Манай сонин өмнөх дугаартаа “Р.Чингис дарга аа, Сэлэнгийн цагдаагийнхан хүчингийн хэргийг хав даржээ” гэх гарчигтай материалыг хүргэсэн. Учир нь, өнгөрсөн есдүгээр сард тус аймгийн нутаг дэвсгэрт Хилийн цэргийн 101 дүгээр ангийн захирагч, хурандаа Э-гийн дагавар хүү Билгүүн нь 22 настай У гэх эмэгтэйг хүчирхийлсэн хэрэг гарсан.
Хачирхалтай нь, сэжигтэн Билгүүн хойд аавынхаа нэр төрийг ашиглан цагдаагийн байгууллагад нөлөөлж, хэргээс мултарсан байж болзошгүй талаар эх сурвалж мэдээлж байгаа юм. Харин хохирогч У нь дээрх хэрэг явдлаас хойш сэтгэл санааны хямралд орж, хүнд байдалтай байгаа билээ.
Тиймээс манай сонин мэдээллийн тэнцвэртэй байдлыг хандах үүднээс Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Б.Баатархүүгээс дээрх хэрэг явдлын талаар дараах тайлбарыг авсан юм.
-Сэлэнгэ аймагт гарсан хүчингийн хэргийг хуулийнхан хав дарсан байж болзошгүй мэдээллийг бид аваад байна. Үнэхээр сэжигтэн залуу танил талынхаа хүрээнд хэргийг шийдэж, энэхүү хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, хэрэгсэхгүй болгосон гэдэг үнэн үү?
-Цагдаагийн ерөнхий газраас танай сонинд гарсан мэдээллийн дагуу Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга Д.Энхбаяртай холбогдсон. Тэдний өгсөн мэдээлэлд энэ оны есдүгээр сарын 26-ны өдрийн 00:40 минутад аймгийн Сүхбаатар сумын дугаар тоотод оршин суух хаягтай иргэн У-гаас “Ажил тараад гэр лүүгээ явж байтал үл таних согтуу залуу байрны орцонд орж, хувцас тайлж хүчиндэхийг завдлаа” гэх гомдол цагдаагийн байгууллагад ирсэн.
Мэдээллийн дагуу мөрдөн байцаагч, жижүүрийн бүрэлдэхүүн хойшлуулшгүй ажиллагаа явуулахад иргэн Б гэгч нь энэхүү хэргийг үйлдсэн болохыг нь тогтоосон. Үүний дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан.
-Хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл нь юу байсан юм бэ?
-Гомдол мэдээллийн дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад нэгдүгээрт хохирогч У нь тухайн гэмт хэрэг үйлдсэн гэж мэдүүлсэн иргэнийг үл таних биш өмнө нь таньдаг, тэр ч бүү хэл дотно харилцаатай байсан нь тогтоогдсон.
Мөн хохирогч иргэн У-гийн биед ямар нэг гэмтэл шарх учруулаагүй, бэлгийн харьцаанд орсон гэх ул мөр илрээгүй. Хохирогч өөрөө шүүх шинжилгээний эмнэлэгт шинжилгээ өгөхөөс татгалзсан.
Мөн хуулийн дагуу үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн ажилтныг гүтгэх, доромжлох үйлдэл гаргасан иргэнд хариуцлага хүлээлгэдэг.
Мөн иргэн Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийг нь зөвшөөрөлгүй үнссэн, би өөрөө гэр бүлтэй хүн учраас уур хүрч цагдаагийн байгууллагад гомдол мэдүүлсэн” гэх мэдүүлэг өгсөн учраас Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх зүйлийн 24.1.1-д зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр 2015 оны есдүгээр сарын 26-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай аймгийн прокурорын газарт шилжүүлсэн байна.
Харин аймгийн прокурорын газраас 2015 оны аравдугаар сарын 14-ний өдрийн тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах шийдвэр гаргаж, гомдол мэдээлэл гаргагчид хариу мэдээлэл өгсөн.
-Сэжигтэн Билгүүний аав цэргийн ангид ажилладаг хурандаа хүн. Энэ ч утгаараа хүүгээ хэргээс мултлахын тулд танил тал, албан тушаалаа ашигласан гэх мэдээлэл бий. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Энэ хэрэгт холбогдуулан шалгасан Б-гийн хойд эцэг Э нь Сэлэнгэ аймгийн Хилийн цэргийн ангид албан тушаал хашдаг нь үнэн. Энэ хэргийг шалгах явцад ямар нэгэн байдлаар цагдаад хөндлөнгөөс нөлөөлж, хэргийг өөрт ашигтай байдлаар шийдвэрлүүлэхийг оролдсон үйлдэл, хүсэлт гаргаагүй. Бүхэл бүтэн хүчингийн хэрэг гарчихаад байхад цагдаагийн байгууллагаас хав дарж, нууна гэдэг асуудал байх боломжгүй.
Магадгүй цагдаагийн байгууллагын алба хаагчтай холбоотой алдаа дутагдал гарч байхыг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын удирдах ажилтанд гомдол гаргах хэрэгтэй.
Тэр удирдах ажилтан таны гомдол мэдээллийг хуулийн дагуу шийдвэрлэхгүй байна гэж үзвэл дээд шатны байгууллагад нь гомдол гаргах эрх иргэн хүн бүрт бий. Цагдаагийн байгууллага дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлынхаа асуудалд маш онцгой анхаардаг. Алдаа дутагдал гаргасан хүмүүст хатуу хариуцлага тооцож ажилладаг. Мөн хуулийн дагуу үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн ажилтныг гүтгэх, доромжлох үйлдэл гаргасан иргэнд хариуцлага хүлээлгэдэг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
|