Улаанбаатар хотын төв хэсэгт байрлах Чойжин ламын сүм музейг VIII Богд Жавзандамба хутагтын төрсөн дүү Төрийн их Чойжин Лувсанхайдавт зориулж 1904 онд барьж эхлэн, 1908 онд ашиглалтад оруулж байжээ.
Тэр цагаас хойш лам нар хурал хурдаг байсан бөгөөд 1937 онд эхэлсэн хэлмэгдүүлэлтээр үйл ажиллагааг нь зогсоосон байна. Монгол Төрийг хамгаалдаг гэгддэг тус музейн талаар тайлбарлагч Л.Бадамтуяатай ярилцлаа.
-Чойжин ламын сүм музей анх хийдийн зориулалтаар бүтээж байжээ. Хэдийнээс музей болгосон бэ?
-Чойжин ламын музей хэмээх уран барилга, уран баримал, уран зургийн цогцолбор чуулганыг 1904-1908 оны хооронд Монголын төр шашныг хамгаалан Чойжин сахиус буулгаж, хамаг амьтны тусыг бүтээхийн тухайд хурал ном хурж байх зорилгоор Төрийн их Чойжин Лувсанхайдавт зориулан барьжээ.
Лувсанхайдав нь Төр шашныг хослон баригч, Наран гэрэлт, Түмэн наст VIII Богд Жавзандамба хутагтын төрсөн дүү юм. Уг сүмийг Халх Монголын бүх нутаг хошуудаас 300 гаруй шилдэг урчуудыг цуглуулан Омбо ламын удирдлага дор бүтээжээ.
Монголын түүх соёлын үнэт өв хадгалагдан буй энэхүү сүм нь ард олны дунд “Төрийн чойжин Лувсанхайдавын сүм”, “Нууц тарнийн сүм” хэмээн алдаршсан бөгөөд 50 орчим хурлын лам, таван сүм гурван жастайгаар хурал ном хурж байгаад 1937 оны хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд сүмийг хаан битүүмжилж, лам нарыг нь тараасан гэдэг.
Ингээд 1941 онд БНМАУ-ын бага хурлын тэргүүлэгчдийн зарлигаар тэргүүн зэргийн хамгаалалтад авч, 1942 онд Судар бичгийн хүрээлэнд шилжүүлэн тусгай зочин элчин төлөөлөгчдөд үзүүлж байгаад 1962 оноос нийтэд үйлчилдэг музей болгосон байна.
-Чойжин ламын сүм музейг таван сүмээс бүрддэг гэдэг. Эдгээрийг тайлбарлаж өгнө үү?
-Энэхүү цогцолбор чуулга нь нийт таван сүмээс бүрдэл болдог бөгөөд Монголын түүх соёлын хосгүй өв болсон 6,000 гаруй эд өлгийн зүйлс хадгалагдан байдаг. Музейн эхний үзмэр музейн урд байрлах Янпай буюу хамгаалагч хаалганаас эхэлдэг.
XVII-XX зууны эхэнд Манжийн эзэн хааны соёрхол ивээлийг хүртсэн ордон, сүм хийдүүдийн өмнө зэрэг дэв, эрх ямбыг илэрхийлэн Янпай хаалга барьж байгуулдаг байжээ. Манай улсад гурван ийм хаалга бий. Амарбаясгалант хийд , Богд хааны ордон музей, Чойжин ламын музейд бий. Бусад Янпай хаалганаас бэлгэдэл чимэглэл ур хийцээрээ Чойжин ламын сүмийн Янпай хаалга илүү.
Зургаан хавтаст Ямпай буюу хамгаалагч халхавч хаалганы өндөр нь долоон метр. Урд талынхаа гол хавтсанд тэнгэр газрын хүчтэн арслан, барс, хангардийг баруун зүүн хавтсанд үхэшгүй мөнхийн найман сахиусыг дөрөв дөрвөөр нь дүрсэлсэн байдаг нь аливаа аюул, саад тотгор муу муухай бүхнээс хамгаална гэсэн утга бэлгэдэлтэй.
