Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Уул уурхайн салбар хаашаа чиглэнэ вэ?

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир www.mpa.mn

Эдийн засгийн чуулган үргэлжилж байна. 

“Уул уурхайн салбар хаашаа чиглэнэ вэ” сэдвийн хуралдаанд панелистаар оролцож буй бизнес эрхлэгчдийн төлөөллийн байр суурийг хүргэж байна.

Алтан Дорнод Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Ганболд

Гэрэл зургийг Б.Бямба-Очир www.mpa.mn

Би алтны салбарыг төлөөлж байгаа хүний хувьд хэлэхэд хүндрэлтэй олон зүйлс байж ирсэн. Энэ хүндрэлүүд сүүлийн 2014-2015 онуудад эрчимтэй засрах шинж, төлөвтэй.

Олон нийт мэдэж байгаа байх. Чухал чухал шийдвэрүүд гарч байгаа. Нэгдүгээрт 2014 оны нэгдүгээр сард алтны татварыг тодорхой хэмжээгээр бууруулснаар алтны нийлүүлэлтийг огцом өсгөж чадсан.

2014 онд МУ-ын хэмжээнд дотоодын компаниуд 13 тонн алт буюу 520 сая долларын валют үүсгэж чадсан байгаа. Саяхан бас хоёрдугаар сард батлагдсан урт нэртэй хуулийн зохицуулалтыг хийснээр 200 гаруй лицензийн талбайд 130 орчим тонн алтны нөөц ашиглагдах боломж үүсч байна. Мөнгөн дүнгээрээ тав гаруй тэрбум долларын бодит бололцоо эдийн засагт бүрэн бий болж байгаа.

Асуудлуудын тухай ярихад гурван минутанд багтахааргүй их байна.

Эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатар

Үнэхээр бид уул уурхайн салбартаа буруу бодлого явуулж ирсэн нь харагдаж байна.

Өөрөөр хэлбэл мөчлөг дагасан бодлого явуулж байж. Үнэ өсөөд ирэхээр янз бүрийн татварууд тавьж байсан. Энэ болохгүй ээ.

Өнөөдөр Монгол  Улс зэс, нүүрсээрээ том тоглогч болох боломж бүрэн байна. Энэ боломжоо ашиглаж чадахгүй байгаа нь бидний мөчлөг дагасан бодлогоос болж байна.

 Урт хугацааны уул уурхай хэрэгтэй. Энэ нь цаанаа ямар үр ашигтай болохыг уул уурхайгаас ханган нийлүүлэгчид нь илүү Монгол Улсдаа, эдийн засагтаа үлдээдэг юм.

Нэг жишээ хэлэхэд Австрали улс өнөөдөр уул уурхай, ХАА-н бүтээгдэхүүний экспортоороо толгой цохиж байгаа. Гэтэл экспортын нийт орлогыг нь жагсаагаад харахаар эхний аравт нь Professional Service буюу хүн нь толгойгоо зарж мөнгө олдог чиглэл нь өндөр байгаа.

Таван Толгойд нүүрсний уурхай бий болсноор Монголын өрөмдлөгийн компаниуд нэлээн чадвартай болсон. Тэд Конгод, Казакстанд, ОХУ-д өрөмдлөг хийгээд экспортын орлогыг Professional Service-ээрээ хийгээд эхэлсэн.

Монголын консалтинг компаниуд Казахстан, Хятадад уул уурхайн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлээд эхэлчихсэн байна.

Энэ уул уурхай гэдэг бол эдийн засаг тэлэх үндсэн суурь гэдгийг ойлгоод Professional Service-ийг хөгжүүлэхэд нь том компанийг дэмждэг байх хэрэгтэй.

Энержи Ресурс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл

Гэрэл зургийг Б.Бямба-Очир www.mpa.mn

Миний зүгээс нэг зүйлийг хэлэхэд олон нийт маань уул уурхайн компаниудыг аймшигтай, мангасууд, нэг юмыг нь авчих гээд байна, юу авах гээд байгаа нь тодорхойгүй, гэхдээ маш их тоогоор хэмжигдэх юм авах гээд байна гэсэн тийм хүлээлттэй байдаг. Энэ бол зөвхөн Монголын нийгэмд биш юм шиг байгаа юм. 

Уул уурхайн компаниуд энэ асуудал дээр ажиллах хэрэгтэй юм шиг. Яагаад гэвэл бид нэг талдаа салбарынхаа зовлон жаргалтай хутгалдсаар байгаад салбарын маань зовлон жаргалыг ойлгодоггүй хүмүүст мэдээлэл өгч, хамтран ажиллахгүй ирсэн. Мэдээлэл өгч, хамтран ажиллах нь зөв. Тэр нь PR хийгээд байна гэсэн үг биш. Бодитой мэдээллийг өгөөд түүн дээр нь олон нийт эрүүл ухаанаар дүгнэлтээ хийх боломжтой.

Жишээ нь зурагтаар нэг нөхөр гарч ирээд Дорноговьд Фукушиматай адилхан цацраг дэлгэрсэн байна гэд пал хийтэл нь зарлаж байгаа байхгүй юу. Тэгэхээр нь бүгд үнэн юм шиг хүлээж аваад байна. Тийм мэдээг цацаад байх шаардлага байгаа юу гэдгээ олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд бодмоор. Бүгдээрээ зөв, үнэн мэдээллийг харж, дүгнэж, тэрийгээ түгээж байх хэрэгтэй юм шиг.

Хариуцлагатай хандах шаардлагатай юм шиг харагдаад байгаа юм л даа. Тэгэхгүй бол дандаа сенсаацилсан муу мэдээнүүд нь уул уурхайн салбар руугаа чиглээд байдаг.

Иймэрхүү л бие биедээ итгэдэггүй нөхцөл байдал бий болчихоод байна гэдгийн онцолмоор байна. 

 

МЭЗЧ 2015 нэгдсэн мэдээллийг ЭНД дарж авна уу.