Ертөнцийн гурав нь байгаль дэлхий, орчлон ертөнц, нийгмийн болон сэтгэхүйн аливаа юмс үзэгдлийг адил төстэй, нийтлэг шинж төлөвөөр нь гуравлан нэгтгэсэн богино хэлбэрийн шүлэг юм.
Ингэхдээ юмс үзэгдлийг өнгө зүс, бөх хэврэг, хүнд хөнгөн, үнэн худал, сайхан муухай, олон цөөн, хатуу зөөлөн, баян хоосон, илүү дутуу, хол ойр, тустай тусгүй, жигтэй жиггүй, гайхамшиг гутамшгаар нь гэхчилэн гурав гурваар багцлан хураадаг.
• Төрийн гурав
• Дэлхийн гурав
• Тивийн гурав
• Гурбальжан, дүрбэлжэн таабари
(Буриад)
• Гурвалсан үг
• Гурван үгийн сургаал
• Дөрвөн үгийн дөт зүйрлэл
гэх зэргээр нэрлэж иржээ.
“Дөрвөн үгийн дөт зүйрлэл” гэсэн нь ихэнх ертөнцийн гурав 3 мөртэй байдаг ч, бас 4, 5, 6 мөртэй гэж байдаг төдийгүй ер нь бүх ертөнцийн гурав 3 мөрт байдаггүйн илрэл болсон нэршил юм.
Мөн дэлхийн, тивийн болон ертөнцийн гурав гэсэн нь аман зохиолын энэ төрөл зүйл аливаа юмсыг ерөнхийлөн нэгтгэдэг болохыг харуулж байна /Дулам С., Нандинбилиг Г. Монгол аман зохиолын онол-I. IV боть. УБ, 2007 /.
Ертөнцийн гурав нь байгалийн үзэгдэл, нийгмийн хөгжил, аж байдлын бодит туршлагаас хүмүүсийн таньж мэдсэн зүйлсийг нийтлэг зүй тогтлоор нь нэгтгэхдээ олон сэдвийг хамарсан байдаг. Үүнд ардын ахуй амьдрал, зан заншил, шашин, үзэл санааны нь тухай дийлэнх байх бөгөөд хийсвэр ойлголтын талаарх ертөнцийн гурав ч бас нэлээд байна.
1. Аливаа юмны өнгө зүсний тухай өгүүлэмж элбэг байна.
Жишээ нь:
Ертөнцийн гурван цагаан
Эх амьтны сүү нэг цагаан
Энтэйгээс эсгий нэг цагаан
Ээрэм талд бэлчих хонь нэг цагаан
Ертөнцийн гурван улаан
Алаач хүний ганзага улаан
Амар жаргалантын хацар улаан
Аливаа амьтны цус улаан
Эдгээр ертөнцийн гурав нь бага насны хүүхдэд бодит зүйлсээр дамжуулан өнгө таниулахад чухал ач холбогдолтой.
2. Эерэг, тааламжит байдлыг илэрхийлсэн ертөнцийн гурвууд их байдаг.
Жишээ нь:
Ертөнцийн гурван цэмцгэр
Үүлээ хөөсөн тэнгэр нэг цэмцгэр
Үнсээ гаргасан тулга нэг цэмцгэр
Үсээ самнасан авгай нэг цэмцгэр
Ертөнцийн гурван хөөрхөн
Бой нь арилсан хүүхэд хөөрхөн
Борвио нээсэн гөлөг хөөрхөн
Босож тэнцэж байгаа ботго хөөрхөн
гэх ертөнцийн гурвуудаас монголчуудын цэвэр цэмцгэрийн тухай ойлголт болон үр хүүхэд, нохойн гөлөг, төл малаа ихэд өхөөрдөн хайрладаг нь илэрхий харагдана.
3. Мөн зарим ертөнцийн гуравт юмс үзэгдлийн буруу зөрүү, сөрөг байдлыг шүүмжлэн илэрхийлэх нь ч бий.
Жишээ нь:
Ертөнцийн гурван тэнэг
Төр ёсоо мэдэхгүй ноён тэнэг
Төл гунжаа мэдэхгүй бух тэнэг
Түүх үүхээ мэдэхгүй хүн тэнэг
Ертөнцийн гурван олон
Худалч хүний нээрэн олон
Хуурамч хүний хөөрхий олон
Хуудуу (хөнгөн) хүний за олон
хэмээн хүмүүсийн хоорондын зан харилцаа, ёс суртахууны доголдлыг шүүмжилжээ.
4. Монголчуудын аж амьдрал, ялангуяа мал аж ахуйн талаарх ертөнцийн гурав нэлээд их байна.
Жишээ нь:
Ертөнцийн гурван чимэг
Тэмээ говийн чимэг
Тэрэг хотны чимэг
Тэх талын чимэг
Ертөнцийн гурван буг
Хавтгай аргал галын буг
Хатсан ховоо худгийн буг
Хатуу эхнэр гэрийн буг
5. Аливаа юмсын байнгын хувьсал өөрчлөлт, хоосон чанар, мөнх бусын тухай өгүүлсэн байдаг.