Хойд талын Гол хавтсанд хүчирхэг таван луу дүрсэлсэн нь Сүмийн зэрэг дэв эрх ямбыг илэрхийлж байна. Зүүн талд нь бурхан багш уд модны дор гэгээрч, анхныхаа номыг тавьж байсныг дүрсэлсэн байгаа нь Бурхан багшийн сургаалыг дэлгэрүүлэхийн бэлгэдэл. Баруун хавтсанд нь Урт наст зургааг дүрсэлсэн нь урт удаан, өнө мөнх, аз жаргалтай амьдралыг бэлгэдсэн юм. Эл бүгдээс үзэхэд Монгол төрийг буддын шашин хамгаалан ивээх онцгой үүрэгтэй гэдэг нь байрлал бэлгэдэл зэргээс харагддаг.
Шашны урлагийн томоохон бүтээлийн нэг төдийгүй гүн утга санааг агуулсан төр, шашин, ард түмнээ үүрд мөнх хамгаалах хамгаалалт юм. Ямпай хаалгыг хагас наашаа товойсон баримлыг ингэмэл баримал гэж нэрлэдэг. Үүнийг хөх тоосгоор барьсан.
-Чойжин ламын сүм музей гэх нэрээр нь олон нийт мэдэх боловч өөр олон нэртэй байсан гэдэг юм билээ. Ямар ямар нэртэй байсан бэ?
-Тиймээ, Музей болсон нэр хаяг нь Махранзын сүмийн үүдэнд бичсэн алтлаг луугаар хүрээлүүлсэн цэнхэр илтгэл самбар дээр кирил, төвд, хятадаар Чойжин ламын сүм музей гэж бичсэн байна. Дахин давтагдашгүй цогцолбор чуулга таван үндсэн хэсгээс бүрддэг.
Гол буюу хурлын сүм, Занхан буюу Догшдын орон, Зуугийн сүм буюу мөргөлийн сүм, Ядамын сүм буюу нууц тарни нандин шүтээний сүм, Хотол чуулган тус Энх амгалангийн тив буюу Өргөлийн сүм гэж бий. Сүм бүрийн зорилго утга агуулга хэлбэр хийц бурхад нь хүртэл дахин давтагдашгүй.
Махаранз сүмд Дөрвөн сүрлэг хамгаалагч хаад оршдог бөгөөд эдгээр нь буддын шашны домог ёсоор Сүмбэр уулын дөрвөн зүгт орших бөгөөд дөрвөн зүгээс хамгаалж байдаг хаад юм. Буддын шашны аливаа нэг сүм хийдийн үүдэнд ертөнцийн дөрвөн зүгийг хамгаалагч дөрвөн их хаад буюу махаранз, Жалчиншийг барьж байгуулдаг юм байна. Бүтээлийг их хүрээний нэрт урлаач Шойв Аюуш урлан бүтээсэн байдаг. Шойв гэдэг нь шуумалчин гэсэн утгатай. Цаасан шуумлаар урласан дөрвөн хаан гурван метр гаруй өндөртэй.
-Үүнийг уншихаар яг Хар зүгийн шуламсын аймгийн омгийг дарагч Их Амгалангийн урвалтгүй зүтгэн бүтээсэн орд харш гэж уншигдахгүй байна?
-Тиймээ наана, цаана нь оруулж бичсэн байгаа юм. Одоогийнхоор IQ-гийн анаграм бичиглэлээр бичигдсэн гэх юм уу даа. Энэ нь сэтгэл буруутнаас хамгаалсан бас л нэг хамгаалалт өвгөдийн маань ухаан байх даа.
Энэ сүм Чойжин ламын хоёр дахь сүм нь юм. Анхных нь сүм 1898-1901 оны хооронд одоогийн V сургуулийн баруун хойно “Пунцаг Пандалин” гэдэг нэртэй байгуулж Жангааны хурал хурж VIII Богд Жавзандамба хутагт “Хар зүгийн шуламсын аймгийн омгийг дарагч Их Амгалангийн урвалтгүй зүтгэн бүтээсэн орд харш” хэмээн нэр хайрласан гэдэг.
1903 онд учир битүүлгээр шатсан учраас 1904 онд энэхүү цогцолбор чуулгыг хамаг олны тус бүтээхийн тулд шуурхайлан барьж сүмдээ хуучин нэрийг уламжлан өгсөн бөгөөд уг нэр нь сүмийн үйл ажиллагаа, үүрэг зорилгыг тодотгож байгаа юм.
-Таван сүмээс бүрдсэн учраас маш том, үзмэр ч ихтэй юм байна?
