Домог үлгэр нь ертөнцийн юмс үзэгдлийн учир шалтгаан, үүсэл гарал, харилцан уялдаа зэргийг тайлбарласан байдаг тул ардын аман зохиолын бусад төрөл зүйлийг ойлгоход (ардын аман зохиолын бусад төрөлд домог үлгэрийн сэтгэлгээ туссан байдаг учир) тус дөхөм болдог.
Домог үлгэрт монгол зан заншил, ахуй соёлын зүйлийг тусгасан байхаас гадна хар хул, матар зөгий гэх мэт хосгүй хүч чадалтай амьтад болон баавгай, буга, бүргэд, хун, чоно, хангарди зэрэг тотем (шүтээн амьтан) болсон амьтдын тухай уран сэтгэмжээр дүрсэлсэн байдаг.
Домог үлгэр нь аман зохиолын бусад төрөл зүйлээс ялгарах хэд хэдэн онцлогтой.
1. Дэлхий ертөнц, сансар огторгуй, амьтан, ургамал зэрэг зүйлсийн үүсэл гарал буюу хэрхэн бий болсныг уран сэтгэмжээр тайлбарлахыг оролддог.
2. Гол дүрийн баатрууд нь ихэвчлэн бурхан, сахиусан тэнгэр, ер бусын хүч чадалтнууд байдаг.
3. Бэлгэдлийн зүйлийг ихээхэн тусгасан байдаг.
4. Бодит үйл явдлыг өгүүлдэггүй, цэвэр уран сэтгэмжийн хүүрнэл зохиол юм.
Домог үлгэр, шашин хоорондоо нягт уялдаатай. Бурхан гэсэн ерөнхий нэр бараг домог үлгэр болгонд гардаг бөгөөд Очирваань, Майдар, Шагжамүни, Лхам бурхан мөн дүрслэгддэг.
Өгүүлэмжийн хувьд бурхадыг бүтээгч байдлаар, харин чөтгөр шулмыг хорлон сүйтгэгчийн дүрээр илэрхийлж эсрэгцүүлдэг. Зарим тохиолдолд чөтгөр шулам хорлон сүйтгэж яваад бүтээлцэх нь бий. Түүнчлэн домог үлгэрт буддын шашны төдийгүй бөө мөргөлийн талаар тусгасан байдаг.
Жишээ нь: “Бүргэд” домог үлгэрт бүргэд бөө хүн байсан тухай гардаг бол, “Даян дээрх” домог үлгэрт бөө мөргөлийн зүйл илүү тодорхой дүрслэгддэг.
Монгол домог үлгэрт баян ядуугийн ялгааг илтгэсэн өгүүлэмж нэлээд бий.
Тухайлбал, “Үүрийн цолмон ба долоон бурхан” домог үлгэрт “Хөх Хөхөл гэж хоол хайсан ядуу хүн байж гэнэ. Бас тэнд их баян айл байсан юм байна. Майдар гэгээн хоёр цагаан тэмээтэй ирээд баян айлд буутал, хоол унд өгөлгүй хоосон гаргажээ” хэмээн өгүүлдэг. Мөн “Долоон өвгөн”, “Үүрийн цолмон” зэрэг домог үлгэрт баян, ядуу хүмүүсийн хоорондын харилцаа болон ялгаатай байдлыг тусгасан байдаг.
Түүнчлэн домог үлгэрүүдэд нум сум цөөнгүй гардаг нь тухайн үед дайн дажин их байсныг болоод дархны урлал хэр хөгжиж байсныг харуулж байна. Монгол соёл ахуй, ёс заншлын зүйлсийг “Хүний ертөнц галтай болсон тухай”, “Хуур хөгжим үүссэн тухай” гэх мэт соёл ахуйн ангилалд хамаарах домог үлгэрээс танин мэдэж болно.
Тухайлбал, “Үсэг бичигтэй болсон тухай” домог үлгэрт “Монголчууд үсэг бичигтэй болох гэж хэв маягийг нь эрж хайж байжээ. Тэгтэл хонины арьс 18 элдэж байгаа өвгөнтэй таарчээ. Хонины элдсэн арьс нь цагаан цаас шиг, дээр нь тавьсан хэдрэг н үсэг бичиг шиг харагджээ.
Тэгээд үүгээр үлгэр болгон монгол бичгийг зохиосон гэнэ” гэж гардаг. Уг домог үлгэрт хонины нэхий элдэх арга ухаан, багаж хэрэгсэл, зан үйлийг тусгасан байна. Энэ мэтчилэн домог үлгэр нь монгол соёл уламжлал, ахуй байдлын тусгал болж өгдөг.
. Харин бид бүхэн ардын жүжиг, кино уран бүтээлээс гадна ардын уламжлал, соёл зэргийг илтгэсэн бэлэг дурсгал, гар урлалын зүйл хийж болох юм.
Тиймээс домог үлгэр (ардын аман зохиол) бол зөвхөн цаасан дээр бичигдсэн, хадгалан уламжлуулах, цээжлүүлэх зүйл биш гэдгийг нэн тэргүүн ойлгох хэрэгтэй. Ялангуяа техник технологи, цахим орчин хөгжсөн өнөө үед бид домог үлгэрээ бусад орны жишгээр (үгийн сүлжээ, хүүхдийн тоглоом, электрон тоглоом, кино, мэдээллийн сайт гэх мэт) хөгжүүлэх шаардлага зайлшгүй байгааг онцгойлон тэмдэглэмээр байна.
Эх сурвалж: “Утга соёл” цувралын IV дахь боть “Домог үлгэр” номоос
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!