Сүүлийн жилүүдэд нийслэлийн өнгө төрхийг сайжруулах ажилд нэлээд хөрөнгө зарж, тэр хэрээрээ ажил урагштай явж байгаа нь иргэдэд харагдах болсон. Гэхдээ л учир дутагдалтай ажлууд байсаар байна. Тухайлбал, явган хүний зам болоод хашлагын ажил жил бүр л хийгдэж байна.
Зуны турш үргэлжлэн орсон бороо автозамуудын тарыг таниулж, иргэдэд ихээхэн төвөг учруулдаг нь үнэн. Ус зайлуулагчгүй замтай учраас борооны усанд замууд эвдэрч, хашлага нь нурдаг. Үүнээс шалтгаалан энд тэндгүй замын боржуур, явган хүний замын хавтанг солих ажил хийгдэж эхэлдэг.
Зуны турш үргэлжлэн орсон бороо автозамуудын тарыг таниулж, иргэдэд ихээхэн төвөг учруулдаг нь үнэн.
Тэгвэл яг одоо энэ ажил ид хийгдэж байна. Угтаа бол эдийн засаг хямарчихаад, элгээрээ хэвтэх дээрээ тулчихаад байхад энэ мэт ажилд хөрөнгө зарцуулах хэрэг байсан уу гэдгийг бодолцох л хэрэгтэй.
Учир нь замын хашлага эвдэрсэн газарт засвар шинэчлэл хийгээгүй байж шинээрээ шахам байгаа замын хашлагуудыг сэндийчиж, явган хүний замын хавтанг сольж байгаа нь иргэдэд үнэхээр төвөг учруулж байна. Жилийн жилд л хайс, хашлагаа сольж, төсвийн мөнгөөр тоглодог, дараа жил дахиад л бахь байдгаараа үнс, шороо, утаа, тортогтоо даруулсан хэвээрээ байдаг үзэгдэл жилийн жилд давтагдаж байна. Тэгээд дахиад л солих ажил гардаг.
Ер нь, хотын утаа, хайс хашлага, зам засвараар бизнес хийж хөлждөг бүхэл бүтэн давхарга, бий болсон гэдгийг ч албаныхан нуудаггүй юм билээ. Үүнийг батлах мэт ярилцлага хүртэл өгсөн байх нь бий. Албаны хүн яриандаа “Замын хашлага солих энэ ажлыг “Дүүргээс хийж буй дэд бүтцийн ажлын нэг” гэж бодох иргэн олон байх шиг байна. Солих ямар ч шаардлагагүй замын хашлагыг сольж, явган хүнийг чөлөөтэй ч зорчих боломжгүй болголоо гэсэн гомдол, санал ч ирдэг.
Тэгсэн хэр нь хариуцлагыг дүүрэг үүрдэг. Өөрөөр хэлбэл, бидэнд шаардлага тавих ямар ч эрх зүйн зохицуулалт байдаггүй гэсэн үг” хэмээсэн байсан. Албаны хүн ингэж ярьсан байхад үүнийг бизнес гэж харахаас ч өөр арга байхгүй. Явган хүний болон замын хашлага хийдэг компани хангалттай олон байдаг нь энэ бизнес хэр ашигтайг харуулна. Жил бүр ажилтай байхын тулд шинээрээ шахам замын хашлага, явган хүний замын хавтанг сольдог биз.
Бас болоогүй хуулж авсан хуучин хавтан, боржурыг дүүргийн ТҮК-иуд ачаад явчихдаг бөгөөд ашиглаж байсан боржур, хавтан худалдаж авна гэсэн зарын дагуу үнэ тохироод өгчихдөг гэсэн яриа ч байдаг юм билээ. Гэхдээ энэ талаар мэргэжилтэн нь хэлэхдээ “Нэг ширхэг хавтан ч нийслэлийн өмч. Харьяа дүүргийн тохижилт үйлчилгээний компанид хадгалагдаж байгаа. Эргээд ижилхэн зам засварлахад хэрэг болдог юм” гэжээ. Ямартай ч иргэдийн бухимдлыг барж, жолооч нарын хараалыг идсэн энэ ажил дахиад л эхэллээ.
Үзэгдэх орчин муу үед зам дээр гаргаж тавьсан боржурыг дайрах жолооч мэр сэр байдаг гэсэн. Бүр явган хүн тээглэж унаад гэмтэж байсан тохиолдол ч байдаг юм билээ. Тэгэхээр энэ мэтчилэн нэг хийсэн ажлаа жил бүр давталгүй, эхнээсээ чанартай хийж байх нь хөрөнгөө ч, цаг хугацаагаа ч хэмнэх боломж шүү дээ. Уг нь энэ хотод чинь сольчихмоор, шинэчилмээр зүйл олон бий шүү дээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|