-Гол сүм буюу хурлын сүмээсээ эхлэн тайлбарлаад явъя. Сүмийн үүдэнд “Өршөөлийг хөгжүүлэгч сүм” гэж илтгэл самбар дээр Манж, Хуучин монгол, Хятад, Төвдөөр бичиж дээд талд нь Манжийн хааны тамганы дардас сийлсэн байна. Тухайн үед Монгол орон Манжийн дарлалд байсан бөгөөд аливаа нэгэн том сүм хийд баригдахад Манжийн хаанаас зөвшөөрөл авдаг байсан.
1906 онд Манжийн хаанд есөн цагааны бэлэг явуулж “Хаан таныг урт наслуулж хамаг олонд буян хураахын тулд өдөр бүр бүр ном хурах 55 тасалгаа бүхий орд харш барилаа нэр шагнан олгоно уу” хэмээх бичиг явуулж Манжийн хаанаас “Өршөөлийг хөгжүүлэгч сүм хэмээн нэр шагнаж соёрхолд нь багтжээ. Уран барилгын хувьд ч маш нарийн, бэлгэдэлтэй. Сүмүүдийн дан нуруун модон дээр Тансан лам баруун этгээдэд зорчсон нь, Гурван улсын түүхийн цуврал уран зураг бий. Бурханы шашин Монголд орж ирсэн түүхийн өгүүлэмж бүхий цуврал уран зураг байгаа юм.
Гол сүм буюу хурлын сүм 1960-аад онд музей болгохдоо хурал, ном хурж байсан дэг жаягаар нь Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Гомбожав болон Сэрээтэр нар дэглэлтийг хийсэн. Дэглэлт гэдэг нь үзмэрийн зохион байгуулалтыг хэлж байгаа юм. Манай музей бусад музейгээс ялгарах онцлог нь цуглуулгын музей биш.
Бусад музейнүүд энэ тэндээс үзмэрээ цуглуулдаг бол манайх түүхэн тодорхой хүний эдэлж хэрэглэж тахиж шүтэж байсан эд зүйл, тахил, шүтээн барилга байгууламжийг тэр чигээрээ хадгалж үлдсэнээрээ онцлог тэгэхээр дандаа эх бүтээлүүд байгаа гэсэн үг. Гол буюу хурлын сүмд бурхдын уран нарийн хийцтэй, уран зураг, цамын баг, цамын баг хувцас өмсгөл, диваажингийн орон, халуун хүйтэн там гээд диваажин тамын заагийг харуулсан утга агуулга бүхий шүтээнүүд бий.
-Танай музейд хүний занданшуулсан шарил байдаг гэлцдэг юм билээ?
-Шар овоодой малгайтай баримал бол төрийн их Чойжин Лувсанхайдавын чандрыг шавартай хольж барьсан баримал. Лувсанхайдав нь VIII Богд Жавзандамба хутагтын дүү бөгөөд 1872 онд Төвдийн Шалоа хэмээх газар Далай ламын санхүүч Гончигцэрэнгийн тавдугаар хүү болон мэндэлж 1974 онд буюу хоёрхон настай байхдаа ах нь VIII богдоор тодорсон тул ар Халхад ирсэн гэдэг. Лувсанхайдавыг VIII Богдын Номын багш Ёнзон хамба Балданчойнбол энэ хүүхдэд Чойжин сахиус оршиж байна хэмээн үзээд VIII Богдтой зөвлөлдөн Төвдөөс Чойжин сахиус буулгадаг Гүртэмбэ ламыг авчирч хичээл заалгаад Чойжин болгосон байна.
Тухайн үед олон Чойжин тодорч байсан боловч төрийн Чойжингоор залагдсан хүн нь Лувсанхайдав юм. Чойжин гэдэг Төвд үг. Чой гэдэг нь ном, Жин гэдэг нь хамгаалагч сахиус гэсэн утгатай. Тэгээхээр Чойжин гэдэг нь номыг хамгаалагч сахиус гэсэн утгатай үг юм. Зүүн талд байгаа энэ баримал нь Лувсанхайдавын номын багш VIII Богдын номын багш Ёнзон хамба Балданчойнбол гэдэг хүний шуумал дүр. Үүнийг занданшсан, шуумал дүр гэж тайлбарладаг.