Жишээ нь:
Ертөнцийн гурван байдаггүй
Хүн залуугаараа байдаггүй
Хүлээс чангаараа байдаггүй
Хөвд ногооноороо байдаггүй
Ертөнцийн гурван үнэн
Төрсний эцэст үхэх үнэн
Хураасны эцэст дуусах үнэн
Хурсны эцэст тарах үнэн
6. Мөн ертөнцийн гуравт эсрэг тэсрэгийн нэгдмэл шинжийг тусгасан шүлэг мэр сэр тохиолдоно.
Жишээ нь:
Ертөнцийн гурван байна
Оёгч байвал урагч байна
Олз байвал гарз байна
Эхлэл байвал төгсгөл байна
Ертөнцийн гурван байдаг
Өдөр байвал шөнө нэг байдаг
Өвөл байвал зун нэг байдаг
Эм байвал эр нэг байдаг
Мөн монголчуудын байгаль орчинтойгоо зохицон амьдрах мэдлэг туршлага нь ертөнцийн гуравт тусгалаа олсон байдаг.
Жишээ нь:
Ертөнцийн гурван хэцүү
Үерлэн шуугих нь ус хэцүү
Дүрэлзэн асах нь гал хэцүү
Эрчлэн хийсэх нь салхи хэцүү
хэмээн хэлэлцдэг нь цаг агаар, байгалийн хатуу ширүүн нөхцөлтэй монголчуудын хувьд аливаа гамшгийг таньж мэдсэн, тэдгээрийн хор хөнөөлийг амьдрал дээр ухаарч ойлгосны илрэл юм. Мөн
Ертөнцийн гурван баян
Газар үндсээр баян
Тэнгэр одоор баян
Далай усаар баян гэсэн нь монголчуудын дээд, дунд, доод гурван ертөнц оршин байдаг гэж үздэг онолоор тэдгээрийн хамгийн баялаг зүйлсийг газар дэлхийд бол үндэс, тэнгэр эрхэст бол од, лусын оронд бол ус гэж ухаарсны нэгэн илэрхийлэл юм. /Цэрэнсодном Д. Монгол аман зохиолын тайлбарт дээж бичиг. УБ, 2012/
Монгол ертөнцийн гурвын ихэнх нь толгой, сүүл холбох буюу хайрцаглан шүлэглэх зарчмаар /Содном Б. Монгол ардын “Ертөнцийн гурав, дөрөв” гэдгийн тухай. УБ, 1964/ бүтдэг. Ихэвчлэн гурван мөрт байх бөгөөд үүсмэл дөрөв болон түүнээс олон мөрт байсан ч нэг бадаг шүлгийн утга агуулгатай байна.
Ертөнцийн гурвын шүлэглэсэн мөрөнд харшлах авиа ордоггүйн дээр, бас үг хэллэгийн дэс дараа нь өгүүлбэрийн бүтцийн дагуу бүтсэн байдаг тул хэлж дуудахад эвтэйхэн байдаг. Хэлний онцлогийн хувьд нэг ертөнцийн гурвыг хэд хэдэн янзаар хэлж болно. Тухайлбал:
Ертөнцийн гурван хурдан-ыг
1. Хүлэг морины хөл хурдан
Хурц хүний санаа хурдан
Хөшүүн нумны сум хурдан гэж шууд хэлнэ. Эсвэл
2. Хүлэг морины хөл нэг хурдан
Хурц хүний санаа нэг хурдан
Хөшүүн нумны сум нэг хурдан гэж өгүүлж буй санааныхаа өмнө “нэг” гэсэн үг оруулна. Энэ нь ижил шинжтэй юмсын нэг нь болно гэсэн утга агуулна. Мөн
3. Хүлэг морины хөл нэг хурдан
Хурц хүний санаа хоёр хурдан
Хөшүүн нумны сум гурван хурдан
гэж утга санааг тоогоор ахиулдаг.
Энэ мэтчилэн хэдэн янзаар ч хэлж болдог нь ертөнцийн гурвын хэлбэр бүтцийн онцлогийг илэрхийлж буй бөгөөд утгыг гүнзгийрүүлэхээс гадна зэрэгцээ гурван өгүүлбэрээр зэргэд үүсгэсэн, нэг нь нөгөөгөөсөө урган гарсан гинжин бүтэцтэй байх нь ч бий.
4. Мөн ижил шинж чанартай олон зүйлээс тухайлан нэгийг онцолж буйгаа илэрхийлэхдээ Монгол хэлний гарахын тийн ялгалын “-аас” нөхцөлөөр хэлбэржүүлэн хэлдэг
1. Жишээ нь:
Ертөнцийн гурван хар
Тостойгоос тогоо хар
Билэгтэйгээс бэх хар
Амттайгаас архи хар
Ертөнцийн гурван тансаг
Агаарт байдгаас сар тансаг
Аглагт байдгаас цэцэг тансаг
Араатанд байдгаас арслан тансаг
гэх мэт.
Түүнчлэн ертөнцийн гурав нь эд юмсын өнгө зүс, шинж чанарыг танин мэдүүлэх, хэл яриаг хөгжүүлж уран цэцэн үгтэй болгох гэх мэт олон талын ач холбогдолтой.
Монгол ардын аман зохиолын “Утга соёл” цувралын VI дахь бүтээл “Ертөнцийн гурав” номоос бэлтгэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
78 СЭТГЭГДЭЛТЭЙ
|