Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, урамшууллыг хассан тушаал, шийдвэр гаргалаа гэсэн мэдээлэл гарах болсон. Энэхүү мэдээлэлд Эрүүл Мэнд, Спортын сайд Г.Шийлэгдамба тайлбар хийсэн байна.
Эрүүл мэндийн салбарын төсөвт байгууллагуудын цалин, хөлсний нэмэгдлийг зөвхөн Засгийн газрын тогтоолоор цалингийн ангилал, сүлжээ нэмэгдлүүдийг тооцож тухайн жилийн төсөвт тусган УИХ-аар хуульчлан баталдаг. Мөн Төсвийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.7 дахь заалтад зааснаар төсөвт тусгагдаагүй арга хэмжээг санхүүжүүлэхийг хориглосон байдаг гэдгийг тэрбээр мэдээллийн эхэнд тайлбарласан.
Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн хүчингүйд тооцсон "Эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалын үндсэн цалинг нэмэгдүүлэх эрх олгох тухай" 384 тоот тушаал нь, 2010 оны 4-р сарын 12-ны өдөр тухайн үеийн эрүүл мэндийн сайдын баталсан тушаал байсан юм.
Энэхүү хүчингүй болсон тушаалд албан хаагчдын үндсэн цалинг "Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишиг"-ээс 50 хувиас доошгүй нэмэгдүүлж, батлагдсан төсөвтөө багтаан олгох гэж тусгасан байдаг ч өнөөдрийг хүртэл огт хэрэгжээгүй ирсэн. Иймд Сангийн яамнаас 2014.07.07-нд хүчингүй болгох тухай албан бичгийг манай яаманд ирүүлсэн байдаг. Тиймээс хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зарим арга хэмжээг хуулийн дагуу хэрэгжүүлснээс биш, салбарын ажиллагсдын цалин тэтгэмжийг бууруулах нэг ч тушаал шийдвэрийг гаргаагүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!