Гол сүмийн баруун зүүн талаар Янсан-Ядам, Ямандангийн лойлон гэдэг бурхны орон, өргөөг уран сийлбэрч Балган оньс, углуургын аргаар бүтээсэн байна. Бурханы орон, өргөөг лойлон гэж нэрлэдэг. Дээд талаар нь бурхан багшийн шавь 16 Найдангийн чулуун бар зурагнууд бий. Доор нь 10 хангал догшин сахиусын шүтээн зураг байна. Шүтээн зургийг танка зураг гэдэг.
Энэ цуврал зургийг гэлэн Балжинням гэдэг хүн урласан байдаг. Доод талаар нь цамын багнууд дэглээтэй байна. Манай сүмд 80 гаруй цамын баг хадгалагдаж байдаг. Их хүрээ хийц, Чойрын хийц, Манзуширийн хийц гэсэн гурван ялгаатай. Улаан сахиус буюу Улаан Жамсран, монголоор Эгч дүүс гэдэг сахиусны иж бүрэн өмсгөл бий. Буддын шашинтай харайдаг цамтай улс орнуудын хамгийн том хэмжээтэй, үнэ цэнэтэй баг нь энэ.
Зөвхөн нүүрнийх нь хэсэгт 6,000 гаруй байгалийн цэвэр шүрийг шигтгэж хийсэн. Толгойн өмсгөл нь 30 гаруй, нийтдээ 70-аад кг жинтэй өмсгөл учраас өндөр хүдэр чийрэг хүн өмсөн, цам харайдаг байжээ. Энэхүү бүтээлийг Их хүрээний нэрт урлаач Лавчин бүтээсэн \лавчин гэдэг нь лаачин гэсэн утгатай үг\ Пунцаг-Осор бүтээжээ. Цам гэдэг нь нам дарах гэсэн утгатай Төвд үг юм байна.
-Цамын өмсгөлд гавлын ясыг их оруулсан байна. Энэ нь ямар учиртай юм бэ?
-Таван хохимой толгой байна. Энэ нь Нисваанисын таван хорыг дарсны бэлгэдэл юм. Нисваанис гэдэг нь Санскрит үг бөгөөд монголоор хүлээс гэсэн утгатай буюу хорт муу сэтгэл юм. Бид уур хилэн, шунал тачаал, мунхаг тэнэг, омог бардам сэтгэл, атаа жөтөө гэсэн таван хорд хүлэгдэж амьдардаг байна. Энэ таван хороос 84 мянган хорт муу сэтгэл үүсдэг гэдэг. Ийм их хорт муу сэтгэлийг дарахын тулд бурхны номын 84 мянган номын үндэс байдаг юм байна. Нисваанисын хорыг дарахын тулд хилэнт дүрээр гарч байгаа нь энэ юм. Улаан сахиус өөрийн эгч дүүс буюу дагуул нөхдийн хамт бүтээгддэг.
-Чойжин ламын сүм музейн бэлэг тэмдгийг Жамсран сахиустай холбоотой гэж сонссон ямар учиртай юм бэ?
-Чойжин ламын сүм музейн гол бэлэг тэмдгээ Улаан сахиусны тарнийн хураангуй буюу хөрөнгө үсгээр авсан учир нь Чойжин ламын сүмийн хамгаалагч сахиус нь Улаан сахиус учраас тарнийн хураангуй “ЖЭ” гол бэлэг тэмдгээ болгосон хэрэг. Нэг үгээр хэлбэл, Монгол төрийг хамгаалж байдаг сахиус нь улаан сахиус байх нь.
Тийм ч учраас батлан хамгаалахын гол шүтээн нь байдаг. Манай сүмийн чанх ард талд Төрийн ордон байдаг. Энэ нь ч тохиолдлын хэрэг биш. Энэ янпай хаалга, улаан сахиус төрийг хамгаалж байгаа утгатай юм.
-Сүмийн дээд талд голоос унжуулсан хүний дүр заан зүрх зэргийг доош унжуулсан байгаа нь ямар утгатай вэ?
-Үүнийг шашны хэллэгээр Янш гэдэг бөгөөд Энэ нь нисваанисын хорыг дарж, нигүүслийг ариусгах утга учиртай. Шунал тачаалыг хүнээр, мунхаг тэнэгийг заанаар, уур хилэнг бараар дүрсэлсэн байна.
