Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

П.Баттөр: "Эрдэнэт үйлдвэр" ХХК Шилэн дансны хуулийг мөрдөхгүй байх үндэслэлгүй

Г.Номин, iKon.mn
2016 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг

"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Хүдрийн Ил Уурхайн ҮЭ-ийн Хорооны дарга П.Баттөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Миний бие болон уурхайчид "Эрдэнэт үйлдвэр" шилэн дансны хуулийг хэрэгжүүлэн ажиллахыг шаардсан. Гэтэл "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн намайг Эрдэнэт үйлдвэрийн нэр төрд халдлаа хэмээн цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн. 21 хоног цагдаад байцаагдаж шалгагдсаны дараа хэрэг прокурор руу шилжээд байна. 

Хуулиа хэрэгжүүлэхийг шаардсаны төлөө миний бие хэлмэгдэж байна.

Шилэн дансны хууль хэрэгжиж эхлээд жил орчим болж байхад өнөөг хүртэл хуулиа хэрэгжүүлэхгүй байгаад  байгаа шалтгааныг тодруулж, хуулиа хэрэгжүүлэхийг шаардсаны төлөө миний бие хэлмэгдэж байна. 

"Эрдэнэт үйлдвэр" ХХК Шилэн дансны хуулийг мөрдөхгүй байх үндэслэлгүй. Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрийг Шилэн дансны хуулийг мөрдөхийг шаардсан албан бичиг хүртэл ирсэн.

Түүнчлэн миний бие ҮЭ-ийн байгууллагыг төлөөлөн цалин нэмэх шаардлагыг тавьснаараа л буруутан болоод байна” гээд доорх мэдэгдлийг хийлээ.

МЭДЭГДЭЛ

"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Хүдрийн Ил Уурхайн ҮЭ-ийн Хорооны дарга П.Баттөр миний бие уурхайчдын эрх ашгийн төлөө цалин хөлсийг нэмэгдүүлэх, шилэн дансны хуулийг биелүүлэх зорилгоор дараах шаардлагуудыг тавьсныхаа  төлөө хэлмэгдэж байна.

1. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг "Оюутолгой" ХХК таван хувиар,  алт олборлогч компаниудад 2,5 хувиар, Эрдэнэт үйлдвэр ХХК 16 хувиар борлуулалтын орлогоос төлөхөөр тогтоосон байна. 

Үүнээс харьцуулахад "Оюутолгой" ХХК-д татварын хөнгөлөлт үзүүлж, үндэсний үйлдвэрлэгч "Эрдэнэт үйлдвэр" ХХК-д илүү татварын дарамт учруулж, ялгаварласан үйл ажиллагаа явуулж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. 

Иймд "Эрдэнэт үйлдвэр" ХХК , "Оюутолгой" ХХК болон уул уурхайн олборлолт явуулдаг компаниудад адил тэнцүү хэмжээний татварын тогтолцоог буй болгосон шийдвэр өгөх. Өнөөдөр зэсийн үнэ 4,500 ам.доллар болж татварыг  таван хувиар төлөх болно. 

Үйлдвэр 2016 онд 837 сая ам.долларын борлуулалт хийнэ. 16 хувиар тооцвол 133.9 сая ам.доллар , таван хувь нь 41,8 сая  ам.доллар, зөрүү 92 сая ам.доллар ашиг болж байна. Энэ 184 тэрбум төгрөг, зургаан мянган ажилчдын нэг жилийн цалинд үйлдвэр 130 тэрбум төгрөг зарцуулдаг. Үүнээс харахад зэсийн үнийн бууралт нь ашиг авчирч цалинг нэмэгдүүлэх боломжийг бий болгож байгаа учир би цалинг нэмэгдүүлэхийг шаардсан юм. 

Орос хүнд Монгол хүнээс  хоёр дахин илүү цалин өгч байгаа. 

Мөн бүтээгдэхүүний гарц нэмэгдэж, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж байхад ҮЭ-ийн байгууллага цалин нэмэхийг шаардах эрхтэй.
Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд Орос хүнийг 1-р зэрэгт тавьж Монгол ажилчдаа 2-р зэргийн хүн гэж авч үзэж байна. Үүний тод жишээ бол Орос хүнд Монгол хүнээс  хоёр дахин илүү цалин өгч байгаа ялгаварлан гадуурхсан үйл ажиллагаа юм. 

