Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

К.Д'ОССОН: Татаар хэмээх овог аймгууд /II хэсэг/

ikon.mn
2015 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Татаар овог, аймгуудын сүсэг бишрэл, зан үйл нь Дундад Азийн нүүдэлчид, зэрлэг овог аймгуудынхтай ихээхэн төстэй. Тэд өөрсдөө Тэнгэр (Tangri) гэж дууддаг дээд оршихуйг шүтэж, нар, сар, уул, ус мөрөн, байгалийн хүчийг дээдлэн үздэг. Наранд мөргөхийн тулд гэрээсээ гарч чанх урагшаа харан өвдөг сөхрөн сууж залбирах бөгөөд айраг сархад уухдаа нэг хэсгийг дээш цацан тэнгэр, газартаа өргөдөг заншилтай.

Бурханаа тэд онгон гэж нэрлэх бөгөөд мод юм уу, эсгийгээр дүрслэн үйлдэж гэрийн хананд өлгөн өмнө нь очиж залбирал мөргөл хийх агаад юм идэж уухдаа хамгийн сайн сайхан хэсгийг нь түүндээ зориулж мах, сүү мэтийг уруул аманд нь түрхэж мялаана.     

Түүнээс гадна өч төчнөөн янзын мухар сүсэг байдаг. Жишээлбэл хүн нас барна гэдэг нь зөвхөн өөр ертөнцөд л шилжиж байгаа хэрэг, тэнд очоод мөн л энд байсан шигээ амьдрана гэж тэд үздэг аж. Ямарваа зовлон гамшиг тохиолдвол хорон муу хүчний нөлөө гэж үзэн элдэв тахилга, өргөл мэтээр тэднийг аргадаж тайтгаруулна, чингэхдээ лам хувраг, тахилч бөө нарын туслалцааг авдаг аж.

Тэд нь мэргэч төлгөч, шид үйлдэгч, зүүд тайлагч, шувууны нисэлт юм уу, амьтны гэдэс дотроор ирээдүйг зөгнөж мэдэгч, зурхайч, эмч домч нарын үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэнэ. Шидтэн бүр өөр өөрийн онгон шүтээнтэй, тэдэнтэйгээ харьцдаг, тэднийхээ тусламжтайгаар одоо, өнгөрсөн, ирээдүйн нууцыг олж мэддэг гэж үзнэ.

Чингэхдээ хэнгэрэг цан цохин, уншлага шившлэг хийж, онгодоо оруулж, заримдаа муужирч унахдаа хүрэн байж онгодтойгоо ярилцах бөгөөд хачин жигтэй хөдөлгөөн хийж, үсэрч харайж янз бүийн юм болно. Нүүдэлчид энэ бүхэнд үнэнээсээ итгэдэг учир бүхий л тохиолдолд тэдэнтэйгээ зөвлөлдөх бөгөөд хэлсэн, хийсэн нь биелдэггүй юм аа ч гэсэн тэднийхээ ур чадварт итгэсэн хэвээр байдаг байна.

Нүүдэлчдийн ахуй амьдрал өөрөө тэднийг цэргийн албанд онцгой зохицуулж, нийцүүлж өгдөг байжээ. Тэдний үнэрлэх, сонсох, харах эрхтэн нь яг л зэрлэг амьтдынх шиг хөгжиж, маш сонор соргог болсон байдаг. Тэд хар багаасаа дөрвөн улирлын турш задгай тэнгэрийн дор халуун, хүйтнийг амсан хатуужиж, морь унаж, нум сум харваж өссөөр дайн байлдааны төлөө төрж өссөн юм шиг болдог байна.

Харахад доожоогүй юм шиг жижигхэн морьд нь бас л эцэж цуцах, тэнгэр хурмастын муухай аашлахыг сайн даадаг, маш хурдан, унаж яваа эзэн нь хоёр гараараа нум сум харваж байхад биеийн нь хөдөлгөөнийг соргогоор мэдэрдэг ажээ. 

Татаар монголчууд зөвхөн морио унаж л байлдаж дайтдаг учир аян дайнд явахдаа хэд хэдэн морьтой явна. Тэд бодын ширээр хийсэн хуяг дуулгаар биеэ хамгаална. Гол зэвсэг нь нум сум. Тэд нэлээд алсаас довтолгооноо эхэлж нум сум харван дайснаа сандраан түгшээж улмаар гэдрэг ухраахдаа давхилт дундаа тасралтгүй харвана. Ингэхдээ тэд гардан байлдаанд орж зууралдан тулалдахаас ихэд зайлсхийнэ.

Агт морьд нь тарга тэвээрэг сайн авсан үе буюу намрын улиралд аян дайнаа гол төлөв эхэлдэг агаад дайсан этгээдтэйгээ тулгарсан үедээ удирдагчаа гол дундаа хийж хүрээлэн байлдана. Татаар монгол цэргүүдийн аян дайнд авч явдаг хамаг хэрэгсэл, ачаа тээш нь гэвэл жижигхэн гэр, идээ цагаа хийх борви, тулам, тогоо төдийхөн бөгөөд амьдрах гол арга хэрэгсэл нь болох мал сүргийнхээ нэг хэсгийг авч явдаг ажээ. Аахар шаахар зүйлээ дотор нь хийж сайтар үлээж хийлсэн тулмаа мориныхоо сүүлнээс уяж, өөрсдөө дээр нь суун ямар ч гол усыг гатална. 

Отог, овгийн тэргүүнүүдийг ноён (Noyan) юм уу, тайж (Taпschi) гэх ба тэд нь хаандаа захирагдана. Хэргэм зэргийг үе залгамжлах аж. Овог аймаг болгон тодорхой нэгжүүдэд хуваагдаж, бүгд нийлж нэг хүрээг бүрдүүлнэ. Жил бүр харьяа ноёндоо тодорхой тооны мал өргөдөг ч тэд нь хязгааргүй эрхтэй учир бүх эд хөрөнгө, тэр ч байтугай амь биеийг нь ч мэдэж шийддэг байв. Цэрэг дайны зохион байгуулалт бүхий татаар монгол овог аймгууд хоорондоо байнга тэмцэлдэж байсан ба нэгэн хүний жолоон дор нэгдэн нийлсэн хойноо зөвхөн Азийг төдийгүй, Европын нэг хэсгийг ч байлдан эзэлсэн бөлгөө.

Эх сурвалж: К.Д'Оссоны “Монголчуудын түүх” 

“МОНСУДАР”-аас хэвлэн гаргасанК.Д'Оссоны “Монголчуудын түүх”хэмээх энэ номонд Төв азийн нүүдэлчин ард түмнүүд, тэдний зан авираас эхлээд монголчуудын эртний домог хууч яриа, Чингис хааны аян дайнууд, дайнд амь үрэгдэгсэд зэрэг олон сонирхолтой баримтыг тухайн үед мэдэгдэж байсан төрөл бүрийн эх сурвалжуудыг ашиглан бичжээ.  

Ийм учраас эрдэм шинжилгээний чухал ач холбогдолтой бүтээл болсон хэмээн олон орны монгол судлаачид дүгнэдэг бөгөөд энэ утгаараа эрдэмтэн судлаачид, түүхийн чиглэлээр суралцагч оюутан залуус болон түүх сонирхогч хэн бүхэнд зориулсан чухал хэрэгцээтэй бүтээл юм.