-Музейнхээ онцлог үзмэрүүдээс танилцуулж болох уу?
-Манай сүмийн бүхий л үзмэр XVI- XIX зууны сүүлч хүртэл үед бүтээгдэж, өдий хүртэл хадгалагдаж ирсэн учраас түүхэн үнэ цэнэтэй, утга учир ихтэй. Л.Дарьсүрэнгийн 1960-аад оны үед зурсан “Халуун там” гэдэг зураг байна. Бурханы шашинд найман халуун, найман хүйтэн, хоёр хэсэг бусаг гээд нийт 18 там байдаг.
“Халуун там” гэдэг зурагт найман халуун тамыг үзүүлсэн. Халуун тамд гарах газар байхгүй. Хүн бие, хэл, сэтгэлийн нүгэл үйлдвэл эдгээр тамд очно. 10 цагаан буяны замаар Авид Майдарын оронд заларна гэдэг. Мөн Майдар бурхны орон өргөөг уран сийлбэрч Балган нэг ч хадаас оруулалгүй, оньс углуургын аргаар бүтээсэн.
Таван өнгийн хадагны утсыг битүү хатгаж оёсон уран хатгамал гээд манай музейд түүх, соёл, утга агуулга бүхий маш олон үзмэр бий. Иргэд өөрсдийн биеэр ирж үзээд, үүх түүхтэйгээ танилцвал илүү сайн ойлгож авна гэж бодож байна.
-Занхан сүм буюу Догшидын орон гэсэн сүм нь гол сүмээсээ шууд орох боломжтойгоор баригджээ. Энэ сүмийн онцлог, ялгаа юу вэ?
-Энэхүү сүмд Чойжин ламын нандин шүтээн, сахиуснууд заларсан байна. Сүмийн хойморт Богд хааны сэнтийний өмнөх тавцан дээр Чойжин буух зан үйлээ хийдэг байсан. Чойжин бууна гэдэг нь тусгай номын хүчээр сахиуснуудыг биедээ оршоогоод лха гэж тэнгэрийн хэлээр яриад түүнийг нь Гомбо гэдэг түшээ өөрийнх нь суганаас чагнаад авралын үгийг нь бичээд хүмүүст хэлж өгдөг байжээ.
Чойжин лам Лувсанхайдав Зэмир Чойжин, Найчүн Чойжин, Шүгдэн гэсэн гурван сахиусыг буулгадаг байсан. Сахиус буулгахад маш их хүч, чадал, рид хувилгаан болдог учраас ган сэлмийг мушгиж, зангидаад тавьдаг байсан байна. /мушигсан сэлэм байв/
Төрийн их Чойжин энгийн эргэл, мөргөлчдийн хүсэлтээр буудаггүй, Монголын төрийг хамгаалахын тулд л буудаг байжээ. Догшидын орон сүмд нь Ловонбадамжунай, Богд Зонхов, Очирваань, Найчүнчойжин, Дамдинсандүв, Жигжид буюу Аюулган үйлдэгч, Үйлсийн хаан Пэрэнлэй Жалбуу, Зэмир Чойжин, Дорж Шүгдэн зэрэг шүтээний долнуур хийцийн зэс хөөмөл том баримлууд байна.
-Сүмийн барилга, хана, хаалган дээр лууг их дүрсэлсэн байна. Луу бол Хятадын бэлэг тэмдэг. Энэ утгаараа Хятад хэв маяг шингэсэн юм болов уу гэж харагдаж байна?
-Луу дээд язгууртан ихэс дээдсийн гол бэлэг тэмдэг бөгөөд хүчирхэг байхыг бэлгэддэг. Уран барилгын хувьд сүм бүхэн өөр, өөрийн давтагдашгүй хэв маягтай. Чойжин ламын сүм музей баригдах үе буюу 1904-1908 онд Монгол Манжийн дарлалд байсан. Тиймээс Манжийн хааны таалалд нийцүүлэхийн тулд урд зүгийн өнгө аяс орсон. Гэхдээ маш олон Монгол чимэглэл, хэв маягийг шингээсэн байдаг.
Жишээ нь, Гол сүмийн үүдний боржин чулуун хашлага дээр таван хошуу мал дүрсэлсэн. Зөвхөн Монголд л таван хошуу малаа дээдлэн амьд таван эрдэнэ гэдэг. Гол сүм Хятад, Монгол хийцийг давамгайлан бүтээгдсэн байна. Сүмийн хашаан доторх явган хүний замыг байгалийн цэвэр чулууг шигтгэн хийсэн.