Цалинг ялгавартай тогтоож байгаа Олон улсын гэрээ конвенц болон хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж байна. 

Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ-ийн Холбооны дарга, Булган аймгийн ”ХҮН-ын дарга Н.Батбаатар нь ажилчдыг ажиллаж байгаа цехээр нь ялгаварлан гадуурхсан, татвар төлөгч гишүүдийн мөнгийг татвар төлдөггүй гишүүдийн аялал зугаалгад заруулах гэх мэт дүрэм зөрчсөн дордуулсан хамтын гэрээ хийж, ажил олгогчийн захиалгаар уурхайчдын төлөөллийг холбооны тэргүүлэгч болон хамтын гэрээний комиссын бүрэлдэхүүнээс хасаж уурхайчдын эрх ашгийн эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа учир МҮЭ-ийн Холбоо анхааралдаа авахыг хүсэж байна.

2. Оросын талд төлөх ноогдол ашиг болох 100 гаруй сая ам.доллар байгаа юу, энэ мөнгийг юунд зарцуулсан, мөнгийг төлөхөд үйлдвэрт хүндрэл учрах уу? хэн хариуцлага хүлээх вэ? гэсэн асуултад хариулт авахыг л хүссэн.

Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэхийг шаардсан. Монгол улсын үндсэн хуулийн 41.1-д Төрийн хуулийг хэрэгжүүлэх чиг үүргийг Монгол улсын Ерөнхий сайд Их хурлын өмнө хүлээнэ гэсэн заалтыг үндэслэн төрийн  гурван өндөрлөгт шаардлагыг тавьсан. Нэг компанийн захирал хууль тайлбарлах эрхгүй. Монгол Улсын дээд шүүх хуульд тайлбар өгөх эрхтэй. Монгол Оросын хамтран байгуулсан олон улсын гэрээнд Монгол Улсын хуулийг биелүүлэн үйл ажиллагаагаа явуулахаар заасан байдаг. Баялаг бүтээгч уурхайчид Эрдэнэт үйлдвэр шилэн дансны хуулийг хэрэгжүүлэн ажлуулахыг ҮЭ-ийн Хороогоороо дамжуулан шаардсан.

"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн үйлдвэрийн нэр төрд халдсан, хохирол учруулсан гэсэн үндэслэлээр 2015 оны арванхоёрдугаар сарын 10-нд цагдаагийн газарт гомдол гаргаж, миний бие байцаалт өгч дарамтлуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар цагдаагийн газраас прокурорын газарт шилжүүлэгдэн шалгагдаж байна. 

"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Ерөнхий захирлын удирдлагад 22 хүнтэй бүхэл бүтэн хуулийн хэлтэс ажиллаж байгаа. Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтэс хэвлэл мэдээллийн хэрэгслээр Эрдэнэт үйлдвэр шилэн дансны хуулийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Иргэн П.Баттөр нь олон нийтийн цахим сүлжээ, мэдээллийн хэрэгслээр Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц хамт олны нэр хүндэд халдсан, илт гүжирдсэн үйл ажиллагаа явуулж байна гэж мэдэгдсэн боловч яг одоогийн байдлаар тус үйлдвэрийн шилэн данс ажиллахгүй байна.

Эрдэнэт үйлдвэр нийт борлуулалтын орлогынхоо найман хувийг ажиллагсдынхаа цалинд зарцуулж байна. Бусад 92 хувь нь юунд зарцуулагдаж байгааг шилэн дансны хуулиар ил тод гарах ёстой. Уурхайчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, шилэн дансны хуулийг хэрэгжүүлэхийг шаардсаны төлөө "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн шинэ цагийн хэлмэгдүүлэлтийг эхлүүлж , уурхайчид ҮЭ-ийн байгууллагаараа дамжуулан үзэл бодлоо илэрхийлэх эрхийг боомилсон үйл ажиллагаа гэж үзэж байна. Хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлчид та бүхэнд баярлалаа. Шударга ёс ялна гэдэгт итгэж байна.