Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлах, Грийн Хоум нийгэмлэг ТББ-ын "Грийн Хоум” эмнэлгийн үйл ажиллагаанд наймдугаар сарын 24-26-ны хооронд шалгалт хийжээ.
Тус эмнэлэг нь 2005 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа, эмнэлгийн 13 ортой, хөнгөвчлөх тусламж үйлчилгээний чиглэлээр улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэйгөөр ажиллаж байгаа боловч шалгалтаар эмийн чанар, баталгаажилт, ажлын байрны эрүүл ахуйн шаардлага, эмнэлгийн дотоод зохион байгуулалт болон үйл ажиллагаатай нь холбоотой нийт 28 зөрчил илэрсэн байна.
Эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Г.Батнасан “Грийн Хоум эмнэлэг нь БНСУ-ын шашны байгууллагын санхүүжилтээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд иргэдэд үнэ төлбөргүй эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг.
Уг эмнэлэгт хэрэглэж байсан найман нэр төрлийн эм нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хилээр хандив тусламж нэрээр орж ирсэн хэмээн эмнэлгийнхэн хэлж байгаа. Шалгалтын үеэр тус эмнэлэгт зургаан хүн хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд жилд 50 гаруй хүнд үйлчилгээ үзүүлдэг юм билээ.
Одоогийн байдлаар нийслэл хотод хөнгөвчлөх тусламж үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 10 гаруй эмнэлэг явуулж байна. Эдгээрийн гурав нь БНСУ-ын шашны байгууллагуудаас санхүүждэг гэсэн мэдээлэл бидэнд байгаа.
Нэг эмнэлэгт шалгалт хийхэд ийм олон зөрчил илэрсэн учраас цаашид ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй эмнэлгүүдэд шалгалт хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Илэрсэн зөрчлийг үндэслэн тус эмнэлгийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр зогсоож, холбогдох хуулийн дагуу 1,920,000 төгрөгийн шийтгэвэр ногдуулан, 28 нэрийн 24,656 ширхэг эмийг улсын байцаагчийн актаар хурааж, зохих журмын дагуу устгалын комисст хүлээлгэн өгсөн байна.
Мөн эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг Эрүүл Мэнд, Спортын Яаманд хүргүүлжээ.
Грийн Хоум нийгэмлэг ТББ-ын "Грийн Хоум” эмнэлэгт хэрэглэж байсан МУ-ын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмнүүд
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!