Энэ нь өдөржин завилж суугаад хурал ном хурсан лам нар орой гороо хийгээд явахаар захын мэдрэлийг сэргээж өгөх зорилготой байсан ч байж мэднэ. Хашаанд монос мод тарьсан байгаа.
-Дараагийн сүм нь ямар нэртэй, утга учиртай вэ?
-Зуугийн сүм буюу мөргөлийн сүм. Аливаа нэгэн сүм хийдийн хажууд Бурхан багшид зориулж зуугийн сүм гэж барьдаг. Манай Зуугийн сүм Төвд хийцийн барилгатай. Төвдүүд шат хэлбэртэй барилга байшин барьдаг. Байшин бариад бутлаг ургамлаа дээвэр дээгүүр нь тавьдаг бөгөөд тэр нь уран барилгадаа шингэн цэцэг навчин чимэглэл болон хөгжжээ.
Энэ сүмийн онцлог нь бүх үзмэрүүд нь цаасан шуумлаар бүтээгдсэн. Гол шүтээнүүд нь бурхан багшийн өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн дүр байна. Өнгөрсөн цаг нь Одсүрэн буюу гэрэл сахигч, одоо цагийн Шагжаамуни буюу Бурхан багш, ирээдүй цагийн Майдар бурхны дүрийг шавь нарын хамт цаасан шуумлаар хийж алтлаг нухмал түрхцээр хулдсан байна.
Хад, агуйд даяан, бясалгал хийж байгаа хүмүүсийн дүр бол бурхан багшийн шавь 16 Найдан байна. Мөн мэдрэхүйн таван дагинасын дүр бий. Найчүн Чойжин болон Лхам сахиус бий. Лхам сахиус бол Арван хангал догшин сахиусны ганц эмэгтэй сахиус.
-Бүх үзмэрүүдийн өнгө, будаг сайхнаараа байна. Олон зуун жил хадгалагдаж ирсэн хэрнэ өнгөн, үзэмж сайтай байгаагийн шалтгаан нь сэргээн засварлалт мөн үү. Ер нь сэргээн засварлалт хэр хийгдсэн бэ?
-Манай музейг 1960-аад оны үед музей болоход нь сэргээн засварлалт хийсэн. Түүнээс хойш бүтэн сэргээн засварлалт хийгээгүй, өдий хүртэл хадгалагдаж байна. Хоёр жилийн өмнө хэрмэн хашаанд сэргээн зассан.
Дээр үед манай хийдэд Монголчууд эргэл, мөргөлөөр их ирдэг байсан гэж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Учир нь хэлмэгдүүлэлтийн үед хөндөгдөөгүй, аравнай, сүншигтэйгээ амьд сахиус байдаг, адис жанлав оршсон газар гэж үздэг байсантай холбоотой.
Цаасан шуумал болон модон сийлбэрээр бүтээсэн бүтээлүүдийн өнгө будаг нь хүртэл маш гайхамшигтай харагдаж байна. Байгалийн шороон будаг, есөн эрдэнийн будгаар будсан зэрэг уламжлалт арга ухааны гайхамшиг өдгөө хүртэл сайхан байгаагийн нууц байхаа.
-Чойжин ламын музейг хосын музей гэж ярьдаг юм билээ. Энэ ямар учиртай юм бэ?
-Ядмын сүм буюу нууц тарни нандин шүтээний сүмд бясалгалын нууц тарнийн хос бурхад бий. Ур хийцээрээ гайхамшигтай бүтээл бол Өндөр гэгээн Занабазарын өөрийн гараар урласан Дээд амгалант цагаан буюу Дэмчиг гарав гэдэг бурхан.
Хүмүүс мэдээллийг их буруу тавьдаг учраас Дэмчиг гарав бархныг VIII ангийн Дүрслэх урлагийн номонд эх үр хоёр гэж бичсэн байдаг нь маш харамсалтай. Ямар ч судалгаа, мэдлэггүйгээр эцэг эх бурхдын бясалгал үйлдэж байгаа дүрээр оршиж байгаа хос бурхдыг эх үр хоёр гэж бичсэн байна.
