайших, нулимс гарах гэх мэт асуудлууд тулгарч цаг алдаж байсан.
Тиймээс нийт шалгалт өгөх гэж буй хүмүүст хэлэхэд:
"Өөрийн чадвар, онцлог, компьютертой харьцах хурд зэрэг Англи хэлний мэдлэгээс гадна бусад хүчин зүйлсийг харгалзан үзэж аль шалгалт өгөхөө сонгох хэрэгтэй, үүний дараа нь сайн бэлдэх нь чухал" гэж хэлмээр байна.
-Англи хэлийг сурч байгаа ихэнх хүмүүс "TOEFL, IELTS-ын оноотой бол явах газраа оччихсон байхад аргаа олно" гэцгээдэг. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?
-Тийм шүү. Ихэнх хүмүүс оноотой байхад очоод аргаа олоод сурчихна гэж боддог. Миний хувьд эхний семестр хүнд байсан. Яагаад гэвэл профессоруудын яриа, унаган Англи хэлтэй хүмүүсийн яриаг ойлгох тал дээр бодсоноос өөр байсан.
Монголд бол Англи хэлний багш нар оюутнуудынхаа хэлний түвшин, ярианы хурданд тааруулж ярьдаг шүү дээ. Чих онгойх гэж ярьдаг даа. Тийм цаг хугацаа хэрэг болдог.
АНУ-д магистр гэлтгүй бакалаврт суралцах үед Академик англи хэлний бичгийн чадвар шаарддаг.
Түүнчлэн Магистр, бакалаварын алинд ч судалгааны ажил, бичгийн ажил нь сургалтын үнэлгээний гол үзүүлэлт болдог. Дор хаяж 10-20 хуудас бичгийн ажлыг Академик түвшинд бичих шаардлагатай болдог. Үүнтэй холбоотойгоор богино хугацаанд ойролцоогоор 3-4 ном унших эсвэл 15-20 мэдээлэллийн эх сурвалжаас судалгаа хийсний үр дүнд бичих хэрэг гардаг. Ийм нөхцөлд тэр бүр үг үсэггүй орчуулаад байх боломжгүй.
-Ингэхэд Академик Англи хэл, Ерөнхий англи хэлний мэдлэг хоёрын ялгаа юу вэ?
-Академик Англи хэл бол "CONTENT-BASED" буюу агуулга дээр суурилсан байдаг. Цаашилбал академик түвшний боловсролыг эзэмшихийн тулд хэрэгтэй Англи хэл гэж хэлж болно.
Академик Англи хэл бол "CONTENT-BASED" буюу агуулга дээр суурилсан байдаг.
Тухайлбал, биологи, эдийн засаг, нийгэм түүх гэх мэт агуулга дээр тулгуурласан үгсийн сан, танин мэдэхүйн мэдлэг олгох хөгжүүлэх тал дээр анхаардаг. Түүнчлэн хэрхэн анализ хийж бичих, хэрхэн өөрийн бодол санаагаа судалгааны ажилдаа тусгах, хооронд нь яаж холбох, хэрхэн гүйлгэж унших, хэрэгтэй мэдээллээ хурдан олж авах, олон ном, материалуудаас олсон мэдлэгээ яаж нэгтгэх гэх мэт олон чадваруудыг зааж өгдөг. Түүнчлэн хүний бичсэн үгийг хэрхэн өөрийн судалгааны ажилд оруулах, яаж ишлэл авах, өдөр тутмын харилцаанд хэрэглэгддэг Англи хэлний үгийг хэрхэн Академик англи хэл дээр хөрвүүлэн бичих гэх мэт.
Үүнтэй харьцуулахад Ерөнхий Англи хэл нөхцөл байдал дээр суурилсан.
Тухайлбал ресторанд, онгоцны буудалд байхдаа хэрхэн ярилцах гэх мэт харилцаа талаас хэрэгтэй мэдлэгийг олгодог. Товчоор хэлбэл өдөр тутмын хэрэглээний Англи хэлтэй болгох, хэрхэн захиа бичих, мөн аливаа зүйлийг уншаад, сонсоод өөрийн үзэл бодлоо илэрхийлж сурах, бусадтай хэрхэн харилцах гэх мэт чадваруудыг олгодог.
-Тэгэхээр гадаадад сурахаар төлөвлөж буй залуус Академик Англи хэлийг бага түвшинээс эхлэн суралцсанаар цаашид их дээд сургуульд ороход бүрэн бэлтгэгдэж байна гэсэн үг үү?
-Тэгэлгүй яахав. Англи хэлний дунд түвшингээс эхлүүлэн Академик Англи хэлний сургалтаар өөрийгөө TOEFL, IELTS шалгалтын бэлтгэл хүртэл бэлдэх боломжтой. Ингэснээр эдгээр шалгалтаа ч хүндрэлгүй өгөх болоод сургуульдаа очсон хойноо хүндрэл бэрхшээлгүй байх болно.
