Хамтын ажиллагааг өргөжүүлсэн "Эв модны наадам"
Орос Монголын эв найрамдлыг билэгдэн ОХУ-ын Буриад улс, Сэлэнгэ аймгийн хооронд болдог уламжлалт "Эв модны наадам" энэ удаа ОХУ-ын Буриад Улсын Зэдийн аймагт зохион байгуулагдлаа.
Тус наадамд Монгол Улсын талаас өмнөх жилүүдэд зөвхөн Сэлэнгэ аймаг дангаараа оролцдог байсан бол энэ удаа Дархан-Уул, Булган, Завхан аймгийн удирдах хүмүүс бизнесийн төлөөлөл нийт 150 гаруй хүн оролцсон.
Энэ удаа Зэдийн аймгийн 80 жилийн ой давхар тохиож таарсан юм. Үзэсгэлэн худалдааны үеэр манай аймгаас дэлгэгдсэн дээл хувцас, бүс Буриад иргэдийн сэтгэлд ихээхэн нийцэж худалдан авч байв. Буриад түмний хүнсний Худалдаа тэр дундаа Талх, нарийн боовны үзэсгэлэн манайхны хувьд онцгой сэтгэгдэл төрүүлж байлаа.
ОХУ-ын Буриад Улсын тэргүүн В.В.Наговыцин энэхүү наадамд хүрэлцэн ирсэн нь “Эв модны наадам”-ын түүхэнд бичигдэх бас нэг томоохон үйл явц болсон юм. Буриад улс, Сэлэнгэ аймгийн Эв найрамдал батжин бэхжиж, салбар бүрт хамтран ажиллах боломж бүрдсэнийг энэхүү наадам харуулсан.
Эдийн засгийг өргөжүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах уулзалт хэлэлцүүлэг дээр Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат:
-Уламжлалт эв модны наадмын үеэр бид нар эв найрамдлыг билэгдэж наадахаасаа гадна эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх энэ чиглэлд онцгой анхаарал хандуулж байна.
Сэлэнгэ аймаг танай бүс нутаг руу уул уурхай ялангуяа нүүрс гаргах, Монголын эрүүл хөрсөнд үржиж байгаа малынхаа махыг, сүү цагаан идээг, төмс хүнсний ногоог экспортлох, ахмадууд, хүүхдүүдээ харилцан аялуулах, сургах, аялал жуулчлалыг хоёр талдаа харилцан ашигтай явуулах хүсэлтэй байна. Танайхаас 60-аадхан км-ийн цаана манай өндөр чанарын нүүрс байгааг та бүхэн мэдэж байгаа.
Тэр нүүрсийг энэ орчмын районууд авч хэрэглээсэй гэж хүсч байна. Тиймээс та бүхэн хамтарч ажиллаарай, саналаа солилцоорой. Бараа бүтээгдэхүүн нийгмийн салбарт хамтарч ажиллахад бид бэлэн байна хэмээн хэлээд цааш нь хамгийн гол нь ахмадууд, нийгмийн салбарт хамтран ажиллах, оюутан залуус, хүүхдүүдээ солилцож сургах зэрэг асуудлыг энэ удаа ярьж тохиролцож чадлаа. Сэлэнгэ аймагт Буриад Улсын Ерөнхийлөгч айлчлах үеэрээ энэ бүх ажлыг хийхээр төлөвлөсөн.
Тэр уулзалтаас хойш 40-өөдхөн хоногийн дараа энэ арга хэмжээ болж байгаагаараа ач холбогдолтой юм.
Эдийн засгаа хүчтэй болгоё гэвэл бид нар орлого олох ёстой.
Бид уг наадамд өргөн бүрэлдэхүүнтэй ирж монголынхоо урлаг соёлыг, жижиг дунд үйлдвэрлэлийнхээ бүтээгдэхүүнийг, ялангуяа сүүлийн үед гаргаж байгаа амжилтуудаа сурталчилж чадлаа. Зохион байгуулалтын хувьд анх удаа хоёр улсын жижиг дунд үйлдвэрлэл тэр тусмаа гэрийн аргаар үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийг таниулах арга хэмжээг зохион байгууллаа.
Ойрын хугацаанд районы дарга нартай ярилцана. Аймгийнхаа эдийн засгийг тэлье гэж зорьж байна. Эдийн засгаа хүчтэй болгоё гэвэл бид нар орлого олох ёстой. Орлогыг монголоосоо биш хөрш зэргэлдээ буриадаас олох боломж байна” гэлээ.
Урлаг, соёл, жижиг дунд үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнээ сурталчилан таниулах үндсэн зорилгыг агуулсан энэ удаагийн наадмын үеэр Буриад улсын тэргүүн Сэлэнгэ аймгийн Засаг дарга нар хил орчмын асуудал намар хүнсний ногоо борлуулах тал дээр ажил хэргийн yyлзaлт зохион байгуулж чиг хандлагаа тодорхойлон ярилцлаа. Баруунбүрэн сумын ерөөхүй боловсролын сургууль Зэдийн нэгдүгээр сургуультай, Баруунбүрэн сум Буриад улсын ижил төсөөтэй нэг хоттой харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, туршлага судалж ажиллахаар тохиролцлоо.
Тус Наадмын буриад бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн “Таван хан” дэвжээний бөх аймгийн харцага М.Жаргалсайхан түрүүлэв.
Дангина буюу үзэсгэлэн гоо охидын тэмцээнд Зэдийн аймгийн охин түрүүлсэн бол манай аймгийн охин гуравдугаар байр эзэллээ. Энэ удаагийн "Эв модны наадам"-д Дархан-Уул аймаг Улаан-Үд хоттой, Булган аймаг Закамск аймагтай найрсаг харилцаа холбоотой бол Завхан аймаг Зэдийн аймагт ажиллаж амьдардаг сартуул хүмүүстэй харилцаа холбоо тогтоох зорилгоор очсон. Энэ удаагийн "Эв модны наадам” уламжлалт найрсаг харилцаа холбоогоо бэхжүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн шинэ шатанд гаргасан, дуутай хууртай, дурсамжтай өргөн дэлгэр арга хэмжээ болж өндөрлөлөө.
Сэлэнгэчүүд Баянхан, Бүрэн Хаан, Дулаанхан, Дэлгэрхан, Товхонхан гэсэн таван уул нуруугаа сүслэн дээдэлж амьдардагтай нэгэн адил Буриад түмэн Бүрэнхаан, Хөхтхаан, Сартхаан, Түмэнхаан, Бархаан гэсэн таван хан уулаа оройлон дээдэлж явдаг ажээ.
Зэдийн аймгийн ХАА-н дарга Ч.В.Церендоржиевич:
- Манай хоёр аймгийн үйлдвэрлэгчид харилцаа холбоог сайн үүсгэж ажиллах хэрэгтэй. 1986 онд Зэлтэрийн САА гэж байхад бид эв модны наадмаа хийж байлаа. Энэ наадам бол хилийн аймгуудын иргэд, бие биендээ харилцан ашигтай үйл ажиллагаа явуулж, эвтэй байхыг чухалчилдаг ийм баяр.
Өнөөдөр энд эрийн гурван наадам, урлаг спортын уралдаан тэмцээн, хоёр улсын үзэсгэлэн худалдаa зохион байгуулагдлаа. Манай хоёр аймгийн иргэд, үйлдвэрлэгчиД харилцаа холбоог сайн үүсгэж, хоёр талруугаа ирж очиж, ажлаа эрчимжүүлж ажиллах хэрэгтэй болж байна гэсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