Арга билгийг бэлгэдсэн бясалгалын дүрээр орших хос бурхад байдаг учраас хосууд энд ирж буян заяагаа даатгадаг, хостой болдог гэж бэлгэшээн ирцгээдэг. Үүнийг гуйвуулаад дурлалын сүм гэж яриад байгаа. Адис, жанлав, энерги шингэсэн учраас хүмүүс их ирж залбирдаг юм. Залбирал гэдэг нь нэг талаасаа дотоод сэтгэлээ засаж цэвэрлэж байгаа бас нэгэн бясалгал юм шүү дээ.
Занхан сүм буюу Догшидын орон сүмийн ард нууц хаалга байсан байна. Энэ хаалгаараа Нууц тарни, нандин шүтээний сүм рүүгээ ордог байсан. Энэ сүмд нууц тарнийн Ядам бурхад байдаг. Ядам гэдэг нь дээдийн дээд гэсэн утгатай. Энэ сүмдээ Чойжин лам Лувсанхайдав нууц тарниа бясалгадаг байсан бясалгалын сүм.
Гол шүтээн нь Энэтхэгийн 84 шидтэний нэг. Энэ нь Жавзан Дарнадын хувилгаан бөгөөд. Манай Богдууд бүгд Дарнадын хувилгаанууд гэж үздэг. Тиймээс гол шүтээнээ болгон залсан байна. Хойд талд нь сэнтий буюу Жамбийл гэж нэрлэдэг. Энэ сүмд Махамаяа, Дэмчиг гарав, Дүйнхэр, Жигжид, Оройн дээд Очир дарь, Нар хажид гэх мэт бурхад байна.
-Танай сүмд Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн бурхад хадгалагдаж байдаг гэж сонссон?
-Хотол чуулган тус Энх-Амгалангийн тив гэдэг нэртэй сүмд Өндөр гэгээний урласан бүтээлүүд хадгалагддаг. Найман хантай гэрийн загвараар бүтээсэн сүмийн онцлог нь Өндөр гэгээн Занабазарын бүтээлүүд хадгалагдаж байдаг учраас Өндрийн сүм, Өргөлийн сүм гэж нэрлэх нь бий.
Өндөр гэгээн Занабазарын мутрын бүтээлүүдийг залсан байсан учир Өндөрийн сүм гэж нэрлэжээ. Өндөр гэгээнийг XVIII зуунд бурхны шашны сэргэн мандалтыг авч ирсэн гэж үздэг. Түүний их, бага таван ухааныг өөрийн бүтээлдээ шингээж хийснээр Энэтхэг, Төвд, Хятад гэлтгүй дэлхий дахины хийцээс бүтээлүүд ялгардаг.
Өндөр гэгээний бүтээсэн Аюуш, Доржсэмбэ, босоо Майдар, Эрдэнэ гарагч зэрэг бурхад бий. Эдгээр бурхдыг Өндөр гэгээн XVII зуунд хүрлээр цутгаж, алтаар шармалдан бүтээсэн гэдэг. Өндөр гэгээний бүтээлүүд тэгийн онолоор буюу бурхны тэгийг маш сайн бүтээснээр ялгардаг. Мөн ямар нэгэн залгаасгүй шууд цутган хүний дотоод болон гадаад гоо сайхныг төгс гаргаж өгснөөрөө Энэтхэг, Төвд, Хятад хийцээс онцлог.
Бид Гол сүмээр диваажин тамын заагаар орчлонгийн хүрд бурхны номын хоосон чанарыг ойлгон өөрийн нисваанисын хорыг дарж Занхан сүмийн Чойжин сахиусаар хамгаалуулж, Зуугийн сүмийн Бурхан багшид мөргөл үйлдэн бурхны ном сонсон Ядам сахиусны хүчээр, Энхжингийн орон буюу Хотол чуулган тус Энх-Амгалангийн тив сүмд заларлаа.
Түмэн олноо ирж үзэн нүдээ баясган сэтгэлээ ариусгаасай гэж хүсч байна. Бидний өвөг дээдсээс уламжлагдан ирсэн, түүхэн болон урлагийн ховор нандин, үнэн цэнэтэй түүх соёлын өвийг хадгалж хамгаалах нь зөвхөн музейд ажилдаг хүмүүсийн үүрэг биш иргэн бүрийн эрхэм үүрэг юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!