-Гадуур Англи хэлний сургалтын төвүүд Англи хэлийг 14 хоногт, TOEFL-д 1 сар бэлдүүлнэ гэх болсон. Таны бодлоор англи хэлийг богинохон хугацаанд хурдан сурах боломжтой юу?
-Миний эргэн тойронд байгаа хүмүүс, суралцагчид "Хурдан сурчих юмсан. Англи хэлийг хурдан сурах боломж байна уу?" гэсэн асуулттайгаар үргэлж ирдэг.
Англи хэлийг хурдан сурна гэдэг боломжгүй.
Бид Монгол хэлийг өдөр бүр сурч байдаг. Анх хэлд орсон цагаасаа бага багаар шинэ үг сурч, түүнийгээ хэрэглэж сурдаг шүү дээ. Цаашилбал сурсан үгээ бичиж, өгүүлбэр холбон ярьж сурдаг.
Бид олон арван жил Монгол хэлийг сурч байгаа шүү дээ. Гэсэн хэдий ч алдаатай бичиж, буруу ярих үе байдаг. Яг үүнтэй адилхан Англи хэлийг хурдан сурна гэдэг боломжгүй юм. Ном сурах бичгүүд ч хүртэл ойролцоогоор нэг түвшний агуулгыг 90-120 цагт үзэж судалж байж тухайн түвшний мэдлэгийг авна гэсэн "СТАНДАРТ"-тай байдаг.
-Танай төвийн хувьд СТАНДАРТ цагаа баримталдаг уу?
-Манай төв бол СТАНДАРТ цагийг баримталж, хичээлээ ордог. Хүмүүс "Танай төвийн төлбөр өндөр байна гэдэг. Үүнтэй холбоотойгоор бид зах зээл дээр байгаа эхний арван сургалтын төвийн цагийн үнэлгээг судалж үзсэн. Гэтэл манайх цагийн үнэлгээний хувьд доороосоо хоёрт орж байсан.
Мэдээж бид бусадтай адил 20,40 цаг болгож болох ч, суралцагчын ирээдүйн амьдрал, карьертэй холбоотой боловсролыг олгож байгаа учир энэ нь боломжгүй юм.
-Монголд Англи хэл сурах гэж үзлээ. Ерөөсөө тухайн улс руу очоод суръя гэсэн бодолтой залуус цөөнгүй байдаг. Энэ талаар таны бодол?
-Магадгүй тухайн хүний санхүүгийн боломж, цаг хугацааны асуудал ямар байгаагаас шалтгаална.
Гадаад руу хэлний бэлтгэлд явахад очоод түвшин тогтоох шалгалтаа өгөх болдог. Хэрэв дунд түвшиний мэдлэгтэй бол үндсэн сургалтандаа ороход дор хаяж 6 сараас нэг жилийн хугацаа шаардана. Мөн түүнчлэн сургалтын явц удаан явагддаг нь санхүүгийн болоод цаг хугаацааны хувьд олон асуудлыг дагуулдаг. Тиймээс ойролцоогоор 1-2 жил, 20-30,000 ам.доллар хэрэгтэй. Тэгээд магистрт TOEFL эсвэл IELTS-ын шалгалт өгч орно гэсэн үг юм.
Түүнчлэн хэлний бэлтгэлд очоод Академик түвшинд ярьж, сонсох чадварыг эзэмших боломжгүй.
Ийм бодит байдал байгаа учраас Монголдоо хэд дахин бага өртгөөр Англи хэл цаашилбал Академик англи хэлийг эзэмшээд аваасай гэж хүсч байна. Харин сурч байгаа гэсэн нэр зүүгээд, хичээлээ таслаад, идэвхгүй байвал удаан сурахаас гадна үр дүн гарахгүй.
-Монголд Англи хэлийг сурч байгаа хүмүүс ямар чадвартаа илүү их анхаарах ёстой вэ?
-Англи хэл бол дэлхийн хэл, үүнээс гадна ном, судалгааны ажлуудын 80 гаруй хувь нь Англи хэл дээр бичигдсэн байдаг учраас цаг үетэйгээ хөл нийлүүлж, эдгээр мэдээллийг унших, мэдэх хэрэгтэй болж байна. Эх хэл дээр нь унших, орчуулсан ном унших хоёр өөр шүү дээ.
Монголдоо бичих, унших чадваруудаа сайн эзэмших нь чухал гэж хэлмээр байна. Үүнд аливаа дүрмийг зөв хэрэглэж сурах, олон утгатай үгийг хэрхэн ашиглах, хэлний бүтэц ямар болох гэх мэт бүхий л зүйлс багтах болно. Хэрвээ та Монголдоо бичих, унших чадваруудаа сайн сураад авчихвал дараа нь тухайн орчинд нь очоод ярих, сонсох чадваруудаа хөгжүүлэх бүрэн боломжтой.
-Цаг заваа гарган үнэтэй зөвлөгөө, мэдээлэл хүргэсэн танд баярлалаа. Танд ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
-Баярлалаа. Нийт Англи хэл сурч байгаа хүмүүст амжилт хүсье.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!