Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Цогтгэрэл: “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Ц.Даваацэрэнг ажлаас халах нөхцөл бүрдсэн

Ч.Гэрэл
2016 оны 1 сарын 8
Зууны мэдээ
Зураг зураг

Шилэн данс хөтлөхгүй байгаа төрийн өмчит компаниудыг шалгуулах хүсэлтийг иргэн Б.Цогтгэрэл АТГ-т гаргаад хэдэн сар болж байгаа билээ. Энэ талаар түүнээс тодрууллаа.

-Төрийн өмчит компани болох “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” компани Шилэн дансны цахим хуудсанд ямар ч тэмдэглэгээ хийгээгүй, хөтлөөгүй байгаа талаар та өнгөрсөн оны есдүгээр сараас тавьсан. Мөн АТГ-т эдгээр байгууллагыг шалгаж өгөх хүсэлтээ гаргасан. АТГ-аас танд хариу ирсэн үү?

-Шилэн дансны тухай хуулийг төрийн өмчит зарим компани мөрдөхгүй байгаа. Тэдний нэг нь “Эрдэнэт үйлдвэр”. Хуулиа мөрдөхгүй бол тухайн байгууллагын удирдлагад сануулах, цалингийн 20 хувийг хасах, төрийн албанд нэг жил эргэж томилогдохгүй ажлаас халах зэрэг гурван төрлийн арга хэмжээ авдаг. 

Ер нь зөвхөн “Эрдэнэт үйлдвэр” төдийгүй Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.2-т өгсөн чиг үүрэг, хууль тогтоомжийг биелүүлээгүй бол тухайн аймгийн Засаг дарга болон ИТХ-ын даргыг огцруулж болно гэж заасан байгаа.

АТГ-аас “Эрдэнэт үйлдвэр”-ийг шалгаад шилэн данс хөтлөхгүй байгааг тогтоосон. Энэ талаарх хариугаа АТГ-аас надад албан бичгээр ирүүлсэн байгаа.

Тодруулбал, АТГ-ын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдын гарын үсэг, тамгатай хариу албан бичиг ирсэн. Энэ дагуу “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Ц.Даваацэрэнг ажлаас нь халах нөхцөл бүрдсэн. Өмнө нь түүнд Засгийн газраас шилэн дансаа хөтлөх талаар олон удаагийн сануулга өгсөн байдаг. Тэгэхээр одоо ажлаас халах бүрэн үндэслэлтэй болж байгааг АТГ тогтоосон.

-АТГ-аас “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Ц.Даваацэрэнд хариуцлага тооцох үндэслэлийг нь тогтоосон гэлээ. Шилэн дансаа хөтлөөгүй нь нотлогдсон бол яагаад одоог хүртэл хариуцлага тооцохгүй байна вэ?

-Ажлаас халах, хариуцлага тооцох арга хэмжээ авах нь АТГ-ын ажил биш. Үндэсний аудитын газар, УИХ болоод томилдог байгууллагуудын хийх ёстой ажил. “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлыг Төрийн өмчийн хороо томилдог.

Төрийн өмчийн хороо татан буугдсан. Одоо хариуцлага тооцох асуудлыг Сангийн яам хариуцаж байгаа. Миний хувьд “Эрдэнэт үйлдвэр”-ийн асуудлыг дахиад АТГ-т өгнө. Мөн Үндэсний аудитын газарт дахин хандана.

Зураг